Open iToim app
Анализ | 8 мин уншина

Их тэнгэр дэх ДЕ ФАКТО!

iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 6
Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн iToim.mn сайт үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан “Нийтлэлч Отгонбаяр” сангаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг зарласан билээ. Энэхүү тэргүүн нийтлэлийн уралдаанд сэтгүүлч С.Гандөлийн ирүүлсэн бүтээлийг хүргэж байна.
undefined
undefined
У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд. Улстөрч хүний хамгийн өндөр карьерийн оргилд хүрсэн гурав. Нэгэн цагт Монгол Ардын Нам хэмээх улс төрийн ууган хүчний удирдлагад багтаж, бас Үндсэн дүрэмд захирагдаж явсан тэднээс өнөөдөр У.Хүрэлсүх бүх ард түмнийг, Д.Амарбаясгалан парламентыг, харин Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрыг төлөөлөх эрх ямба эдэлж байна. Ялгаатай нь, 2016-2024 оныг хүртэл Монгол Төрийн бодлого зөвхөн МАН-ын “Цагаан ордон”-оос гарч асан бол Д.Амарбаясгалан парламентын спикер болсон цаг үеэс Богдхан уулын бэлд орших Их тэнгэр цогцолборт албан ёсоор буурь сэлгэснийг энд сийрүүлэх гээд байгаа юм. Аман дээрээ Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүн өөр хоорондоо эв түнжинтэй юм шиг энд тэндэхийн ёслолын арга хэмжээнд нүүрний баясгалан тодруулан хорших ч ачир дээрээ Монголын жинхэнэ дарга нь хэн нь вэ? гэсэн асуултын тэмдэг бүхий улс төрийн тоглолт Их тэнгэр орчмоос гарах болсоор удлаа. Ийн тодотгох болсныг одоо өгүүлэх гурван жишээнээс харж болно. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав хуулийн дагуу сонгогдож, томилогдсон Монгол Төрийн тэргүүн албан тушаалтнууд мөн үү мөн. Гагцхүү улс төрийн өрөг бүр нь Де факто нөхцөл рүү шилжсэн нь ирэх хаврын чуулганаас илүү тодрох нь.
1.
“Монгол Улсын Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэсэн Үндсэн хуулийн 30.1 дүгээр заалт хазаарлаж буйгаас У.Хүрэлсүх хэзээнээсээ улс төрд “дүрэм”-гүй тоглогчийн дүр бүтээж ирсэн нэгэн. МАСЗХ-г үүсгэн байгуулахдаа, УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллахдаа, Зүүний хүчний холбоог “өлгийдөж” жигүүрлэхдээ, генсек болохдоо, Ерөнхий сайдын тамга атгахдаа ч тийм явсан. Өдгөө тэрхүү араншин нь үе үехэн цухалдаг л юм. Өөрөө ч түүнийгээ нуудаггүй эсрэгээрээ тэсэрдэг. Бүр нэр цохон хууль юм шиг үүрэгддэг. Үүнийг цэргийн суурь хүмүүжилтэй нь холбож хардаг, хүлээн зөвшөөрдөг нь ч бий. Тийм ч байж болох.
Танхимынхаа 50 хувьтай тэнцдэг гэдгээрээ хувь улстөрчөөс асар том хариуцлага бас нарийн мэдрэмж шаарддаг албан тушаал нь Ерөнхий сайдын сэнтий. Албан тушаал нь өөрөө том учраас зангараг, зарчмыг зэрэгцүүлж явахаас өөр сонголт үгүй. Цөөхөн хэрнээ даацтай, шийдэмгий дуугарах нь улстөрч хүнд, улсын Ерөнхий сайдад байх ёстой энгийн соёл нь. Гэвч байрны түлхүүр гардуулж, барилгын ажилтай танилцаж, бусдыг загнаж, зандрахаас өөрөөр бодлогын хэмжээний томоохон тоймтой шийдэлд хүрдэггүй, ердөө л хар өмсгөл, хар шилтэй Ерөнхий сайдын имиж У.Хүрэлсүхийн өнгөрсөн намтарт, нийгмийн ой тоонд үлджээ. Хатуу ч гэсэн үнэн нь ийм.
Харин өнөөдөр Монгол Улсыг гадаад, дотоодод төлөөлөх Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлээд дөрөв дэх жилтэйгээ золгов. Энэ хооронд “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Хархорум хот” зэрэг үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, “Засаг цаг-Засах цаг” нэвтрүүлэг нь “Нэг Монгол” болж нэрээ өөрчилснөөс өөрөөр бүрэн эрхийнх нь талаас дээш хувь дуусгавар болж байх шиг. Авууштай нь У.Хүрэлсүх Төрийн тамга атгаснаасаа хойш хууль, шүүхийн байгууллагын “толгой”-д салхи оруулж, “Хонгил”-ын түлхүүр атгахыг урьтал болгоогүй. Магад “Хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно” хэмээх тангарагын үг одоо ч цээжинд нь уяатай явдагтай холбоотой байж мэднэ. Гэхдээ цаг хугацаа өөрөө үнэний хэмжүүр гэдэгчлэн үе үеийн Ерөнхийлөгч нараас хамааралтай явж ирсэн прокурорын байгууллагын удирдлагад өөрчлөлт оруулах хуулийн хугацаа ирэх дөрөвдүгээр сард “нээгдэнэ”. Одоогийн Улсын ерөнхий прокурорын бүрэн эрх дуусгавар болох учраас.
Өргөдлийг нь өөрөөр нь өгүүлдэг эс бөгөөс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр хүртэл чөлөөлж, огцруулж, томилж асан Төрийн хууль цаазын Тэргүүн зөвлөхийн орон тоонд Ерөнхийлөгчийн зүгээс хэнийг нэр дэвшүүлэх нь мэдээж сонирхолтой. Угаас Улсын ерөнхий прокурор гэдэг хэн нэгнийг Зөвлөхөөр томилохоос тэс ондоо. Хуулийн босго, шалгуур басчхүү томилгооны сонсголоор оруулдаг, УИХ-ын чуулганаар дэнсэлж, эцэслэн томилдог онцгой субъект. Үндсэндээ дараагийн Ерөнхий прокурор хэн байх эсэх нь 126 гишүүнтэй анхны парламент, МАН, АН, ХҮН-ын Хамтарсан Засгийн газрыг чиглэх Ерөнхийлөгчийн улс төр “бай”-ндаа тусах, үгэнд оруулахад голлох үүргийг гүйцэтгэнэ.
Ирэх оны тавдугаар сард Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох нь ч мөн цаг хугацааны давхцал биш. Бүрэн эрхээ дуусгавар болохоос урьтаж прокурорын байгууллага, шүүхийн удирдлагад өөрийн “шошго”-той нэгнийг нэр дэвшүүлж, томилох тооцоолол нь У.Хүрэлсүхийн эртнээс төлөвлөсөн алсын хараа байсан нь ойлгомжтой. Хэтийн улс төрд нь ч хэрэгтэй. Бүх юм нь хуулийн хугацаандаа тааруулж хийх болохоор эргээд өөр рүү ирэх сөрөг довтолгоо бараг ирэхгүй. Эрхбиш 1991 оноос намын байгууллагатай ажил, амьдралаа холбосон хүнээс энэ зэргийн ухаан гарах нь зүй. Ерөнхий сайдын суудлаасаа сайн дураар огцорч, өрсөлдөгчгүйгээр нутгийн дүүдээ албан тушаалаа шилжүүлснээс хойш ахын хувиар дэмжлэг үзүүлж явсан тэрбээр гэнэт сэрсэн юм шиг улсын төсөвт бүхэлд нь хориг тавьж, үргэлжлүүлэн шахмал түлшний асуудлыг хөндсөн нь ардаа шалтгаантай. Мөнхийн эрх ашгийн дор найзууд дайсан болж дайснууд найз болдог нь өөрөө улс төрийн зүй тогтол.
2.
2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулснаар генсек Ж.Мөнхбат Хэрэг эрхлэх газрын дарга болж дэвшихэд орыг нь залгах хүнээр Д.Амарбаясгалан тодорч байв. НИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, Бүлгийн дарга явсан тэрбээр эрх баригч намын “эзэгтэй”-н хувиар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон ч ялагдсан түүхтэй. Үндсэн дүрэм, өмнөх уламжлалаараа МАН-ын дарга, генсек хоёр нь хариуцлага хүлээх ёстой. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Сү.Батболд, У.Хүрэлсүх, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нар МАН-ын дарга, генсекийн албанаасаа бууж байсан шиг. Гэвч Засгийн газраа унагааж 30 дахь Ерөнхий сайд болсон У.Хүрэлсүх ганцхан хүнийг албан тушаалтай үлдээсэн нь бас л Д.Амарбаясгалан. Намын даргатайгаа ч сайн хоршсон. Үр дүнд нь М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулж, үндсэндээ “Хотын фракц”-ын олон жилийн ноёрхлыг улс төрөөс бүдгэрүүлсэн.
Чингэж явсаар 2020 оны сонгуультай золгоход хаалтгүй дэвших эрхтэй МАН-ын Хоёрдугаар хүн арын фронтод үлдсэн юм. Магад У.Хүрэлсүхийн тэргүүлсэн “Ардын” гэх тодотголтой Засгийн газрын үед ЖДҮ-ээс зээл авсан УИХ-ын гишүүд, сайд, дарга нарын дунд өөрөө болон хамаарал бүхий этгээдүүдийнх нь нэр дурдагдсан нь сонгуульд нэр дэвшихэд сөрөг оноо болж буухыг гадарласан байж болох. Гэхдээ л Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, МАН-ын дарга болсноос жил гаруйн дараа танхимынхаа 50 хувийг сэлгэн томилоход Д.Амарбаясгалан Хэрэг эрхлэх газрын даргаар очсон нь зарим шүүмжлэлийг дагуулж байлаа. Гэдэг нь МАН-ын Үндсэн дүрмийн 29.2-т "Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно" гэсэн заалт бий ч Хэрэг эрхлэх газрын дарга, генсекийн албыг хавсран гүйцэтгэсээр шинэ парламенттай золгосон нь намтрынх нь нэгээхэн хэсэг.
Угтаа дотоод асуудлаа гадагшаа ил гаргадаггүй, тогоон дотроо үлдээдэг, намын бодлогоо ягштал баримталдаг МАН шиг институцийн Ерөнхий нарийн бичгийн дарга нь хоёр жилийн турш Үндсэн дүрмийнхээ агуулгыг баллуурдаж явахад сөрөх, шүүмжлэх нэгэн бараг гараагүй нь хоёр парламент, гурван Засгийн газар дамнасан найман жилийн хугацаанд Д.Амарбаясгалангийн нөлөө ямар хэмжээнд хүрснийг илтгэнэ.
Өдгөө тэр бол хууль тогтоох дээд байгууллагын дарга. Чуулганы нэгдсэн хуралдааныг зохион байгуулах, удирдах, хууль баталж, алх цохих нь түүний үндсэн үүрэг ч төдийгөөс өдий хүртэл бий болгосон хүрээлэл, байр суурь нь ирэх гурван жилд Д.Амарбаясгалангийн жинхэнэ мөн чанарыг таниулж, тодруулах учиртай. Хөшигний ард хамаг тохироог хийж явсан тэрбээр УИХ-ын чуулганы танхимд ямар дүрээр үлдэх нь цаг хугацааны л асуудал.  Хүн нь хүсвэл, хувьсгалын тохироо нь бүрдвэл УИХ-ын даргын сэнтий хэдий хэмжээний хүчтэй улс төр хийж болдгийг З.Энхболд спикерээр ажилласан он жилүүд хангалттай харуулж, Монгол Төрийн ой санамжид шигтгэсэн түүхтэй.
3.
Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын үеэс амь орж, аранга дэгдээж эхэлсэн Авлигатай тэмцэх газрын даргын томилгоо саяхныг хүртэл Ерөнхийлөгчөөс хамааралтай байв. Харин Авлигын эсрэг хуулийн өөрчлөлтөөр энэхүү онцгой эрх Ерөнхий сайдын мэдэлд шилжсэн юм. Аль 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд оруулсан өөрчлөлтөөр. Шинэ жилийн уур амьсгалтай “Ковид”-ын цар тахал зэрэгцсэн үе. Гагцхүү хуулийн эл өөрчлөлтийн дагуу дараагийн даргыг томилох анхны Ерөнхий сайд нь Л.Оюун-Эрдэнэ. Учир нь, одоогийн дарга З.Дашдаваагийн бүрэн эрхийн хугацаа ирэх тавдугаар сард дуусгавар болно. Хуулиар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг нэг удаа улируулж болох заалттай ч өмнөх Ерөнхийлөгчийн томилгоотой хүнийг үлдээх эсэх нь эргэлзээтэй. Магадлал нь тун бага.
Шалтгаан нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрх мэдлээ хадгалж үлдэх, өнөөгийн барьцаа улам лавшруулах хамгийн том боломж нь Авлигатай тэмцэх газрын даргын томилгооноос бүрэн хамаарч таарна. Тэнгэрийн умдаг атгахтай л адил. Шүүгч, прокурор, цагдаа, тагнуул тэргүүтэй хууль, хүчний байгууллагын алба хаагчийн холбогдсон хэргийг шалгадаг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж, АТГ-т нэгтгэх замаар эрх үүрэг, статусыг нь улам томруулснаас хойш 12 жилийн өнгөрч байна. Харин энэ удаад тэрхүү байгууллагын удирдлагыг Ерөнхийлөгч биш Ерөнхий сайдын санал болгосноор УИХ-аас томилох хуулийн заалт хүчин төгөлдөр мөрдөгдөх нь. Монголын улс төрд зүгээр ч нэг үзэгдэл биш юм. Авлигатай тэмцэх нь Засгийн газрын үндсэн үүрэг ч түүнийг гардан хэрэгжүүлэх тусгай байгууллагын удирдлага Ерөнхий сайдаас шууд хамааралтай болох нь АН гэхээсээ Ардын Намынханд халтай.
Бүтэн найман жил үнэмлэхүй засаглаж, тэр хэрээрээ албан тушаалд бялуурсан МАН-ын автортой томилгоонд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нөлөө ч бий. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан оролцоо ч яваа. Тэгэхээр “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгөө, мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” хэмээх Л.Оюун-Эрдэнийн үг бодитой, бас биеллээ олох нь АТГ-ын удирдлагад хэн очихоос тодорхой болох нь. Энэ хэрээр Ерөнхийлөгчийн, УИХ-ын даргын эрх ашгийг ч хөндөж мэднэ. Хөгжлийн банк, нүүрсний хулгай, Засгийн газрын тусгай сангуудтай холбоотой олон зуун хавтаст хэргийн материал АТГ-ын мөрдөгчийн шүүгээнд яваа. Сүүлд үе үеийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийг нэгтгэсэн 10 мянган хуудас материалыг Хэрэг эрхлэхийн дарга Н.Учрал Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын хувиар АТГ-т өөрөө гардуулж байв. Үүл баатарыг оруулж тооцохгүй бол үе үеийн Засаг дарга гэдэг ангилал ерөөс МАН-ынханд наалдана. Өнгөрсөнд ч, өнөөдөртөө ч. Ийм нөхцөлд Л.Оюун-Эрдэнийн ээлжит нүүдэл ирэх дөрөв, тавдугаар сарын улс төр, нийгмийн уур амьсгалыг бүрэн тодорхойлохоор байна.
Эндээс харахад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын хөшигний ар дахь албан бус зөрчил ил гарах эсэх нь Улсын ерөнхий прокурор, АТГ-ын даргаар хэн очихоос хамаарч мэдэх нь. Гагцхүү УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ч энэ хоёр улстөрчийн хэнийх нь талд зогсох вэ гэдэг нь сонирхолтой агуулга, хожмын улс төрийн өнгийг зураглана. “Сайн нөхөр”-өө түших эсвэл “Сайн ах”-даа хариу барих эсэхийг гагцхүү парламентын спикерийн эрх ашиг л шийднэ.
Эсрэг талд Ерөнхийлөгч асан Х.Баттулга энэ бүгдийг зүгээр хараад суухгүй. Дайран дээр давс хийх нь түүний хамгийн сайн сурсан улстөрчийн технологи учраас. Яг л Михайлд бодол бий гэдэг шиг.
undefined

iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн