Уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалт гэхээр хил давуулж баялгаа алдах нь “хоосрох” нь гэх бодол дийлэнх ард иргэдийн сэтгэл санаанд уяатай. Одоо ч ийм бодолтой сэтгэл нь зовсон хүмүүс нийгэмд маш их. Дотоодын нийт бүтээгдэхүүн өсөх нь, ажлын байр нэмэгдэх нь, эдийн засаг тэлэх боломж гэж харахаас илүү дээрэмдэх нь, гадагшаа баялаг урсах нь гэж нөгөө талаас бодох бас ам дамжин цуурах тохиолдол цөөнгүй. Уул уурхай бол эдийн засгийн асар том боломж, бид зөв замаар уул уурхайн хөгжлийг “монголд цэцэглүүлэх хэрэгтэй” гэх сэдвийг хөндсөн нь гадаадын гар хөл, зэргээр ард иргэдийн уншиж судлаагүй, мэдэх боломжгүй хамгийн эмзэг сэдвээр цоллогдож, эрлийз хужаагаараа дуудуулаад дуусах жишээ ч байсан. Шинэ цагийн уул уурхайн хөгжлийн боломжуудыг өнгөрсөн гучин таван жилд бугшсан аймшгийн авлига, хулгайгаар төсөөлөөд дэвсэж орхих цөөнгүй тохиолдол байна. Энэхүү бугшсан уул уурхайн салбарын талаарх сөрөг бодлыг нийгэмд бий болгосон гол буруутан бол ямарч гадны хөрөнгө оруулагч, дотоодын уул уурхайн хувийн компани биш юм. Илүү дутуу нэмэлт хачир, далд утгагүйгээр шууд заавал гадны гар хөл болсон “Улстөрчид” л энэ бүхний гол буруутан. Хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлага, суртал ухуулгын нэвтрүүлэг, улсын их хурлын чуулган дээр хэлсэн улстөрчдийн байр суурь зэргээс бид, уул уурхайн талаар нийгэмд гажуудсан мэдээллийг хүргэж, ойлгуулж байсан “Улстөрч”-ийг нэрлэж болно. Гэвч энэ бүгдийг сөхөөд нөгөө “Хов хөөнө” гэдэг нь л болно, бас зарим нэгэн баримтаар гуйвуулан тайлбарлуулах олон асуудалтай тулгарахаас, өөрөөр үр дүнд хүрэхгүй болсон гэдэг нь ойлгомжтой болсон. 2008 онд Оюу толгойн гэрээ хийгдэх болсон цаг үеэс, улстөрчид хий хоосон лоозогнож “байгалийн баялгийг гадныханд өгөхгүй”, “монголын баялаг цөөхөн хэдэн гэр бүлд байна” зэрэг нийгмийг талцуулсан сэдвийг өдөөж, нийгэмд хэрүүлийн алим тарьж, өнөөгийн уул уурхайн хөгжлийг асар их чөдөрлөсөн болохоос уул уурхайн салбарын талаар дорвитой бодлого, шийдвэр гаргаж, үндэсний эрх ашгийн төлөө байсан уу? гэж нэг иргэн та бодож үзээрэй.
Дээр дурдсан улс төржилтийг яриад байвал дуусахгүй сэдэв юм. Олон ч зүйлийг дурдаж сүртэй гарчиг өгөн бичиж болно. Гэвч ярих тусам дороо хий эргэнэ. Олон хүмүүстэй батлагдаагүй, БАТЛАГДСАН сэдвийн араас явж нотолж хэрэлдэх болно. Миний хэлэх гэж буй гол санаа бол бид уул уурхайг шинэ өнцгөөс харж, хэтийдсэн сөрөг бодлоосоо салах нь маш чухал юм. Тэгж байж дэлхийн улс орнуудтай харилцах экспортын шинэ боломжоо нээж чадна. Өмнөх үеийн улс төржилтөөс бодлоо холдуулж, уул уурхайн салбарын хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, хариуцлагатай уул уурхай, аж үйлдвэржилт, чухал эрдсийн төсөл, эрдэс баялгийн санхүүжилт зэрэг сэдэв рүү боломж байвал хараагаа чиглүүлээсэй гэж хүсэж байна. Хэрэв яг өмнөх үеийн танк, байгалийн баялгаа гадныханд алдах нь гэх улс төржилт уул уурхайгаас холдохгүй таны анхаарлыг мөнхөд татаад байвал та хардах эрхээ эдлээрэй. Хоёр их гүрний дунд оршин байгаа жижигхэн манай улсын уул уурхайн энэ их экспортын боломж зарим нэг их гүрний дургүйг хүргээд байгаа юм биш биз гэж хардаарай. Гар хөл нь улс төрд байх вий, ганцхан уул уурхай дээр бүх хар бодлоор бидний боломжийг татаж унгадаг байх вий гэж хардаарай. Бид улс төрийнхний талаар худал үнэн, баримттай баримтгүй олон зүйлийг харддаг.Хардалт хий хоосон руу хөтөлдөг, би хардалтыг таашаадаггүй баримттай ярихыг хүснэ. Салбарын судлаач, улс төрийн хүрээний хүн биш учир, өөрөөр уул уурхайн энэ их улс төржилтийг ойлгуулах боломжгүй юм. Ямар ч салбарын эрдэмтнээс, улс төрчөөс энэ уул уурхай тойрсон улс төржилтийн үнэн зөвийг мэдэх боломжгүй болсон байна, та зүгээр л хардаарай.