Open iToim app
Анализ | 16 мин уншина

Үндэсний баялгийн сан: Хэрэлдэх биш хэлэлцэх цаг

iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 5
Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн iToim.mn сайт үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан “Нийтлэлч Отгонбаяр” сангаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг зарласан билээ. Энэхүү тэргүүн нийтлэлийн уралдаанд Ezasag.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Т.Энхбатын ирүүлсэн бүтээлийг хүргэж байна.
undefined
undefined
Засгийн газар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх явцдаа Тавантолгойн ордын Ухаахудагийн лицензтэй талбайгаас нүүрс экспортолж буй “Энержи ресурс”, “Эрдэнэт үйлдвэр”-ийн баяжуулсан хүдрийн хаягдал буюу овоолгоос илүү нарийн технологиор зэс ялгаж байгаа “Ачит ихт” компанийн хувьцааны 34 хувьд ногдох өгөөжийг Хуримтлалын санд төвлөрүүлэх хэлэлцээ эхлүүлсэн нь олон нийтийн анхаарлын төвд байна. “Энержи ресурс”-тэй хийх хэлэлцээг MCS группийн эзэн Ж.Оджаргал, Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга хоёрын толхилцоон болгож харагдуулах сонирхолтой хэсэг бүлэг ч байх шиг. Энэ сэдэв бүр дэврээд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэсний хөрөнгөтнүүдээ үзэн ядуулах кампанит ажил болж хувирлаа. Энэ бол маш хортой явуулга гэдгийг олон хүн мэдэж байгаа. Үнэн хэрэгтээ Ж.Оджаргал, Х.Баттулга гэж нэр, нөлөө бүхий хоёр эрхэм бодитоор хэрэлдээд байгаа ч юм уу, стратегийн ордоос олборлолт хийж буй хувийн хэвшлийн компаниуд Хуримтлалын санд мөнгө төвлөрүүлж чадахгүй гэж цааргалаад ч байгаа юм уу. Батлах бодитой мэдээлэл одоохондоо алга.
Том зургаар нь, урт хугацаанд харвал стратегийн ордод үйл ажиллагаа явуулж буй хэдэн компанитай хэлэлцээ хийж, Хуримтлалын санд мөнгө төвлөрүүлэх нь баялгийн өгөөжийг иргэн бүртээ хүртээх бодлого, Үндэсний баялгийн сангийн хэтийн зорилтын дэргэд жижиг асуудал. Эл бодлого, зорилттой нийцүүлэн хэлэлцэн, шийдлийг нь олох олон ажил бий. Шийдэл бүрийг хувь хүмүүсийн хэрүүл мэт харагдуулж, бүү бүрхэгдүүлээсэй. Баялгийн сангийн хуулийн хэрэгжилт бол улс орны уул уурхайн салбарын хөгжлийг бодлого, олон нийтийн хандлага, цаашлаад эдийн засгийн загварт ч өөрчлөлт оруулах өргөн хүрээний нөлөөлөлтэй эрх зүйн зохицуулалт юм.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг боловсруулах техникийн ажлын хэсгийн даргаар ажиллаж, ноён нурууг нь босгосон, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “Үе үеийн Засгийн газар байгалийн баялгийн өгөөжийг иргэддээ хүртээх бодлого баримталж ирсэн. Гэвч сонгуулийн санал авах зорилгоор баялгийн өгөөжийг хуваарилах тохиолдол олон байлаа. Үндсэнд нь дүгнээд үзвэл баялгийн өгөөжийг иргэддээ хүртээх цэгцтэй бодлогогүй, судалгаа тооцоогүй явж ирсэн. Үүний үр дүнд өр л үлддэг дээ. Тэтгэврийн зээлийг тэглэснээр 850 тэрбум төгрөгийн өр үүссэн. Хүний хөгжил санг бид их наяд гаруй төгрөгийн өртэй хүлээж авсан. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх, ногдол ашиг тараах талаар УИХ, Засгийн газраас 10 гаруй тогтоол гаргачихаад байна. Сургалтын төлбөрөө төлүүлж болно гээд 1072 хувьцаанаас нь заруулсан. “Сайн хувьцаа” гээд бас заруулсан. Баялгийн өгөөжийг ийм маягаар хуваарилах нь маш буруу. Тэгэхээр тоглоомын дүрмийг нь тодорхой болгох шаардлагатай байсан. Үндэсний баялгийн сангийн хууль бол дэлхийн сайн жишгүүдийг харьцуулж, өөрийн орны онцлогт тохируулан байгалийн баялгийн хуваарилалтын тоглоомын дүрмийг нь тодорхой болгосон баримт бичиг. Улам боловсронгуй, оновчтой болгоод явах хэрэгтэй” хэмээв.
Байгалийн баялагтай орон бүр хөгждөггүй. Баялгийн өгөөжөө буруу зарцуулаад, макро эдийн засгийн зохистой нөхцөлөө эвдээд, “баларсан” орнуудын жишээ олон. Африкийн орнууд, Венесуэл, Перу гэх мэт муу жишээг дурьдаж болно. Монгол Улс Үндэсний баялгийн сангийн тухай хуультай болчихлоо гээд зөв зам дээр гарчихсан хэрэг огт биш. Сангийн хөрөнгийг салан задгай, үр ашиггүй, сонгуульд иргэдийн саналыг авах зорилгоор хавтгайруулан тараавал “баялгийн хараал” л тусна. “Баларсан” орнуудын араас орно. Баялгийг өгөөжөө хавтгайруулан тарааж, улстөрчдийн поп амлалтуудыг гүйцэлдүүлж, орлогыг нь халамж болгосон орнууд л “баларсан” байдаг. Харин баялгийн сандаа хуримтлуулсан орлогоо хөгжлийн бодлого, макро эдийн засгийн нөхцөлтэйгээ уялдуулан, нийгмийн дундаж давхаргаа нэмэгдүүлэхэд зарцуулсан, сангийн хөрөнгийг сайн удирдаж өсгөсөн орнууд амжилт олсон.
Норвегийн сан дэлхий дээрх хамгийн амжилттай жишээ болдог. Хамгийн том ч сан нь. Газрын тос, байгалийн хийн нөөц ихтэй Норвеги улс эдгээр баялгийнхаа өгөөжийг хуримтлуулж, урт хугацаанд иргэд болон улсынхаа хөгжлийг дэмжихээр 1990 онд байгуулсан. Анх 300 сая ам.доллартой байгуулсан тус сан одоо 1.3 их наяд “ногоон”-ы хөрөнгөтэй. Энэ сангийн хөрөнгийг олон улсын хөрөнгийн зах зээлд байршуулан асар ихээр өсгөж, амжилттай удирдсан юм. Норвегийн хөгжлийн сан одоогоор жилд 35 тэрбум ам.долларын орлого олж, 4.5 хувийн өгөөжтэй ажиллаж байна. Норвегийн сангийн нийт хөрөнгийн гурван хувийг төсвийн шинжтэйгээр зарцуулж болно гэсэн хуультай.
Манайхан баялгийн сан байгуулах эрх зүйн орчин бүрдүүлэхийн тулд Норвегийн сангийн үйл ажиллагаа, зохицуулалтыг нэлээд “шинжсэн”. Мөн сүүлийн жилүүдэд Сингапурын “Темасек” баялгийн сангийн үйл ажиллагаа, зохицуулалтыг нэлээд судалсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур улсад айлчилж, Засгийн газраас нь баялгийн сан байгуулах техникийн туслалцаа авах хүсэлт тавьсан нь саяхан. Түүнийгээ ч хэрэгжүүлсэн билээ. Үндсэнд нь Монгол Улсын Үндэсний баялгийн сан Норвеги, Сингапурын үндэсний баялгийн сангийн сайн жишээнүүдийг шингээсэн эрх зүйн зохицуулалт, загвартай гэж дүгнэж болно.
Монгол Улсын Үндэсний баялгийн сан нь доороо Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван сан байхаар хуульчилсан. Ирээдүйн өв сан нь байгалийн баялгийн өгөөжийг ирээдүйн иргэдэд хүртээх агуулгатай, хөрөнгө нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс бүрдсэн орлогын 65 хувиас бүрдэнэ. Хуримтлалын сангийн орлого уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших 34 хувийн хувьцааны орлогыг төвлөрүүлнэ. Энэ санд төвлөрүүлсэн хөрөнгийг иргэд орон сууц худалдан авах, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авахад зарцуулах учиртай. Хөгжлийн сангийн орлого нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувиас бүрдэнэ гэж хуульчилсан. Товчхондоо улсын төсөв ашигтай гаргавал 50 хувийг нь Хөгжлийн санд хуримтлуулна гэсэн үг. Хөгжлийн сангийн хөрөнгөөр хувийн хэвшлийнхэн төдийлэн сонирхохгүй байгаа, нийгмийн шинжтэй мега төслүүдээ санхүүжүүлэхээр төлөвлөсөн.
Норвегийн сан зарцуулалтын хувьд нийгмийн халамжийн болон тогтворжуулалтын шинжтэй байдаг. Хэрэв Ирээдүйн өв сангийн хөрөнгөөс ирээдүйд иргэдэд мөнгө тараавал Норвегийн сантай адил халамжийн шинжтэй болно. Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн хөрөнгийг өндөр настны тэтгэвэр тавих, орон сууц худалдан авах, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр, сургалтын зээл гэсэн дөрвөн чиглэлд зарцуулдаг. Манайх Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн загварыг бараг бүхэлд нь хуулчихсан. Иргэддээ орон сууцжуулбал суурин газрууд утаанаас салах, иргэдийн ажил хөдөлмөрийн бүтээмж, соёл дээшлэх гээд олон эерэг нөлөөтэй. Эрүүл, боловсролтой иргэн улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Манай нөхцөлд тохирсон учраас Сингапурын загварыг хуулчихсан нь зөв.
Монголбанкны ерөнхий эдийн засагч асан Ц.Мөнхбаяр “Үндэсний баялгийн сангийн тухай хууль зарчмын хувьд зөв. Манай улстөрчид сангийн хөрөнгийг хэрхэн хуваарилах талаар их ярьж байна. Баялгийн сан эдийн засгаа тэнцвэржүүлэхэд чухал үүрэгтэй. “Голланд өвчин” тусах, “баялгийн хараал”-д нэрвэгдэхээс сэргийлдэг. Хуримтлуулсан хөрөнгийг их хэмжээгээр зарцуулахгүй, макро эдийн засгийн зохистой нөхцөлөө харгалзаж байх хэрэгтэй. Хэрвээ попроод хуримтлуулсан мөнгөө их хэмжээгээр тараагаад эхэлбэл баялгийн сан “баялгийн хараал”-ын үүсгүүр болно. Хуримтлуулсан мөнгийг хуваарилахаар болбол аажмаар макро эдийн засгаа эвдэхгүйгээр шингээх хэрэгтэй. Манайхан хууль, шийдвэрийг өөрчлөөд, популист амтлалтаа хэрэгжүүлээд эдийн засгаа хорлодог тохиолдол гаргадаг” гэв.
Түүх сөхвөл, байгалийн баялгийн өгөөжийг иргэддээ тэгш хүртээх талаар 2006 онд Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулах үеэр ярьж эхэлсэн. УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнө АН-ын дарга Ц.Элбэгдорж байгалийн баялгийн өгөөжөөс нэг сая төгрөгтэй дүйх “Эрдэнийн хувь” тараана гэж амласан. Гэтэл МАН-ын дарга С.Баяр 1.5 сая төгрөгийг “Эх орны хишиг” болгон тараана гэж давуулан амласан билээ. Сонгуульд ялалт байгуулсан МАН амлалтаа биелүүлэхийн тулд “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсийг урьдчилан борлуулж, Хятадын “Чалко” компаниас 350 сая ам.доллар авч, иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг тараасан удаатай. МАН-ын дарга Сү.Батболд УИХ-ын 2012 оны сонгуульд ялахын тулд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа эзэмших эрхийг иргэн бүрт тараасан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын АН-ын лидерүүдийн шахалтаар УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө Монголбанк тэдний санаачилсан “Сайн” хөтөлбөрийг санхүүжүүлсэн. “Сайн оюутан”, “Сайн хувьцаа” хөтөлбөр хэрэгжүүлж, оюутнуудаас “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааны 536 ширхгийг нь 500, иргэдээс 322 ширхгийг нь 300 мянган төгрөгөөр худалдан авч байв. Энэ бол төв банкаараа мөнгө хэвлүүлэн байж, хувьцааг нь худалдан авсан нь иргэдэд баялгийн өгөөжийг хүртээж байна гэсэн ойлголт төрүүлэх, эдийн засгаа хорлосон улс төрийн заль байлаа. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар ахмад настнуудын тэтгэврийн зээлийг 2020 онд тэглэсэн. Энэ мөн л байгалийн баялгийг барьцаалж, зээл авч хийсэн ажил.
Монголын улстөрчид байгалийн баялгийг иргэдэд тэгш хүртээх бодлогыг сонгуульд олонхийн дэмжлэг авах зорилгоор ашиглаж ирсэн нь дээрх түүхэн үйл явдлуудаас тодорхой харагддаг. Өнгөрсөн 20 жилтэй харьцуулбал, өнөөдөр бид байгалийн баялгаа хуримтлуулах, хуваарилах, өсгөж үржүүлэх цэгцтэй бодлоготой, эрх зүйн баримт бичигтэй болчихсон сууж байна. Одоо эл бодлогоо зөв, тууштай хэрэгжүүлэх нь хамгаас чухал. Үндэсний баялгийн сантай холбогдох дараа дараагийн зохицуулалтуудыг тодорхой, оновчтой болгох шаардлага бий.
Баялгийн сангуудад, ялангуяа Ирээдүйн өв сан, Хуримтлалын санд их хэмжээний мөнгө хуримтлуулах нь ойлгомжтой. “Эрдэнэс Монгол” компанийнхан Хуримтлалын санд 2040 он гэхэд 38 их наяд төгрөг хуримтлуулна гэсэн тооцоолол хийсэн байдаг. Уг нь Үндэсний баялгийн сангийн зарцуулалтыг УИХ-аар хэлэлцүүлж батлуулахаар хуульчилсан. Хэн нэг сайд, дарга биш, УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх нь сангийн хөрөнгийг салан задгай зарцуулахаас хамгаалсан чухал зохицуулалт мөн. Гэвч парламентад олонх болсон намынхан улстөрийн амлалтаа хэрэгжүүлэх, сонгуульд дахин ялахын тулд баялгийн сангаас их хэмжээний мөнгө иргэдэд тараах шийдвэр гаргавал яах вэ. Ингэвэл баялгийн өгөөж, хараал болон хувирах нь ойлгомжтой. Норвегийн сангийн амжилттай үйл ажиллагааны нууцыг судлаачид ард түмнийх нь ёс суртахууны зөв төлөвшилтэй холбон тайлбарладаг. Нэг ёсондоо өндөр ёс суртахуунтай ард түмэн учраас баялгийн сангаа амжилттай удирджээ. Үндэсний баялгийн санг улсынхаа эдийн засагт сайн нөлөөтэй, иргэдийн амьжиргаанд тустай байдлаар удирдахын тулд Монголын сэхээрсэн хэсэг ёс суртахуунгүй улстөрчидтэй “тулах” цаг ч ирж мэднэ.
6.2
Үндэсний баялгийн сангийн тухай хууль бол Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн хоёр дахь заалтыг хэрэгжүүлэхийн тулд баталсан эрх зүйн баримт бичиг. УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 6.2 дахь заалтыг шинээр тусгасан. Уг заалтад “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж тусгасан.
УИХ Үндсэн хуульд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ийнхүү тусгасан билээ. Тэгвэл Үндсэн хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх Үндэсний баялгийн тухай хуулийг таван жилийн дараа буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд баталсан. Таван жил бодож, тооцож байж баталсан хууль гэсэн үг. Хуульчид Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг олон янзаар тайлбарлах байх. Тэгвэл төр ямар зарчмаар бодлогоо хэрэгжүүлэх гэж байна вэ. Маш товчхоноор хэлбэл, Үндсэн хуульд заасны дагуу стратегийн ордын үр өгөөжийн дийлэнхийг төр, түмний мэдэлд авна. Түүнийгээ Үндэсний баялгийн санд хуримтлуулна. Иргэдэд тодорхой бодлогын дагуу УИХ-ын шийдвэрээр хуваарилна. Одоогоор ийм зарчмын дагуу ажиллах нь тодорхой болоод байна.
Засгийн газар стратегийн ордод үйл ажиллагаа явуулж байгаа “Энержи ресурс”, “Ачит ихт” компанитай ногдол ашгийн 34 хувийг Хуримтлалын санд төвлөрүүлэх хэлэлцээр эхлүүлснийг “Коммунист хуулиа хэрэгжүүлэх гэж байна”, “Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн үйл ажиллагаа боллоо” гэж шүүмжлэв. Бүр “Женко” Х.Баттулгын “Мах импекс” компанийн 34 хувийн хувьцааны ногдол ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлье гэж “халуурлаа”. Стратегийн ордын үр өгөөжөөс л Хуримтлалын санд мөнгө хуримтлуулна. Түүнээс биш, уул уурхайн бүх компанийг Хуримтлалын санд мөнгө төвлөрүүл гэж шаардахгүй. Бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад баялгийн сан ямар ч хамааралгүй гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэй. Хуримтлалын санд мөнгө төвлөрүүлөх хязгаар нь стратегийн ордод үйл ажиллагаа явуулж буй компаниуд байна. Хэрэв төр, хувийн хэвшлийн бүх компаниас мөнгө хуримтлуулна гэж мугуйдвал жинхэнэ коммунист хууль болно.
Стратегийн ордын үр өгөөжийг Үндэсний баялгийн сангаар дамжуулж иргэдэд хүртээх бодлого баримталж ажиллана гэвэл гадаадын хөрөнгө оруулагчид “зугтах” уу. Манай Засгийн газар “Рио Тинто”-той Оюутолгойн зэс, алтны ордын үр өгөөжийн 53, Францын “Орано” групптэй Зөөвч-Овоогийн ураны ордын үр өгөөжийн 51 хувийг авах гэрээ байгуулсан. Эл хоёр жишээ харилцан ашигтай хамтын ажиллагаа бүрдүүлж чадвал байгалийн баялгийн өгөөжийн дийлэнхийг монголчууд хүртэхэд гадаадын хөрөнгө оруулагч дургүйцэхгүйг харуулна. Стратегийн ордод хөрөнгө оруулбал ард түмнийг төлөөлж, Засгийн газар үр өгөөжийн дийлэнхийг хүртэнэ гэдэг зарчим нэгэнт тодорхой болсон. Цаашид стратегийн орд дээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай тоглоомын ийм л дүрмээр хамтарч ажиллах нь.
Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг шинэчлэн найруулж, байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмыг тусгах, үр өгөөжийн дийлэнхийг нийт иргэдэд хүртээх санаачилгыг тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга гаргаж, Ц.Гарамжав тэргүүтэй УИХ-ын 20 гишүүн өнөөгийн томъёоллыг боловсруулан батлуулж байсан. Эл заалтыг хамгийн ихээр дэмжиж, чуулганы хэлэлцүүлэгт үг хэлж байсан хүн бол Ц.Гарамжав байв. Стратегийн ордын үр өгөөжийн дийлэнхийг нийт иргэдэд Үндэсний баялгийн сангаар дамжуулж хүртээх санаачилга зөв шийдэл байсан нь цаг өнгөрөх тусам баталгаажих болно.
51
Стратегийн ордын үр өгөөжөөс Хуримтлалын санд орлого төвлөрүүлэх болсон учраас Засгийн газар стратегийн орд гэсэн ойлголтоо эргэж харж, зохицуулалтыг нь нарийвчлах шаардлагатай гэж уул уурхайн салбарынхан үзэж байна. Томоохон орд газруудын үр өгөөжийг иргэдэд хүртээхийн тулд стратегийн ордын тоог нэмэх ч шаардлага бодитоор гарч магадгүй нь. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12-т "стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд" гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ гэсэн заалт бий. Энэ бол стратегийн ордод тавьж буй шалгуур. Тоог нь нэмэхийн тулд шалгуур үзүүлэлтийг нь шинэчлэх шаардлагатай. Стратегийн ордын шалгуурыг хэт бууруулаад бүгдийг хамруулахаар болгочихвол Үндэсний баялгийн сан мөн л коммунист шийдэл болно. Тиймээс жин банг нь тааруулах учиртай. Энэ бол Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хийх ажил.
Одоогоор Тавантолгой, Нарийнсухайт, Багануур, Шивээ-Овоогийн нүүрс, Мардай, Дорнод, Гурван булагийн уран, Төмөртэйн төмрийн хүдэр, Оюутолгойн зэс, алт, Эрдэнэт, Цагаан суваргын зэс, молибден, Бүрэнхааны фосфорит, Бороо, Гацууртын алт, Төмөртэйн овооны цайр, хар тугалга, Асгатын мөнгөний гэсэн 16 ордыг стратегийн ач холбогдолтой гэж тодорхойлсон. Бороогийн алтны ордын нөөц дууссан учраас жагсаалтаас хасах шаардлагатай. Оюутолгой, Тавантолгой, Багануур, Шивээ-Овоо, Төмөртэй, Эрдэнэт, Асгатын мөнгөний ордын лиценз төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн мэдэлд бий. Оюутолгой, Цагаан суваргын ордын газрын үр өгөөжийн дийлэнх нь Засгийн газарт ногдох гэрээ байгуулсан. Одоогоор Засгийн газар Тавантолгойн ордын Ухаахудагаас нүүрс олборлож буй “Энержи ресурс”, Нарийнсухайтаас нүүрс олборлодог МАК, “Өсөх зоос”, “Саусгоби сэндс”, Төмөртэйн овооны ордоос цайр олборлодог “Цайрт минерал” компанитай Хуримтлалын санд мөнгө төвлөрүүлэх хэлэлцээ хийх болов уу. Мөн Ашигт малтмалын тухайд үүсмэл ордыг стратегийн ач холбогдолтой байхаар тусгасан. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглаж буй “Ачит ихт”, “Эрдмин” компанийн хувьцааны 34 хувьд ногдох өгөөжийг Хуримтлалын санд төвлөрүүлэх хэлэлцээ хийх нь дамжиггүй. Стратегийн бусад ордыг ашиглах сонирхлоо хөрөнгө оруулагчид нь илэрхийлбэл хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нь ойлгомжтой.
Стратегийн 16 ордоос гадна стратегийн ордод оруулах боломжтой 39 ордын жагсаалтыг Засгийн газар 2007 онд гаргасан. Стратегийн орд гэж тооцох боломжтой 59 орд байна гэсэн үг. Ашигт малтмалын тухай хууль дахь шалгуур үзүүлэлтийг бага зэрэг доошлуулбал эдгээрээс стратегийн ордод нэлээд хэд нь багтах нь ойлгомжтой. Уул уурхайн салбарынхан Могойн гол, Хөөт, Төгрөг нуурын нүүрс, Баргилтын төмрийн хүдэр зэрэг ордыг стратегийн ордод оруулах боломжтой гэж үздэг. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд стратегийн ордуудын жагсаалтыг шинэчлэхээс гадна нэг ордыг олон жижиг лиценз болгон хувааж авсныг цэгцлэх ажил бий. Том ордыг хөрөнгө оруулагчид олон лицензийн талбайгаар хувааж авахаар стратегийн гэж үзэх үндэслэлийг бүрхэгдүүлэх тохиолдол ч гарч байгаа. Энэ тохиолдолд зарим хөрөнгө оруулагчид нэгдэх шаардлага тавих болов уу. Стратегийн ордын тоо нэмэгдэх тусам Хуримтлалын сангийн хуримтлал өснө.
2030
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлахаас өмнө буюу 2016 оны хоёрдугаар сарын 5-нд тухайн үеийн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталсан түүхтэй. Үндэсний баялгийн сангийн доорх Ирээдүйн өв санг эл эрх зүйн баримт бичгээр мөн зохицуулах юм. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 9.6-д “2030 оноос эхлэн Сангийн хөрөнгө оруулалтын цэвэр орлогын 10 хувийг улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан байдаг. Тэгвэл Засгийн газрын 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны 224 дүгээр тогтоолд Хуримтлалын сангийн хөрөнгийг 2030 оноос эхлэн зарцуулж эхлэхээр тусгасан. Тэгэхээр Ирээдүйн өв сан болон Хуримтлалын сангаас 2030 он хүртэл зарцуулалт хийхгүй гэсэн үг. Харин 2030 он хүртэл хөрөнгө хуримтлуулах нь.
Үндэсний баялгийн санг Засгийн газар “Чингис сан” гэж нэрлээд буй. Үндэсний баялгийн санг удирдах “Чингис сан” байгуулагдан, хүний нөөцөө бүрдүүлж байна. Сангийн хөрөнгийг хуримтлуулах нь нэг хэрэг. Харин удирдаж өсгөх нь хахь ондоо мэргэжлийн ур чадвар, арга ухаан шаардсан ажил. Монголбанкны ерөнхий эдийн засагч асан Ц.Мөнхбаяр “Монголд баялгийн сангийн хөрөнгийг удирдах чадвартай институт Монголбанкнаас өөр байхгүй. Засгийн газар Монголбанканд даалгавар өгөөд хөрөнгийг нь удирдуулах эрх зүйн бүрэн боломжтой. Баялгийн санг удирдах шинэ институт байгуулбал техникийн зөвлөх байгууллагаар сургалт хийлгэх, эхний ээлжинд бага хэмжээний хөрөнгө удирдуулж дадлагажуулах шаардлагатай” гэж ярив. Сайн мэргэжилтнүүдээр удирдуулж, сангийн хөрөнгийг өсгөх нь маш чухал шийдэл билээ.
Хуримтлалын сангийн зарцуулалтын талаар орон нутгаас Улаанбаатарт шилжин ирж, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т засварчнаар ажиллаж буй Б.Хүрэлсүх “Эрдэнэс Тавантолгойн ногдол ашгаас өөрөөр ашигт малтмалын орлогоос ямар нэг өгөөж хүртэж байгаагүй. Манайх зудад малаа бараад ажил хийхээр хотын зах бараадаж, яндангийн тоог нэгээр нэмсэн айл. Хуримтлалын сангийн мөнгийг хүн бүрт нэрийн данс нээгээд байршуулна. 2030 оноос зарцуулж болно гэж сонссон. Тэр үед охин оюутан болчихно. Мөнгөө сургалтын төлбөртөө зарцуулна биз. Эхнэр бид хоёр болж өгвөл орон сууцны урьдчилгаанд зарцуулчихъя гэж ярилцаж байгаа. Охиныхоо сургалтын төлбөрийг төлөөд, орон сууцны урьдчилгаа төлбөрөө хийчихвэл баялагтай орны иргэн болж төрсөндөө баярлана биз дээ” гэж ирээдүйн төлөвлөгөөгөө хуваалцлаа.
1072
Монгол Улсад баялгийн өгөөжийг нийт иргэддээ тэгш хуваарилах нэг санаачилга хэрэгжүүлсэн нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1027 хувьцааг тараасан явдал. Эрх баригч МАН-ынхан “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэг хувьцааны нэрлэсэн үнийг 2011 онд 933 төгрөг байхаар тогтоосон. Ингээд иргэн бүрт 1.5 сая төгрөг өгөх амлалтаа биелүүлэхээр нэг сая төгрөгтэй дүйх хувьцаа тараасан юм. Нэг сая төгрөгийг 933-т хуваахаар 1072 гарна. Ингэж “1072”-ын түүх эхэлсэн. Дээр дурдсанчлан тухайн үеийн зарим оюутан 1072 хувьцааныхаа 536-г нь 500 мянган төгрөгөөр Засгийн газарт арилжсан. Бүгдийг нь зарсан тохиолдол ч бий. Зарим иргэн 322 ширхэг хувьцаагаа 300 мянган төгрөгөөр Засгийн газарт зарсан.
Засгийн газар 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ноос өмнө төрсөн бүх хүнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшүүлсэн. Мөн 2024 оны нэгдүгээр сарын 31-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол баталж, 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ноос 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ны хооронд төрсөн хүүхдүүдэд мөн 1072 хувьцаа эзэмшүүлсэн. Өөрөөр хэлбэл, одоо хувьцаагаа  Засгийн газарт зарснаас бусад нь бүгд “1072”-оо эзэмшиж байгаа.
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг сонгодог утгаар нь үнэт цаас гэж хэлэхэд хэцүү. Учир нь иргэд 1072 хувьцаагаа арилжих, бэлэглэх, өвлүүлэх, барьцаалах эрхгүй. Засгийн газрын хуваарилсны дагуу ногдол ашгийг нь л хүртэж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг хөрөнгийн биржид бүртгүүлэх бүх боломж бүрдсэн. Засгийн газар орлого багатай  иргэд хувьцаагаа арилжаад, баялгийг тэгш хүртээх зарчим алдагдах учраас арилжих, бэлэглэх, өвлөх, барьцаалах харилцаанд оруулах боломжгүй байна гэж тайлбарладаг. Энэ тухай Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн “1072 хувьцааг “амилуулчихвал” Зайсанд амьдардаг чинээлэг хэсэг нь Баянхошууны борчуудынхаа хувьцааг худалдаад авчих гээд байна. Тэгээд ногдол ашиг тараахаар Зайсангийнхан л баяжина. Баянхошуунд амьдардаг хувьцаагаа зарчихсан нөхөр баялгийн өгөөж хүртэхгүй. Ийм учраас болгоомжлох хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлсэн. Баялгийг өгөөжийг тэгш хүртээх зарчмаа хэрэгжүүлэхээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжих, бэлэглэх, барьцаалах эрхийг нь нээдэггүй юм бол өвлүүлэх эрхийг нээх шаардлага бодитоор үүссэн. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эзэмшиж байсан өчнөөн хүн тэнгэрт хальсан. Эзэмшиж буй хувьцааных нь ногдол ашиг хаашаа орж буй нь тодорхойгүй байгаа. Тиймээс 1072 хувьцааны өвлүүлэх эрхийг нээж, үр хүүхдүүд нь өгөөжийг хүртэх боломжийг нээх нь шударга ёсонд нийцнэ.
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “Стратегийн ордын лицензийг эзэмшиж байгаа компанийн хувьцааг үнэгүй тараадаг явдлаа үүгээр зогсоох ёстой. Үнэгүй хувьцаа тараана гэдэг бол угаас ойлгомжгүй явдал. Стратегийн орд эзэмшигч хувьцаа гаргавал олон нийтэд худалддаг байх нь зөв. Нэгэнт баялгийн сангаас иргэдэд өгөөжийг хуваарилдаг болох учраас хувьцаа тараах нь утгагүй” гэлээ. Засгийн газар “Эрдэнэс Монгол” компанийн давуу эрхийн нэг ширхэг хувьцааг иргэн бүртээ эзэмшүүлэх шийдвэр гаргаж байсан удаатай. Гэвч хэрэгжүүлээгүй. Угаас хэрэгжүүлээд хэрэггүй байсан нь 1072 хувьцааны жишээнээс харагддаг.
Дахиж үнэгүй хувьцаа тараахгүй байх, баялгийн өгөөжийг зөвхөн сангаар дамжуулан хүртээх, Хуримтлалын сангийн орлогыг бүрдүүлэхээр стратегийн ордод үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн компаниудтай тохиролцоо хийх, стратегийн ордуудынхаа жагсаалтыг шинэчлэн батлах, “Чингис сан”-гийн хөрөнгийг сайн менежерүүдээр удирдуулж өсгөх, ухаалгаар зарцуулах гээд Үндэсний баялгийн санг тойрсон, талцаж хэрэлдэх биш, тойрч суугаад хэлэлцэх олон ажил монголчуудад байна.           
undefined

iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн