Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн iToim.mn сайт үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан “Нийтлэлч Отгонбаяр” сангаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг зарласан . Энэхүү тэргүүн нийтлэлийн уралдаанд www.Graph.mn сайтын сэтгүүлч Ж.Номингийн ирүүлсэн бүтээлийг хүргэж байна. 
Нийслэлд саяхан хэд хэдэн албан тушаалын томилгоо явсан. Тодруулбал, Гэрлэх ёслолын ордны захирлаар НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзулыг, Соёлын төв өргөөний даргаар НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяаг томилсон.
Үүнээс гадна Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хоёр орлогчтой байх ёстой Нийслэлийн Засаг дарга маань албан бусаар таван орлогч даргатай болсон. Тодруулбал, Хамтарсан Засгийн газрын зүгээс нийслэлд өөрийн хүмүүсээ томилсон бөгөөд “Бүтээмжийн менежер” буюу орлогчийн статусаар томилж эхэлсэн билээ.
Одоогийн байдлаар АН-аас НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан, МАН-аас НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр нарыг менежерийн статустай томилсон. Харин ХҮН намаас Э.Золзаяаг томилох шуум гараад амжсан байдаг.
Нийслэлийн хувьд утаа, түгжрэл, дэд бүтцийн хүртээмж, цахилгаан эрчим хүчний хомсдол гэхчлэн түмэн асуудал байгаа. Гэтэл энэ дунд бидний мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөдөг нэг асуудал нь албан тушаалын “бэлэг”.
Давхар дээлтэй 27 төлөөлөгч
2024-2028 онд нийслэлийн иргэдийг төлөөлөн суух 45 төлөөлөгч өнгөрсөн оны 10 сард сонгогдсон. НИТХ-ын төлөөлөгч нарыг нийслэлийн харьяа агентлаг, төсөвт өмчит байгууллагыг толгойлуулахаар томилдог нь нууц биш, ил асуудал.
Одоогийн байдлаар НИТХ-ын 45 төлөөлөгчөөс “давхар дээлтэй” болон Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын халаасанд орсон 27 төлөөлөгч байна. Тодруулбал,
Т.Даваадалай - Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч
А.Амартүвшин - Нийслэлийн Засаг даргын хоёрдугаар орлогч
Г.Ууганбаяр - Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан зөвлөх
Н.Мандуул - Чингэлтэй дүүргийн Засаг дарга
Ө.Сумъяабаатар - Баянгол дүүргийн Засаг дарга
М.Алтангэрэл - Сүхбаатар дүүргийн Засаг дарга
Ц.Баттөр - Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
Г.Жаргалсайхан - Баянзүрх дүүргийн Засаг дарга
Д.Наянбаяр - Налайх дүүргийн Засаг дарга
Б.Цэрэн - Хан-Уул дүүргийн Засаг дарга
С.Даваасүрэн - Багануур дүүргийн Засаг дарга
Г.Батзориг - Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд УБЗАА-ны дарга
Ж.Сандагсүрэн - Улаанбаатар хөгжлийн корпораци ХК гүйцэтгэх захирал
З.Төмөртөмөө - Улаанбаатар орон сууцжуулалт ХХК гүйцэтгэх захирал
Ц.Төрхүү - Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга
Ж.Энхжаргалан - Төв цэнгэлдэх хүрээлэн гүйцэтгэх захирал
Л.Хосбаяр - “Бүтээмжийн менежер” /Нийслэлийн Засаг даргын орлогчийн статустай/
Д.Бадарсан - “Бүтээмжийн менежер” /Нийслэлийн Засаг даргын орлогчийн статустай/
Л.Ариунтуяа - Соёлын төв өргөөний дарга
Ч.Мэндбаяр - Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ дарга
Б.Мягмар - “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн гүйцэтгэх захирал
Ү.Оюунзул - Гэрлэх ёслолын ордны захирал
Д.Ундармаа - Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга
Б.Хуягбаатар - Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын захирал
Б.Эрдэнэсүх - Сүхбаатар дүүргийн 16-р хорооны Засаг дарга
Энэ 25-аас гадна “давхар дээлтэй” гэвэл НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөн Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Түүний хувьд нийслэлийн харьяа байгууллагын дарга бус Хөрөнгийн биржийн захирлын албан тушаалыг хашиж буй. Гэвч саяхан 500 сая долларын бонд гаргасан нийслэлд Хөрөнгийн бирж их, бага хэмжээгээр нөлөө үзүүлэх магадлалтай гээд хардчихад буруутахгүй.
Түүнлэн төлөөлөгч Б.Ану-Үжин бий. Түүний хувьд МАН-ын харьяа байгууллага буюу СДМЭХ-ын Нийслэлийн салбар холбооны даргаар ажилладаг. Мэдээж түүний дээд удирдлага нь Нийслэлийн МАН-ын дарга буюу Хотын дарга Х.Нямбаатар. Тэгэхээр Х.Нямбаатарын халаасанд нийслэлтэй, нийслэлгүй орчхож байгаа юм. Ийнхүү Б.Дөлгөөн, Б.Ану-Үжин хоёрыг нэмээд 27 төлөөлөгч болж байна.
Тэд Х.Нямбаатартай ингэж холбогддог
Эргээд яг нийслэлээс “давхар дээл” нөмөрсөн 25 төлөөлөгч рүүгээ орцгооё.
Хамгийн эхний хүн бол мэдээж Хотын даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай. Инженер мэргэжилтэй түүнийг “Бодь” группийн хүн гээд хэлчихэд буруутахгүй. Учир нь 2021 оноос хойш “Бодь Интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төсөл хариуцсан захирал, 2022 оноос хойш “Бодь” группийн “R&D” төвийн даргаар давхар ажиллаж байсан нэгэн. Үүнээс гадна Хотын дарга Х.Нямбаатарын үе үе газар дээр нь очиж ажилладаг Бөөрөлжүүтийн цахилгаан станц нь “Бодь” группээс хэрэгжүүлж буй төсөл юм. Нийслэлийн зүгээс тус цахилгаан станцын төсөл дээр бодлогын дэмжлэг үзүүлж, Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг нэмнэ хэмээж байсан. “Бодь” групп цахилгаан эрчим хүчээ нийслэл рүү нийлүүлж, оронд нь өөрийн хүнээ хотын удирдах албан тушаалд шургуулж, НИТХ-д суудалтай болгож байна гээд хардаж болохоор л өнцөг. Ташрамд, Т.Даваадалайгийн төрсөн дүү Т.Мөнхдалай нь “Улаанбаатар метро төсөл”-ийн менежер, захирлаар ажиллаж буй.
Харин Хотын даргын хоёр дахь орлогч А.Амартүвшингийн хувьд ХУД-ээс сонгогдож, НИТХ-ын төлөөлөгч болсон. ХУД-ийн ЗДТГ-т Засаг даргын орлогчоос эхлээд дүүргийн төлөөлөгчөөр ажиллаж байсан тэрбээр 2024 оны НИТХ-ын сонгуулиар тойргоосоо нэгээр гарч ирсэн нэгэн. Түүний хувьд яг энэ гээд Х.Нямбаатар даргатай наалдчих урьд өмнийн түүх байхгүй ч одоо хашиж буй албан тушаал нь аль хэдийнэ “Хотын даргынхаа халаасанд орсон төлөөлөгч” гэх сэтрийг өгчихөж байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан зөвлөхөөр томилогдсон НИТХ-ын төлөөлөгч Г.Ууганбаярын хувьд Хотын дарга Х.Нямбаатарын “унаган” тойрог болох Сонгинохайрхан дүүргээс ажлын гараагаа эхэлсэн хүн. Сонгинохайрхан дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаас УБЗАА-ны Тохижилт ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга хүртэл ажиллаж явсан юм.
Үүний дараа дүүргийн Засаг дарга нарыг дурдаад илүүц биз. Ихэнх дүүргийн Засаг дарга нар нь өмнө нь тухайн дүүргээ засаглаж явсан эсвэл орлогчоор нь ажиллаж байсан хүмүүс. Харин энэ дунд онцлох нэгэн төлөөлөл нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул. Н.Мандуулын хувьд Хөгжлийн банкны захирлын албан тушаалаасаа бууснаас хойш хэд хэдэн байгууллага солиод амжсан. Харин хамгийн сүүлд төлөөлөгч болохоосоо өмнө Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан юм.
Дараагийн онцлох Засаг дарга бол Сонгинохайрхан дүүргийн Засаг ноён Ц.Баттөр. Ажлын гараагаа Сонгинохайрхан дүүргээсээ эхэлсэн тэрбээр дүүргийнхээ тамгын газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, УИХ-ын гишүүний зөвлөх хүртэл хийж явсан. Харин 2020-2024 оны хооронд НИТХ-ын төлөөлөгч, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байсан юм. Ийнхүү 2024 оны НИТХ-ын сонгуулиар дахин сонгогдож, улмаар ажлын гараагаа эхэлсэн дүүргийнхээ Засаг ноён болж чадав.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд ЗАА-ны дарга Г.Батзоригийн хувьд мөн л Сонгинохайрхан дүүргийн хүн. 2007 оноос хойш тус дүүрэгт ажиллаж явсаар 2020 оноос Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга, даргаар тус тус ажилласан. Мөн 2024 онд 6 сарын хугацаанд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга, Нийслэлийн Ерөнхий архитектораар ажилласан юм. Ийнхүү 2024 онд төлөөлөгчөөр сонгогдонгуутаа Нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр томилогдож, дараа нь салбараа гэнэт өөрчлөн, Улаанбаатар хотын Ерөнхий менежер гэх хот нийтийн аж ахуйн чиглэл хариуцсан албан тушаалд суусан нэгэн.
Ж.Сандагсүрэн, З.Төмөртөмөө хоёрыг мэдэхгүй хүн ховор болов уу. Өмнөх Засаг Д.Сумъяабазарын орлогч даргаар ажиллаж байсан тэд 2024 оны сонгуульд дахин сонгогдож, хоёул давхар дээл нөмөрсөн байна. Ж.Сандагсүрэнгийн хувьд мөн л Сонгинохайрханы “уугуул” улстөрч гэдгийг сануулахад ч илүүц байх. Харин З.Төмөртөмөөгийн тухайд Чингэлтэй дүүргээс “сонгогддог”. Улс төрийн хүрээндээ боловсрол нимгэн, “цүнх баригч” гэдгээрээ алдартай тэрбээр УИХ-ын дарга асан Г.Занданшатарын “хүн” билээ.
Ц.Төрхүүгийн тухайд мөн л “Сонгинынх”. Өмнө нь хэдий Сүхбаатар дүүргийн газрын албанд олон жил ажилласан ч өөрийгөө “Сонгинохайрхан дүүргийн унаган хүүхэд” гэж ярьж явдгийг сонссон хүн олон байх. Түүний хувьд 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад 2016 оноос хойш одоог хүртэл УСУГ-ын даргаар ажиллаж байна. Дунд нь бас Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн сэтрийг зүүж, Урт цагааны барилгыг буулгаад авсныг дурдахгүй өнгөрч болохгүй.
“Драгон холдинг” компанийн захирал С.Баяртын хүргэн, “Би Ар Би” компанийн захирал, XMF хөгжмийн фестивалийн зохион байгуулагч гэдгээрээ алдартай Ж.Энхжаргалан НИТХ-ын төлөөлөгч болсон. Төлөөлөгч болохоосоо өмнө гэнэтхэн л Х.Нямбаатарын бөөрөнд наалдаж, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх, “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийн захирлаар томилогдсон. Түүний хадам аав С.Баярт Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга хийж явсан хүн. Бас л “Сонгинынх”. Тухайн үед түүний удирдлага дор одоогийн Хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байсан гэх ч яриа бий. Тэгвэл Ж.Энхжаргалан төлөөлөгчид нэр дэвшихийн тулд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн захирлын албан тушаалаа өгч байсан. Гэтэл нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр төлөөлөгч болонгуутаа буцаад уг албан тушаалдаа заларсан. Хөгжмийн фестиваль зохион байгуулдаг, энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг компанитай хүнд яагаад Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал гэх албан тушаалыг өгөв? Албан тушаалын ард ямар яриа өрнөсөн бол гэдэг нь сонин.
Л.Хосбаяр гэх төрийн албан хаагч эмэгтэй гэнэт тодров. Х.Нямбаатарыг Хотын дарга болоход нь ХЗДХЯ-наас дагаж ирсэн тэрбээр шууд НЗДТГ-ын дарга болсон. Харин 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа шууд Хотын даргын хоёрдугаар орлогч болж, 10 дугаар сард нь Хан-Уул дүүргээс НИТХ-д сонгогдсон нэгэн. Хотын даргын орлогч хийж явсан хүн юу гэж хоосон хоцрох вэ дээ. Төрийн хэмнэлтийн хуулиараа хоёр орлогчтой байх ёстой Хотын дарга маань “Бүтээмжийн менежер” гэх орлогчийн статустай албан тушаал гаргаж, нэг менежерээр нь өөрийн хүн болох Л.Хосбаяраа томилсон нь энэ.
Д.Бадарсанг харин шууд Хотын даргын хүн гэхэд хэцүү. Учир нь хамтарсан Засгийн газрын хүрээнд гурван намаас нэг нэг хүнээ ийнхүү “Бүтээмжийн менежер”-ээр томилсны дүнд АН-аас төлөөлүүлэн томилогдсон хүн. Гэхдээ л эцсийн эцэст Засаг ноёноосоо л үүрэг чиглэлээ авч ажиллах нь гарцаагүй. Тэгэхээр ингээд л Х.Нямбаатарын халаасанд орчхож байгаа юм.
Л.Ариунтуяа, Б.Мягмар, Ү.Оюунзул, Ч.Мэндбаяр нар өнгөрсөн 2020-2024 онд мөн л НИТХ-ын төлөөлөгч байсан туршлагатай хүмүүс. Тухайн үедээ ч давхар дээлтэй байсан. Тодруулбал, өмнөх 4 жилд Л.Ариунтуяа нь Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга байсан бол энэ удаад Соёлын төв өргөөний дарга болж биеэ амраав. Тэгвэл Ү.Оюунзул Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга гэх давхар дээлээ Гэрлэх ёслолын ордны захирал гэх гангараагаар солиод байна. Харин Б.Мягмар, Ч.Мэндбаяр нар давхар дээлээ солиогүй буюу Б.Мягмар нь “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн гүйцэтгэх захирал, Ч.Мэндбаяр “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ даргын ажлаа үргэлжлүүлэн хийж байна.
Д.Ундармаа бол жинхэнэ Х.Нямбаатарын дошны хүн. 1999 оноос хойш тус дүүрэгт хорооны Засаг даргаас дүүргийн Засаг даргын орлогч болтлоо дэвшсэн тэрбээр энэ сонгуулиар нийслэл рүү нэвтрэн орж ирсэн. Бүр болоогүй, нийслэлд төлөөлөгч болонгуутаа Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга болсон байгаа юм. Олон мянган ажлын байр эргэлддэг ийм том салбарыг толгойлох эрхийг түүнд Х.Нямбаатар дарга бэлэглэжээ.
Б.Хуягбаатар бас л “Сонгинынх”. Дүүргийнхээ ИТХ-ын дарга байсан түүнийг нийслэлд сонгогдонгуут нь Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын захирлын албан тушаалд томилсон байгаа юм.
Энэ дунд жинхэнэ гаднын хүн байгаа нь АН-аас сонгогдсон Б.Эрдэнэсүх. НИТХ-ын хурал дээр хамгийн их сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, дуугардаг хүмүүсийн нэг бол яах аргагүй тэр. Гэхдээ хөнддөг ганц сэдэв нь угаарын асуудал. Төлөөлөгч хүн хэдэн хүн угаартсан байна, гол учир шалтгаан нь юундаа байна вэ гэдгийг холбогдох байгууллагаас нь бүрэн эрхийнхээ хүрээнд мэдээд авчих боломжтой. Гэтэл хурал бүр дээр нэг сэдвээ л сөхөж ярьсаар байгаад эсрэг намынхнаа залхаачихсан. Ямартай ч түүний амыг таглая гэв үү гэлтэй хорооны Засаг даргын суудлыг өгчээ.
Ингээд харахаар давхар дээлтэй төлөөлөгч нарын 8 нь лав “Сонгинын” гэх угшилтай байгааг харж болохоор байна. Дошныхондоо л ихэвчлэн төлөөлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, бэлэг барьсан бололтой юм.
Хотын даргын орлогч, дүүргийн Засаг дарга, харьяа агентлагуудын дарга нарын шууд удирдлага нь Нийслэлийн Засаг дарга байдаг. Тиймээс л хөөрхий хэдэн төлөөлөгч нарт чихэр долоолгож буй мэт албан тушаал бэлэглээд, эцэст нь өөрийн халаасандаа хийж байгаа сийрэг толгой.
Х.Нямбаатарт атгуулсан 60 хувь
НИТХ-ын төлөөлөгч нарын давхар дээлийн асуудал дан ганц Х.Нямбаатар дээр гарч ирж буй зүйл биш. Өмнөх Засаг дарга нарын үед ч ийм л байсан. Гэхдээ ингээд л байж байг уу?
2022 онд Үндсэн хуулиас “давхар дээл”-ний тухай заалтыг хүчингүй болгосон. Тиймдээ ч энэ удаагийн Засгийн газрын гишүүд тэр чигээрээ давхар дээлтэй. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд, Шадар сайд, сайд нартайгаар нийлээд 23 давхар дээлтэй УИХ-ын гишүүн байгаа юм. 126-гийн 23 нь буюу нийт гишүүдийн 18 хувь нь давхар дээлтэй гэсэн үг. Гэтэл бага парламент гэж болохоор НИТХ-ын 45 төлөөлөгчийн 27 нь буюу 60 хувь нь давхар дээлтэй байна. НИТХ-д МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 45-40 суудал авсан. Энэ 40-ийнхөө талаас илүүд нь давхар дээл нөмрүүлсэн Хотын дарга хэнээс, юунаас айх юм бэ? НИТХ-д өргөн барьсан бүх асуудал нь ногоон гэрлээр гарахаар байхад сэтгүүлч нарын өөдөөс хэрэлдэж, иргэдээ зандрах нь аргагүй болов уу.
Нийслэлийн хувьд эрх барих хамгийн дээд байгууллага нь НИТХ байх учиртай. Гэтэл НИТХ, НЗДТГ нь тэр чигээрээ Х.Нямбаатарын атганд оржээ.
Улс төрийн дампуу үзэгдэл
МУИС-ын Улс төр судлалын тэнхимийн багш, дэд профессор Б.Эрдэнэдалай:
-Энэ үзэгдэл бол яав ч эрүүл тогтолцоо биш. Иргэдийн эрх ашгийг хамгаалж, Засаг даргынхаа үйл ажиллагааг чиглүүлж, хянаж байх ёстой төлөөлөл өөрөө дотор нь ороод хэрэгжүүлээд явж болохгүй. Түүнчлэн улс төрд хамаарал бүхий хүн нийслэлийн аль нэг харьяа байгууллагын даргаар ажиллаж, аливаа төсөл, үйл ажиллагаатай холбоотой тендерийг хамаарал бүхий этгээддээ өгч, нөлөө үзүүлж болзошгүй гэх мэтээр наад захын хардах асуудал гарна. Өөрийн хүнээ давхар албан тушаалд томилдог ийм үзэгдэл манай улс төрийн хэр дампуу байгааг л харуулж байгаа юм.
“Давхар дээл”-ээ хязгаартай тараая
НИТХ-ын төлөөлөгч нар иргэдийг төлөөлөн сууж, шийдвэр гаргадаг гэдгээрээ Нийслэлийн Засаг даргаас илүү эрх мэдэлтэй. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг дарга, харьяа байгууллагууд нь аливаа асуудлаа НИТХ-д өргөн барьж, түүнийг нь НИТХ-ын төлөөлөгч нар хурлаараа хэлэлцэн шийдвэрлэдэг гэсэн үг. Бүр энгийнээр тайлбарлавал, НИТХ бол УИХ шиг хууль тогтоох, Засаг дарга бол Засгийн газар шиг гүйцэтгэгч субъект гэхэд буруутахгүй.
Гэтэл энэ мэтчилэн НИТХ-ын төлөөлөгч нар нь Нийслэлийн Засаг даргын харьяа агентлаг, өмчит байгууллагын даргаар томилогдон, Хотын даргын халаасны хүмүүс болсноор НИТХ-ын үйл ажиллагаа, шийдвэр гаргалтад нөлөөлж, Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан бүх асуудлыг олонх нь саадгүй дэмжиж, “ногоон гэрлээр” батална гэсэн үг.
Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээг тогтоон хязгаарлаж, үйл ажиллагааг нь үнэлэн дүгнэх үүрэгтэй иргэдийн төлөөлөл ийнхүү үндсэн үүргээ умартан, Засаг даргын мэдэлд багтан, утсан хүүхэлдэй хийдэг тогтолцоог халах цаг нь болсон бололтой.
УИХ дахь давхар дээлтэй гишүүдийн тоо 20 хувьд ч хүрэхгүй байхад нийслэлд бүр 60 хувьтай байгаа нь анхаарах ёстой асуудал болоод байна. Уг асуудлыг холбогдох хууль, тогтоомжид тусгаж, хязгаарлахгүй бол иргэдийг хохироосон нөгөө л гэнэтийн, тооцоололгүй, үр ашиггүй шийдвэрүүд улам гаарах болно. Засаг даргаа хянаж, эрх мэдлийг нь тэнцүүлж байх ёстой иргэдийн төлөөлөл энэ үүргээ ухамсарлаж, албан тушаалын бэлгээс татгалзаж, үндсэн үүргээ биелүүлмээр байна, төлөөлөгчид өө.
Эцэст нь энэ тамын тойрог шиг уламжлагдсан албан тушаалын “бэлэг” чинь өнөөдрийн утаа, түгжрэлийг улам гааруулж, ажил хариуцсан хүмүүс нь найраан дундаа иргэдээ хохироож, нийслэлийг ялзруулж байгааг санаарай.