Open iToim app
Эдийн засаг | 5 мин уншина

Монгол Улс ЕАЭХ-ны чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдвэл эдийн засгийн хувьд ямар үр нөлөөтэйг судалжээ

Монгол Улс ЕАЭХ-ны чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдвэл эдийн засгийн хувьд ямар үр нөлөөтэйг судалжээ
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 6
Монгол Улс Евразийн Эдийн Засгийн Холбоо /ЕАЭЗХ/-той чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудал оны өмнө нэлээд эрчтэй яригдаж байгаад түр намжсан. Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах Ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайхан ахалж байгаа бөгөөд тэрээр "Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах түр хэлэлцээрийг зогсоохгүй. Хугацааг нь хойшлуулаад үргэлжлүүлнэ" гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ хэлэлцээрт Монгол Улс нэгдэх асуудал хавраас дахин эрчимжих төлөвтэй байгаа аж.
Тэгвэл үүнээс урьдаж Монгол Улсын Их Сургуулийн Бодлогын судалгааны лабораториос Монгол Улс Евразийн Эдийн Засгийн Холбооны чөлөөт худалдааны хэлэлцээр нэгдэн орсноор гарах эдийн засгийн үр нөлөөний талаар судалгаа шинжилгээний бүтээл гаргажээ. Судалгааны үр дүнгээс танилцуулбал:
Тус ажлын хүрээнд дараах судалгааг хийсэн байна. Үүнд:
  • Монгол Улсаас ОХУ-д экспортолж буй болон ОХУ-аас импортолж буй зарим барааны үнийн дүнд гарах өөрчлөлтийг хэсэгчилсэн тэнцвэрийн загвараар тооцоолсон.
  • Монгол Улс, ЕАЭЗХ-той ЧХХ байгуулснаар гарах худалдааны өсөлтийг динамик Гравити моделийг ашиглан тооцоолсон.
  • Талуудын экспорт, импортын харьцангуй давуу талыг тооцоолж Монгол Улс, ЕАЭЗХ хооронд худалдаалах боломжтой барааг тодорхойлсон.
Монгол Улс импортын харьцангуй давуу талтай бөгөөд ЕЭЭЗХ-ны гишүүн 5 улс бүгд тэрхүү барааг экспортлох экспортын харьцангуй давуу тал бүхий 5 бараа, 4 улсаас импортлох боломжтой 11, 3 улсаас импортлох 46, 2 улс нь экспортлох боломжтой 67, аль нэг гишүүн улсаас импортлох боломжтой 64 нэр төрлийн бараа байна. 
Монгол Улсын гадаад худалдааны нөхцөл байдлын шинжилгээнээс харахад 375 нэр төрлийн бараа нь Монгол Улсын нийт экспортод маш бага хувийг эзэлж, жилээс жилд буурах чиг хандлагатай байгааг харуулж байгаа аж. Мөн уг судалгаанд Монгол Улс дотоодын үйлдвэрлэл, нийлүүлэлтээсээ илүүтэйгээр ЕАЭЗХ-ны орнуудаас импортлон хангах хамаарал өндөртэй байгааг харуулж байна гэдгийг онцлон тэмдэглэжээ.
  • Индекс нь нэгээс дээш гарсан 58 нэр төрлийн бараанаас БТКУС-ийн 51 дүгээр бүлгийн ноолуур, ноосны индекс хамгийн өндөр байгаа нь тус холбооны нэхмэл, сүлжмэлийн барааны орц болох боломжийг харуулж байгаа бол хүнсний бүтээгдэхүүнээс адууны мах болон БТКУС-ийн 16 дугаар бүлгийн боловсруулсан нөөшилсөн махны индекс өндөр байгаа ч тарифын бус шаардлагыг хангахгүй бол экспорт нэмэгдэх боломж муу болдог байна. 
  • Монгол Улсаас экспортлох боломжтой экспортын харьцангуй давуу тал бүхий 58 бараанаас 20 нэр төрлийн бараа нь ОХУ-ын, 19 нэр төрлийн бараа Казакстан улсын, 18 нэр төрлийн бараа Армен улсын, тус бүр 15 нэр төрлийн бараа Беларусь болон Киргизстан улсын импортын харьцангуй давуу талтай давхцаж байгаагаас үзэхэд, Монгол Улсаас эдгээр барааг нийлүүлэх боломж байгаа ч ЕАЭЗХ-ны орнуудад эрэлт бага байгааг харуулж байна гэсэн нь тус судалгааны онцлох нэгэн дүгнэлт болж байна.
  • Харин Монгол Улсын импортын бүтээгдэхүүний харьцангуй давуу талын индексийн шинжилгээнээс үзэхэд, хэлэлцээрийн хүрээнд ЕАЭЗХ-оос Монгол Улсын талаас гаалийн тарифыг “0” болгохоор санал оруулсан 375 нэр төрлийн барааны 73.6 хувь буюу 276 бараа импортын харьцангуй давуу талтай, түүнээс 227 барааг сүүлийн 5 жилийн 3-аас дээш жилд тогтмол импортолжээ. Үүнээс үзэхэд, хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын импорт илүү нэмэгдэх хандлага ажиглагдсан талаар судалгаанд дурджээ.
Түүнчлэн Монгол Улсад импортлох боломжтой импортын харьцангуй давуу тал бүхий 227 бараанаас 126 нэр төрлийн барааг Беларусь, 80 нэр төрлийн барааг Киргизстан, 77 нэр төрлийн барааг ОХУ, 59 нэр төрлийн барааг Казакстан, 58 нэрийн барааг Армен улсаас импортлох боломжтой буюу тэдгээр улсууд тус барааны хувьд экспортын давуу талтай байв.
Судалгаанд дурдсан худалдааны таталцлын Гравити загварын үнэлгээнээс харахад экспортын жинлэсэн дундаж зай 1 хувиар өсөхөд Монгол Улсын экспортын хэмжээ 0.096 хувиар буурах хандлагатай байгааг харуулж буй нь логистик, тээвэрлэлтийн өртөг нэмэгдэхийн хэрээр манай бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар сулрахыг илтгэж байгаа юм. ЕАЭЗХ-ны жинлэсэн дундаж татвар 1 хувиар өсөхөд манай улсын экспорт 0.11 хувиар буурах хүлээлттэй байгаагаар татварын орчин экспортыг сааруулах чиглэлд нөлөөлдөг нь тодорхой байгаа аж.
Цар тахал болон Орос, Украйны дайны нөлөөг илэрхийлэх дамми хувьсагчдын хувьд статистикийн ач холбогдолтой, Монгол Улсын экспортын хэмжээг өсгөх хандлагатай гарч буй нь сүүлийн жилүүдийн онцгой нөхцөл байдал дотооддоо тодорхой бараа бүтээгдэхүүнийг илүү нийлүүлэх, гадаад зах зээлд эрэлтийг өсгөх зэрэг эерэг тал бий болгосон байж болзошгүйг харуулж байна хэмээжээ. 
Мөн ЕАЭЗХ-ны дамми хувьсагч сөрөг утгатай ч статистикийн хувьд ач холбогдолгүй байгаа нь тус холбоотой холбогдох хэлэлцээр, хамтын ажиллагаа Монголын экспортын хувьд мэдэгдэхүйц ахиц авчраагүй, эсвэл бусад хүчин зүйлсийн нөлөө давуу байгааг илтгэж байна гэжээ.
Япон-Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр болон 2007-2008 оны хямралын хувьсагчдын сөрөг нөлөөлөл ч бас Монгол Улсын хувьд гадаад орчин, хоёр талт хэлэлцээрүүд болон дэлхийн эдийн засгийн тогтворгүй нөхцөл байдал нь импортын урсгалд үлэмж хэмжээгээр нөлөөлөх чадвартайг нотолж байгаа юм.
Манай улс ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар ОХУ-аас импортолдог архины импорт хамгийн их буюу 94.6 хувиар нэмэгдэх бол өтгөрүүлсэн эсвэл өтгөрүүлээгүй, сахар болон бусад чихэрлэг амтлагч, амт үнэр оруулагч нэмсэн эсвэл нэмээгүй, жимс, самар, какаогийн хольцтой эсвэл хольцгүй цөцгийт сүү, зөөхий, хоормог, тараг болон ферментжүүлсэн эсвэл исгэсэн бусад сүү, цөцгийний импорт 70.3 хувиар нэмэгдэх төлөвтэй байна.
Энэхүү судалгааны үр дүнгээс харахад, Монгол Улс ЕАЭЗХ-ны хүрээнд илүү өрсөлдөхүйц бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай бөгөөд дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлого хэрэгжүүлэх нь чухал байгаа аж.
Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны хэлэлцээр нь экспортын зах зээлийг өргөжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой боловч нөгөө талаараа дотоодын үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг дээрх судалгааны материал голчлон анхааруулжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсыг ЕАЭЗХ-той худалдааны хэлэлцээр байгуулахыг дэмжиж байгаа бөгөөд 2024 оны есдүгээр сард Монгол Улсад айлчлахдаа эл асуудлаар Ерөнхийлөгч нар зарчмын байр сууринд хүрсэн гэсэн мэдээлэл бий. Гэсэн хэдий ч хэлэлцээрийн талаар Монгол Улсын эцсийн шийдвэр хараахан гараагүй бөгөөд яриа хэлэлцээ үргэлжилж байна. Мөн эдийн засгийн нарийн тооцоо судалгаа, дотоод зах зээлийн үнэлгээ, эсдэлийг тооцох нь хамгийн чухал юм.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн