АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нарын хоёрдугаар сарын 28-нд Цагаан ордонд уулзсан уулзалт хурцадмал байдлаар өндөрлөж, АНУ-Украины харилцаанд хүчтэй дарамт учруулсан билээ.
Энэхүү уулзалт АНУ-д Украины ховор ашигт малтмалд нэвтрэх боломжийг олгох гэрээг эцэслэх зорилготой байсан боловч маргаан дагуулсан ширүүн хэлэлцүүлэг болж хувирсан юм. Ерөнхийлөгч Трамп Украины талд үзүүлсэн АНУ-ын дэмжлэгийг хангалттай үнэлээгүй хэмээн Зеленскийг шүүмжилж, дэлхийн мөргөлдөөн өдөөж болзошгүй гэж буруутгасан аж. Дэд Ерөнхийлөгч Ж.Д. Вэнс ч мөн Зеленскийг хатуу шүүмжилсэн бөгөөд уулзалтыг гэнэтийн байдлаар дуусгаж, ямар нэгэн гэрээ байгуулалгүй таржээ.
Уулзалтын төгсгөлд Трамп өөрийн хоёр туслахдаа Зеленскийг Цагаан ордноос гаргахыг тушааж, Украины төлөөлөгчид уулзалтаа үргэлжлүүлэх хүсэлтэй байсан ч тэднийг гаргасан гэж АНУ-ын албаны эх сурвалж мэдээлжээ.
Зеленский уг уулзалтыг АНУ-ыг Оросын Ерөнхийлөгч Владимир Путины талд орохоос урьдчилан сэргийлэх боломж гэж харж байсан. Гэвч уулзалтаас хойш Трамп Зеленскийг АНУ-ыг хүндэтгэхгүй байна гэж мэдэгдэн, "Украин энх тайванд бэлэн биш байна" гэж онцолжээ.
Гарын үсэг зурагдаагүй гэрээ ба Европын хариу үйлдэл
Уулзалтаас өмнө Киев, Вашингтон хоёр Украины байгалийн баялгийг хамтран ашиглах тухай гэрээ байгуулахаар төлөвлөж байсан ч уулзалтын уур амьсгалын улмаас уг гэрээнд гарын үсэг зураагүй юм. Украин болон Европын холбоотнууд энэ гэрээг харилцаагаа сайжруулах чухал алхам гэж харж байв. Европын удирдагчид Зеленскийг хамгаалж байгаагаа илэрхийлсний нэг жишээ бол Германы канцлерын албан тушаалд нэр дэвшигч Фридрих Мэрц "Бид энэ аймшигт дайнд түрэмгийлэгч, хохирогч хоёрыг андуурч болохгүй" хэмээн мэдэгдсэнээс харагдаж байна.
Ням гарагт Европын удирдагчид Лондонд уулзаж, Украины байдал болон энхийн хэлэлцээрийн талаар хэлэлцлээ. Уг уулзалтыг Их Британийн Ерөнхий сайд Кэйр Стармер зохион байгуулсан бөгөөд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский болон Европын бусад удирдагчид оролцсон байна. Уулзалтын зорилго нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн ширүүн уулзалтын дараа Украиныг дэмжих нэгдсэн байр суурийг баталгаажуулах байлаа.
Европын удирдагчид Украины бүрэн эрхт байдлыг дэмжиж буйгаа дахин нотолж, цаашид цэргийн тусламж үзүүлэх, Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг үргэлжлүүлэхээ илэрхийлэв.
Трампын байр суурь ба Украины цаашдын нөхцөл байдал
Трампын засаг захиргаа Украины дайнтай холбоотой бодлогоо эрс өөрчилж, Киевт туслах АНУ-ын дэмжлэгийг эргэлзээтэй болгож байна. Тэрбээр Украины дайн дуусах ёстойг онцолж, "Та нар энхийн хэлэлцээ хийх ёстой, бид энэ дайнд оролцохгүй" хэмээжээ. Түүнчлэн, Украины тал АНУ-аас цэрэг оруулахгүйгээр аюулгүй байдлын баталгаа хүссэн боловч Трамп энэ саналыг үл тоомсорлосон юм.
Зеленский: Харилцаагаа сэргээх боломж бий
Зеленский уулзалтын дараа Fox News-т өгсөн ярилцлагадаа "Бид АНУ-тай харилцаагаа сэргээж чадна" гэж хэлжээ. Украины арми болон ард иргэд Зеленскийг дэмжиж буйгаа илэрхийлсэн ч АНУ-ын цэргийн тусламж цаашид үргэлжлэх эсэхэд эргэлзээ үүссэн байдалтай байна.
Трампын байр суурь Оросын тал руу хэлбийв
Ерөнхийлөгчийн албан тушаалд эргэн орсноосоо хойш Трампын Оросын талаарх бодлого улам эерэг болсон нь Европын уламжлалт холбоотнуудыг цочроож, Украиныг улам бүр эмзэг байдалд оруулжээ. Баасан гарагийн уулзалтаар энэ чиг хандлага хамгийн тодорхой илэрсэн юм.
Уулзалтын үеэр өрнөсөн онцлох яриануудаас
Уулзалт хурцадмал болсон гол шалтгаан нь Дэд Ерөнхийлөгч Вэнс Европ дахь Дэлхийн 2-р дайнаас хойших хамгийн том мөргөлдөөнийг дипломат аргаар шийдвэрлэх хэрэгтэй гэж онцолсноор эхэлсэн байна. Харин Зеленский гараа зөрүүлэн суугаад “Путинд итгэж болохгүй” хэмээн хариулж, Вэнсийг хэзээ ч Украинд ирж үзээгүйг нь онцолжээ.
Зеленский: Та ямар дипломат яриа яриад байна вэ, дэд ерөнхийлөгч өө?
Вэнс: Би танай орны сүйрлийг зогсоох дипломат арга замын тухай ярьж байна.
Зеленский Трампыг Путины эсрэг хатуу байр суурьтай байхыг уриалав.
Зеленский: Алуурчинтай ямар ч наймаа хийж болохгүй.
Трамп уулзалтын явцад Зеленскийг дараах байдлаар шүүмжилжээ.
Трамп: Чи сайнгүй байдалд байна. Хөзөр чамд байхгүй. Бидэнтэй хамт байх үед л чи хөзөртэй болно.
Зеленский: Би хөзөр тоглоогүй байна, ноён Ерөнхийлөгч өө. Энэ бол ноцтой асуудал.
Трамп: Чи хөзөр тоглож байна. Чи сая сая хүний амь нас, Дэлхийн 3-р дайнаар тоглож байна.
Трамп өөрөө уулзалтын дараа Truth Social платформ дээр Зеленскийг АНУ-д хүндэтгэлгүй хандлаа хэмээн буруутгаж, "Зеленский Америкийн оролцоотойгоор энх тайван байгуулахад бэлэн биш байна гэж би дүгнэсэн. Тэр энх тайвныг хүссэн үедээ эргэн ирж болно" гэж бичжээ.
Мөн Трамп сэтгүүлчдэд хэлсэн үгэндээ “Тэр ялагдаж байгаагаа ойлгох ёстой. Бас энх тайван тогтоомоор байна гэж хэлэх л хэрэгтэй байна. Путин тийм, Путин ийм гэж сөрөг зүйлс ярих хэрэг байхгүй. Дайн зогсох ёстой" гэж хэлсэн байна.
Тэр ялагдаж байгаагаа ойлгох ёстой. Бас энх тайван тогтоомоор байна гэж хэлэх л хэрэгтэй байна. Путин тийм, Путин ийм гэж сөрөг зүйлс ярих хэрэг байхгүй. Дайн зогсох ёстой.
Дональд Трамп
АНУ-ын Конгресст Бүгд найрамдахчуудын дунд хуваагдал үүссэн бол Ардчилсан намынхан уулзалтыг зохицуулсан байдлыг эрс шүүмжилжээ.
Энэхүү уулзалтын үр дүнд АНУ, Украин хоёрын хооронд байгуулахаар төлөвлөж байсан ашигт малтмалын гэрээ цуцлагдав. Энэ гэрээ нь Трампыг Украины дайныг дэмжих, Бүгд найрамдахчуудын дэмжлэгийг олж авах гол арга зам гэж Киев найдаж байсан юм. Гэхдээ Трамп одоогоор уг гэрээг дахин хэлэлцэх сонирхолгүй байгаа гэж Цагаан ордны албаны хүн Reuters агентлагт мэдээлжээ.
Тус уулзалтын дараа Трамп Украины дайныг хурдан дуусгаж, Оростой харилцаагаа сайжруулахыг зорьж буйгаа илэрхийлж, "Би энх тайвны бүтээгч гэдгээрээ үлдэхийг хүсэж байна" гэж мэдэгдсэн байна.
Гал зогсоох, эдийн засгийн шинэ хэлэлцээр байгуулах уриалга
Британийн улстөрч Лорд Манделсон Зеленскийд гал зогсоохыг санал болгож, АНУ-тай Украины байгалийн баялгийг ашиглах шинэ эдийн засгийн хэлэлцээр байгуулахыг уриалав. Түүний хэлснээр ийм гэрээ нь Оросын түрэмгийллийг сааруулж, АНУ-Украины харилцааг сэргээхэд туслах аж.
Олон нийтийн болон хэвлэлийн хариу үйлдэл
Цагаан ордны уулзалт дэлхий нийтийн анхаарлыг татаж, АНУ-ын гадаад бодлогын чиг хандлага өөрчлөгдөж буйг шүүмжлэх хүмүүс олон байв. Европын ихэнх удирдагчид, Унгарын Виктор Орбаныг эс тооцвол, Украиныг тууштай дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ.
Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг уулзалтыг "дипломат харилцааны томоохон сүйрэл" гэж тодорхойлж байна. “The Guardian” тус уулзалтыг орчин үеийн түүхэн дэх хамгийн том дипломат алдаа гэж дүгнэсэн бол Канадын CBC News үүнийг 1959 оны АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ричард Никсон, ЗХУ-ын Ерөнхий сайд Никита Хрущёв нарын "Гал тогооны мэтгэлцээн"-тэй зүйрлэсэн байна. “The New York Times” Трампын түрэмгий байдал, Зеленскийд хэлсэн хатуу үгс нь АНУ-Украины гурван жилийн турш үргэлжилсэн дайны үеийн түншлэлийг сүйтгэж орхисон гэжээ.
Эдгээр үйл явдлууд нь Цагаан ордны уулзалтын дараах геополитикийн хурцадмал байдлыг харуулж, АНУ-Украины харилцааны ирээдүйд тодорхойгүй байдал үүссэнийг илтгэж байна. Түүнчлэн дайн үргэлжилж буй үед дипломат хэлэлцээ ямар төвөгтэй болохыг дахин харууллаа.