Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн iToim.mn сайт үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан “Нийтлэлч Отгонбаяр” сангаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг зарласан билээ. Энэхүү тэргүүн нийтлэлийн уралдаанд чөлөөт сэтгүүлч З.Цэлмэг, Б.Гандолгор нарын ирүүлсэн бүтээлийг хүргэж байна. 
Угаарын хийн хордлого гэсэн шалтгаанаар 2021-2023 онд нийт 483 хүн нас баржээ. Ийм тоог Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний тайлангаас олж харав. Дунджаар жилд 160 гаруй хүн угаартаж нас бардаг гэж ойлгож болохоор байна. Тэгэхээр түүхий нүүрс түлэхийг хориглож, шахмал түлш хэрэглэж эхэлсэн 2019 оноос тооцож үзвэл угаартаж нас барсан иргэдийн тоо 1000 дөхөхөөр байгаа юм. Гэртээ амьсгал хураасан хүний нас барсан шатгааныг тогтоохын тулд задлан шинжилгээ хийдэг хууль дүрэмтэй тул энэ мэдээлэл бодит байдалд хамгийн ойрхон гэсэн үг.
Сар орчмын өмнө болсон утааны сонсголын үеэр олон нийтийн төлөөлөл угаартаж нас барсан иргэдийн тоог бууруулж хэллээ хэмээн шинжээчдийг шүүмжилсэн нь аргагүй аж.
Эрх баригчдын үзэж буйгаар зуух болон буруу галлагаанаас болж иргэд угаартаж, бүл бүлээрээ хорвоог орхиж байгаа. Бүр өөдгүй нь тэртээ тэргүй нүүрс түлж л байгаа бол угаарын хий ялгарах тул угаартаж л таарна. Шахмал түлш хэрэглэхээс өмнө нь ч угаартаж үхдэг байсан гэдэг тайлбаарыг албаны гэх тодотголтой хүмүүс хэлээд байгаа нь тохуутай. Харин хөндлөнгийн мэргэжилтнүүд угаартаж байгаа шалтгааныг өөрөөр тайлбарлаж байна.
“Ногоон титэм” лабораторийн химич Б.Алтангадас “Бид угаарын хийн талаар туршилт судалгаа ийж байсан. Түлш, зуух, агааржуулалт гээд гурвууланд нь асуудал байна. Нүүрс ч гэсэн угаартуулдаг. Гэхдээ нүүрс сийрэг бүтэцтэй. Үнэр ялгардаг учраас хүмүүс угаартах нь гэдгээ мэдэрдэг. Гэтэл энэ сайжруулсан шахмал түлш үнэр ялгардаггүй. Зөвхөн угаар мэдрэгчээр л мэдэх боломжтой. Сийрэг байх ёстой түлш хэт их нягттай болсноос болоод угаарын хий ихээр ялгарч байгаа. Хүчилтөрөгч нэвтэрч байж сийрэгжих ёстой. Гэтэл сайжруулсан шахмал түлшийг анхнаас нь сийрэг биш хэт нягтаршилтай үйлдвэрлэсэн. Энэ нь угаарын хий ялгарах бас нэг алдаа болсон” хэмээн тайлбарлав.
“Тавантолгой түлш” ХХК-ийн ерөнхий технологич Д.Өлзийбатын сонсгол дээр хэлж буйгаар сайжруулсан шахмал түлш нь стандартын дагуу хийгдэж, өдөр бүр өөрсдийн лабораторидоо шинжилж, хөндлөнгийн хэд хэдэн лабораторид хянуулдаг гэнэ. Гэвч тэдгээр лаборатори нь итгэмжлэгдсэн эсэх нь тодорхойгүй, мөн шинжилгээний нарийн бүртгэлгүй байсныг тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах Ажлын хэсэгт ажилласан нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж ярилаа. Шахмал түлшний найрлагад хорт хавдар үүсгэгч хүнцэл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэдэн зуу дахин их байгаа гэх мэдээлэл ч ам дамжин яригдаж байна. Гэтэл 1.8 сая хүний амьсгалж байгаа шахмал түлшинд ямар найрлагатай түүхий эд орсныг хариуцлагатайгаар, ил тод хэлэх байгууллага хаана ч алга. Тиймээс стандартад нийцсэн түлш үйлдвэрлэж байгаа гэдэг компанийн тайлбарт итгэх аргагүй юм. Энэ бол цаашид гэр хорооллын дулааныг нүүрснээс өөр аргаар шийдвэрлэх ёстойг харуулж буй эхний шалтгаан.
Удаах нь, одоогийн Ерөнхийлөгчийн 2018 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын тогтоолоор байгуулсан “Тавантолгой түлш” ХХК хэдхэн жилийн дотор асар том “нүглийн хүүдий”-тэй болсон. Улс төрд нөлөө бүхий эрхмүүдийн тус компанитай холбогдсон тендэр дагасан шахаа, булхай луйвар, алдагдал хэрээс хэтэрсэн. Хотын дарга Х.Нямбаатарын утааны сонсголын үеэр өгсөн мэдээллээр “Тавантолгой түлш” ХХК өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс тавантолгой” ХК-аас 1.3 их наяд, нийслэлийн төсвөөс 146.2 тэрбум гээд бараг 1.5 их наяд төгрөгийн татаас авчээ. Энэ компани энэ чигээрээ байвал нүглийн сав нь улам томорно. УИХ-ын гишүүн, “Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлшийг хянаж, шалгаж, судлах Ажлын хэсгийн ахлагч Д.Энхтуяа сонсголын үеэр энэ бүхнийг дарга нарын мөнгө шамшигдуулах схем гэдгийг онцолсон. Гэсэн ч явж явж энэ бүхний буруутанг “Энержи ресурс”-ын мидлинг болгож орхив. Тал еэвэнг эргүүлж тойруулаад ч бүтэн болохгүй
“Зэрэг нэмэхийн өмнө” кинонд еэвэнгийн талыг эргүүлж тойруулаад ноёноо хуурах гэж оролддог доо. Энэ удаад ноён нь хариуцлага нэхэж буй ард иргэд харин “еэвэн” эргүүлж тойруулаад байгаа нь хотын удирдлагууд. Тэд ирэх өвлөөс “Энержи ресурс”-ын биш “Эрдэнэс тавантолгой”-н нүүрсээр үргэлжлүүлэн угаартуулна гэдгээ хэллээ. Аль аль нь тавантолгой гэсэн нэг л бүлэг ордын нүүрс. Гол ялгаа нь угаасан нүүрс гэнэ. Гэхдээ нэг л ордоос олборлож байгаа тул хүхэр ихтэй, илчлэг өндөртэй л байж таарна. Тиймээс агаарт хүхрийн давхар исэл (SO2) дэгддэгээрээ дэгдэж, өндөр илчлэгээс нь болж зуух элэгддэгээрээ элэгдэж, айл өрхүүд угаартсан хэвээрээ л байна. Тиймээс цаашид гэр хороололд нүүрс түлэх нь бүүхэл энэ тухай эрх мэдэлтнүүд энэ тухай ярихаа болих хэрэгтэй. Шинэ 30 жилд нүүрснээсээ салж чадахгүй бол мега төсөл чинь 14 байтугай 100 байсан ч нэмэргүй. Тэгтэл нийслэлийн бодлогыг зангидаж, хотын аж ахуйг удирдаж буй эрхмүүд бас нэг үлгэр домог шиг шийдэл хэлсэн нь хийн түлш. 2025 оноос эхлэн жил бүр гэр хороололд хийн түлшний сүлжээг холбож, 2030 он гэхэд хатуу түлш түлэхгүй гэдгийг сонсголын үеэр хотын дарга Х.Нямбаатар танилцуулсан. Байшинтай айлуудад хийн шугам татаж, гэрт амьдардаг айлуудад баллонтой газ байрлуулах замаар 2032 он гэхэд 130 гаруй мянган өрхийн хэрэглээнд хий нэвтрүүлэх бололтой юм. Нүүрсний хэрэглээг 30 жил бууруулж чадаагүй эрх баригчид 7 жилийн дотор хийн түлш нэвтрүүлээд утааг бууруулна гэж ярих нь хэр зэрэг үнэмшилтэй сонсогдож байна вэ?
ОХУ-аас 3000-5000 км-ийн цаанаас тээвэрлэж авч ирсэн хийг гэр, байшингуудад суурилуулах тоног төхөөрөмжийн зардалд гэхэд 127 сая гаруй ам.долларын төсөв хэрэгтэй гээд хотын дарга танилцуулаад зогсох юм.
Гол нь Өмнөд Солонгос 1980-аад онд хийн түлш нэвтрүүлэх замаар утааг бууруулж байсан гэнэ. Гэхдээ адуу хураахаас өөрөөр сэтгэж байж энэ ажлыг хийнэ. Хугацаа ч их орно. Сөүл 1982 оноос малтмал түлшийг халж, бүх айл өрхийг хийн түлштэй болгоход 30 гаруй жилийг зарцуулсан. Ингэхдээ хийн түлшний импортын гэрээг маш урт хугацаагаар хийж, тээвэр ложистик, аж үйлдвэрлэлийн шугам, зах зээл дэх өрсөлдөөний орчин, үнийн бодлого гээд нэмүү өртгийн сүлжээг эхнээс нь эцэс хүртэл нь тооцож байж хийсэн туршлагатай. Одоо бол 2034 он гэхэд хийн түлшээ ч халж сэргээгдэх эрчим хүчинд бүрэн шилжихээр ажиллаж байгаа. Ийн дараагийн түвшний шилжилт хийж буй шалтгаан нь 2016 онд Парисын хэлэлцээрт нэгдэж үүрэг хүлээсний дагуу нэг талаас, дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 градусаар бууруулахад хувь нэмэр оруулах, нөгөө талаас олборлох түлшний станцуудаас болж ард иргэдэд учирч буй эрүүл мэндийн эрсдэлийг хаах зорилгоор ийнхүү шийдсэн байна. Тус улсад жил бүр агаарын бохирдлоос болж 800 гаруй хүн цаг бусаар өнгөрдөг аж. Импортлоод, шугам татаад хийн түлшинд шилжинэ гэвэл эндүүрэл
Хийн хэрэглээг энд үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ хотын удирдлагуудын өгч буй мэдээллээс харвал энэ шийдэл судалгаа тооцоолол муутай, хэрэгжүүлэх арга зам нь бүрхэг, ард иргэдээ бодоогүй, ахиад л дарга нарын мөнгө угаах схем болох нь гэсэн хар төрүүлж байгаа юм.
ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхан “Хийн түлш рүү шилжихэд утаа харьцангуй багасна. Гэхдээ л нөгөө дэлхийн дулааралд нөлөөлдөг нүүрсхүчлийн давхар исэл (СО2) ялгардагаараа л ялгарна. Манай орны хувьд бол зохимж муутай. Яагаад гэвэл иргэд нь хийгээд хэрэгжүүлэгчид хариуцлагагүй. Ийм нөхцөлд тэсэрч дэлбэрсэн, түлэгдэж шархадсан үзэгдэл гарсаар л байна. Миний хувь судлаачийн байр суурь бол хамгийн оновчтой эцсийн зөв шийдэл бол цахилгаан станцаа л хүртээмжтэй болгож, дэд бүтцээ сайжруулах” гэлээ.
Одоохондоо буюу 2019 оноос хойш шахмал түлшний галлагааг эрх баригчид зааж өгөөд байхад сурахгүй, угаар мэдрэгчээ ч ажиллуулахгүй байгаа хүмүүс, бид чинь. Эрх баригчдын их мөнгө зарцуулж соён гэгээрүүлэх гээд байгаа нүүрс түлэх аргыг ер нь сурах ч албагүй. Үүнтэй яг адилаар ард түмэнд дахиад шингэрүүлсэн хийн мэдрэгч байрлуулж, хэрхэн ашиглахыг заана гэвэл бүтэхгүй. Аягүй бол тэсэрч дэлбэрч амиа алдагсдын тоо гэрлийн хурдаар өсөж мэднэ. Тиймээс ингэж бодохоо л болимоор байгаа юм.
Хийн түлшний тухай хууль шинээр боловсруулах,
Өндөр даралтат хийн аюулгүй байдлын тухай хууль шинээр боловсруулах,
Хотын хийн хангамжийн үйл ажиллагаа эрхлэлтийн тухай хууль шинээр боловсруулах,
Шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй ажиллагаа, үйл ажиллагаа эрхлэлтийн тухай хууль шинээр боловсруулах шаардлагатай байгаа юм. Нүсэр ажил л даа.
Дээрээс нь хойд хөршөөсөө хий импортлох нь эрчим хүчнийхээ хамаарлыг улам бүр барьц ахиулсан шийдвэр болно гэдгийг анхаарахгүй өнгөрч болохгүй. Цахилгаан эрчим хүч, бензин шатахуунаас гадна дахиад дулаанаар хараат болох эрсдэлтэй. Бид чинь дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд өвөлждөг шүү дээ. Цельсийн -40 градусын хүйтэнд хийн түлшээ нийлүүлэхгүй гэвэл яах билээ? Хойд хөршөөс хийн түлш импортолж өвөлжинө гэдэг зөвхөн агаарын бохирдол төдийгүй биш харин эдийн засгийн тусгаар тогтнол, гадаад аюулгүй байдал талаасаа бодолцох, геополитикийн том асуудал юм.
“Нью Урбанизм” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хот төлөвлөгч, архитектор З.Туяа “Герман улс гэхэд Оросоос байгалийн хий авдаг байсан. Гэтэл оросууд хэдэн жилийн өмнөөс хий нийлүүлэхээ зогсоосон. Одоо Герман байтугай Европ бүхэлдээ хаос байдалд орчихоод байна” гэлээ.
Харин дотооддоо байгалийн хийн хайгуул судалгаагаа идэвхжүүлж, хөрөнгө оруулагчтай бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмаар хийн хангамжаа шийдэх талаас нь асуудлыг ярьж байгаа бол энэ нь улс орны эдийн засагт ч, улаанбаатарчуудын эрх ашигт ч нийцэх байв.
Нүүрсэнд өгдөг татаасаа нүдээ олсон шийдлүүдэд зориулдаг ч болоосой
Утааны сонсголын үеэр УИХ-ын гишүүн Б.Уянга “2019 онд ижил төстэй сонсгол явагдсан. Тэр сонсголын тайланг үзэж байхад сонирхолтой нь зарим нэг сэргээгдэх эрчим хүчний төслүүд, мөн байшин болон орон сууцыг дулаалах төслүүд яригдаж байсан юм билээ. Магадгүй бид зуух тараах гэх мэт хэтэрхий богино хугацааны шийдэлтэйгээ олон жил ноцолдоод байна. Дунд болон урт хугацааны төлөвлөлтөө хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж МҮОНТВ-д байр сууриа илэрхийлжээ.
Үнэхээр ч өнгөрсөн хугацаанд Улаанбаатарын гэр хорооллын утааны эх үүсвэрийг арилгахад олон улсын байгууллагууд, донорууд, судлаачид олон судалгаа тооцоолол, зөвлөмж өгч байжээ. Эдгээрт сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хөгжүүлэх, гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулж, нүүрсээр бус цахилгаанаар халаах боломжийг бүрдүүлэх зэрэг агуулга голлодог. Харин иргэдийн хувьд, зарим эрдэмтэд дулаан алдагдалгүй болгож, яваандаа орон сууцжуулах ньурт хугацааны шийдэл тул идэвхтэй дэмжиж буй.
Гэр хорооллоос үүдэлтэй утааг бууруулахад олон жил иргэний нийгмийн дуу хоолой болж буй “Хашаандаа сайхан амьдаръя” ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяр “Бидэнд нүүрс, нар салхи, ус л байна. Тиймээс эдгээрийг ашиглаж эрчим хүчний эх үүсвэрээ нэмье. Айлын хашаа болгонд цахилгааны утас байгаа. Тэгэхээр мөнгө байгаа бол энэ нөөц бололцоогоо ашиглаж утаанаас салахад зарцуулъя” хэмээн Монгол ТВ-ийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дугаарт орохдоо онцолсон. Гэр хорооллын оршин суугчид халаалт, дулаанаа нүүрсээр биш цахилгаанаар шийдвэрлэсэн айл өрхүүддээ хөнгөлөлт, татаасаа өгөхийг хүсдэг. Нүүрсэнд өгч байснаас яаж ч бодсон энэ нь дээр хувилбар. Утааг бууруулахад бодит хувь нэмрээ оруулж буй тэдний дуу хоолойг олон нийтийн сүлжээнээс хангалттай ойлгож болно.
Харин Ц.Түмэнбаяр нарын активистууд нүүрсний татаасын багахан хэсгийг дулаалгын санхүүжилтэд зориулах нь богино хугацаандаа үр дүнтэй гэж үзэж байна. Түүний тооцоогоор Улаанбаатарт 95 мянган монгол гэр байгаа бөгөөд дээвэр, туурга, битүүмжлэл, халаалт гээд цогцоор нь гэр тус бүрийг 3 сая төгрөгийн өртгөөр дулаална. Барагцаагаар 280 гаруй тэрбум төгрөгийг 5 жилийн хугацаатай зээл хэлбэрээр олговол эхний жилдээ л утаа мэдэгдэхүйц буурах боломжтой аж. 95 мянган гэр гэдэг гэр хорооллын нийт яндангийн бараг 50 орчим хувь юм.
Хувийн сууцнуудын дулаалгыг ч энэ маягаар хийгээд явах нь ямар олон хүний амь нас, эрүүл мэндийг эрсдэхээс хамгаалах боломжтой нь ойлгомжтой. Харамсалтай нь, хувийн сууцнуудын тоо бүртгэл, хийц, дулаан алдалт зэргийг тоолж, бүртгэж чадахгүй байгаа нь дулаалгын зардлыг нарийн тооцоход бэрхшээлтэй болгож байгаа аж. Нэгдсэн стандарт байхгүй тул айл өрх бүр өөртөө зориулж сууц барьдаг тул тийм ийм гэж үзэхэд хүндрэлтэй. Хот төлөвлөгч, архитекторч З.Туяа “Хуучин нийгмийн үед маш нимгэн ханатай сууц барьдаг байсан. Тиймээс байшингуудыг хэмжээд нарийн тооцоог нь гаргах хэрэгтэй байна. Тэгж байж 2030 он гэхэд хэчнээн байшинг яаж дулаалах вэ гэдэг тооцоогоо тодорхой гаргачихмаар байна. Байшин чинь хаалга, цонх, суурийн дулаалга гээд маш нарийн технологитой байдаг” гэлээ. Яндан, зуухыг тоолоход төрийн албыг өдөр шөнөгүй дайчлахаас илүү сууцнуудын хийц, дулаан алдалтын нэгдсэн бүртгэлтэй болж, тооцоо хийж, иргэдийн оролцоог хангаж, шийдэл гаргах платформтой болох нь хот төлөвлөлтөд маш чухал байна. Дулаан алдалтаа бууруулж чадвал эрчим хүчний хэрэглээ аяндаа буурна.
Харин дунд хугацаандаа эрчим хүчний реформоо утааны бохирдлоосоо салах, дээрээс нь хүлэмжийн хийг бууруулах дэлхий нийтийн эв санааны нэгдлийг хангах стратеги барих нь хөрөнгө оруулалт, дэмжлэгийн хувьд ч үр дүнтэй. Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагаас Монгол Улсын дулаан хангамжийн системд зориулсан сэргээгдэх эрчим хүчний шийдлийн баримт бичигт Монголын ихэнх барилгууд эрчим хүчний хэмнэлт багатай, дулаан хангамжийн систем нь ч үр ашиггүй байдаг. Гэсэн хэдий ч, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний томоохон боломжит эх үүсвэр нь салхи, нар, газрын гүний дулаан гэдгийг тэмдэглэжээ. Ялангуяа цахилгаан эрчим хүчний сүлжээнд холбогдох боломжтой газарт суурилуулсан нарны PV системийг бий болгох асар их нөөц бололцоотой бөгөөд цаашид цахилгааныг дулааны насос эсвэл цахилгаан халаалтанд төвлөрсөн дулаан хангамжийн зориулалтаар эсвэл бие даасан барилга байгууламжид ашиглах бүрэн боломжтой гэж бичсэн байна. Эдгээр шилжилтийг хийх нь зайлшгүй шаардлага болж байгаа ч хүний нөөцөө бэлдэж, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих бодлого зохицуулалтын орчныг бүрдүүлэх шаардлагатайг Засгийн газар болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран гаргасан Монгол Улсын Хүний хөгжлийн төлөөх Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтэд зөвлөжээ. Энэ талаар бид хот төлөвлөлтийн эдийн засагчаас тайлбар авав. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн бөгөөд ингэж ярилаа. “Улаанбаатар хотын гэр хорооллыг утаанаас салгах хамгийн наад захын цаг алдахгүй шийдвэрлэх гарц бол нар, салхины эрчим хүч. Дэд бүтэц гэхээр зардал өндөр тусах тооцоо гараад байгаа. Эх үүсвэрүүд нь хол байршилтай учраас гэр хорооллыг дэд бүтцэд холбоход нэлээд амаргүй байна. Хот төлөвлөлт буруу голдирлоор явсны балгийг л өнөөдөр амсаж байна. Гэр хороолол бол үндсэндээ нөөц газар байсан. Түр суурьшаад орон сууцанд ордог ч юмуу тийм байдлаар төлөвлөсөн юм билээ. Гэвч хотжилт хөгжсөнөөр байнгын суурьшлын бүс болж хувирсан” гэж ярилаа.
Олон санаат оргож чадахгүй гэж нэг үг бий. Нийслэлийн агаарын бохирдлын эх үүсвэр нь тодорхой байна. Хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр энгийн иргэдээс эхлээд мэргэжилтнүүд, олон улсын байгууллагууд ч тоотой хэдхэн л шийдлийг хэлж байна. Тэртээ тэргүй 30 жил туршигдаад шалгарчихсан органик шийдэл шүү дээ. Эрх баригчид өөр өөрсдийн ашиг сонирхол, амбийцаа зүтгүүлсний төлөөсийг 3.5хан сая монголчууд амь нас, эрүүл мэндээрээ 30 жил төллөө.
Монголчууд хөгжихийн тулд олуулаа бүтээмж сайтай байх хэрэгтэй. Үүний тулд эрүүл биетэй саруул ухаантай байж, орой унтаад өглөө сэрэхгүй байхвий гэх айдасгүй эрүүл, аюулгүй орчинд аж төрөх ёстой. Ийм цэвэр агаараар амьсгалдаг болсон цагт л одоо эхлүүлж буй эрчим хүчний реформ амь орж, үр дүнтэй болсон гэж ойлгох буй за.