Засгийн газрын хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж спортын бооцоот тааврыг зөвшөөрч, үүнээс бусад бооцоот таавар, тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн төслийг УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. Түүнчлэн, 2007 оны УИХ-ын тогтоолыг биелүүлэлгүйгээр Засгийн газар “Энержи Ресурс” компанийн хооронд байгуулсан Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай гэрээний холбогдох хэсгийг хуульд нийцүүлэн арга хэмжээ авахыг Ерөнхий сайдад даалгах гэсэн утгатай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар 2023 оны байдлаар эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдэж, 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмаас нийт 417,2 тэрбум төгрөгийн хохирол учирсан судалгаа гарсан. Насны бүлгээр нь авч үзвэл
-18-29 насныхан 9.2 хувийг
-30-39 насныхан 47.7 хувийг эзэлж байна.
Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцын мэдээллээс нэгтгэн дүгнэхэд манай улсаас нийт 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар гадаад улс руу шилжсэн байна. Зөвхөн 1Хbet-ээс манай улс руу зар сурталчилгааны зорилгоор 976 сая ам.доллар шилжиж ирсэн байна. Бүх төрлийн үйл ажиллагааг спонсорлох нэрийдлээр оруулж ирдэг.