Аялал жуулчлалын дэлхийн хамгийн том үзэсгэлэн болох ITB Berlin 2025-ын хүрээнд Монгол Улсын аялал жуулчлалын төлөөлөгчид хоёр дахь өдрөө олон улсын түнш байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, “Go Mongolia” арга хэмжээг зохион байгуулжээ.Берлиний Messe Berlin үзэсгэлэнгийн төвийн Hall-26C, Stand No. 301 байршилд зохион байгуулагдсан “Go Mongolia” арга хэмжээнд олон улсын аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцсон байна.Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Мандахбилэг нээлтийн үг хэлж, Монгол-Германы аялал жуулчлалын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолсон юм. Түүнчлэн АЖМХ-НЭЗХЭ-ийн Гүйцэтгэх захирал М.Нарангэрэл Монгол Улсын аялал жуулчлалын хөгжлийн бодлого, олон улсын түншлэлийн талаар танилцуулав.Энэ үеэр мөн Чингис хаан Үндэсний музейн Хаан найрал чуулга Монголын уламжлалт хөгжмийн гайхамшгийг “Их Монгол” болон “Адуу хураах дуу” зэрэг бүтээлүүдээр харуулж, зочдын сонирхлыг татлаа. Хаан найрал чуулгын бүжигчид Монголын хаадын ёслолын бүжгийг толилуулж, зочдод Монголын соёл, өв уламжлалын гайхамшгийг мэдрүүлсэн юм.Арга хэмжээний төгсгөлд оролцогчдод зориулсан хүлээн авалт болж, зочдод Монголын уламжлалт хоол, ундаа, үндэсний ундааг танилцуулахын сацуу бизнес уулзалтууд зохион байгуулагджээ.