Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн iToim.mn сайт үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан “Нийтлэлч Отгонбаяр” сангаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг зарласан билээ. Энэхүү тэргүүн нийтлэлийн уралдаанд Сүхбаатарын өнгө сонины эрхлэгч Д.Улаанаагийн ирүүлсэн бүтээлийг хүргэж байна. 
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас 70 километр яваад Бичигт боомтод очно. Сүүлийн хэдэн жил уг боомтоор хил гараагүй учир очоод мэл гайхав. БНХАУ-ын Шилийн гол аймгийн Улиастай хот шиг өөрчлөгдөн хөгжсөний гайхширал биш л дээ. Эсрэгээрээ гэвэл үнэнд нийцнэ.
Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уурхайнуудын олборлосон баяжмалыг зөөдөг том том ачааны машинууд хойд талд нь нэг суурин аятай эгнэж хилээр гарах ээлжээ хүлээнэ. Цайрт минериал ХХК-ийн баяжмал ч энэ боомтоор дамжин хилийн цаана очдог. Тэдгээр хүнд даацын машинуудын явсан шороон замын тоос боомтын орчныг сааралтуулан бүрхэнэ. Очсон өдөр салхитай байсныг ч хэлэх үү. Нэг л зэврүүн тухгүй. Олон улсын боомт хэр нь тэнд барьж байгуулсан, өөд нь татаж өнгө төрхийг нь шинэчилсэн зүйл нэгээхэн ч үгүй нь өр өвдөм гунигтай.
Уг нь Бичигт боомтыг цэмбийтэл өөд нь татах боломж манай улсад бүрэн бий дээ... гэж боомтод амьдардаг болон Эрдэнэцагаан нутгийн иргэд хэлсэн. Үнэндээ манай боомт арай л биш байна... хэмээн гаслах хүмүүстэй ч таарав. Тэгж хэлэхээс аргагүй нөхцөл тэнд үүссэн байлаа.
Хоёр улсын хилээр хүн тээдэг автобусны тасалбар бичүүлэхээр нэг намхан байшинд орлоо. Голдоо жижиг хивс дэвссэн тохижилт гэхээр юмгүй байшинд нэг бүсгүй тасалбар бичнэ. Олон хүний хөлөөр татагдан орж ирсэн тоос шороо нь тэр хүйтэн байшингийн доторхыг улам зэвэргэн болгоно. Тасалбар бичиж буй бүсгүй зузаан куртка, малгай ороолттой сууна. Тэгэхээс аргагүй хүйтэн хөндий амбаар шиг жижигхэн байшин.
Боомтын сэргэлт гэсэн сүржин хэллэгийг манай улсын эрх мэдэлтнүүд ам дүүрэн ярьж, бүр боомтын сайдтай болсон хэр нь улсынхаа нүүр царай болсон энэ жижигхэн боомтоо яагаад өөд нь татаж болдоггүй юм бол... халагламаар хэцүү дүр төрхийг Бичигт боомтоос л харна.
Урд хөршөөс орж ирж буй иргэдэд үйлчилдэг шалган нэвтрүүлэх байрны багтаамж ч хангалтгүй. Арваад хүн ороод үлдсэн нь гадаа зогсож хүлээнэ. Хүйтэн өдөр хүүхдээ дагуулсан хүмүүс болоод бусад хүмүүст ч гадаа зогсох хэцүүхэн.
Бичигт боомтоос Хятад улсын Хатавч боомт хүрмэгц шугам шиг сайхан засмал зам тосон авч цаашлах тусам хөгжлөөрөө дэлхийд гайхуулж буй тус улсын хошуу, хотууд үргэлжилдэг. Гэтэл Монгол Улсынхаа хилээр орж ирмэгц дээр өгүүлсэн эмгэнэлтэй гэмээр дүр төрх угтах нь гашуунаас гашуун...
Энэ боомтоор зөвхөн монголын баялаг гадагшаа гардаг юм биш үү... хэмээсэн нутгийн иргэний үг Бичигт боомтын өнөөгийн гашуун үнэнийг хэлээд өгнө.
Тоос шороо манарсан, эзэнгүй айл шиг эмх замбараагүй, эзэнгүй айл шиг манай улсын Бичигт боомт АВРАЛ ЭРЖ БАЙНА.
Нэг нааштай мэдээ нь Сүхбаатар аймаг 2024-2028 онд хэрэгжүүлэх эдийн засгаа тэлэх 10 төслийн нэгд Баруун-Урт бичигт чиглэлийн даацын зам мөн Бичигт боомтын сэргэлт төслийг эрчимжүүлэх төслүүдийн тухай өнгөрсөн 7 хоногийн пүрэв гарагт болсон аймгийн ИТХ-аар яригдана лээ.
Эдгээр төсөл амжилттай хэрэгжиж гэмээ нь Бичигт боомт, цаашлаад бидний газар нутаг аврагдах гарц байж ч мэдэх юм.
Хамгийн гол нь Боомтын захиргаа гэдэг төрийн байгууллага ажлаа хариуцлагатай хийж, энэ мэт эзэнгүйдсэн, эмгэнэл нүүрлэсэн боомтуудаа авраач. Эсвэл орон нутагт нь боомтоо хариуцах эрх мэдлийг нь бүрэн дүүрэн өгвөл байдал ийм байхгүйг цаг хугацаа гэрчлэмз.