Open iToim app
Анализ | 8 мин уншина

Мөрийтэй тоглоомын золиос ба зохицуулаагүй хориг

iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 2
Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн iToim.mn сайт үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан “Нийтлэлч Отгонбаяр” сангаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг зарлаад байгаа билээ. Тэргүүн нийтлэлийн уралдаанд ирүүлсэн бүтээлээс хүргэж байна.
undefined
undefined
Мөрийтэй тоглоом, бооцоот тааврыг хуулиар зөвшөөрөх хэрэгтэй гэвэл та юу гэх вэ? Бооцоот таавар буюу “Bet”, мөрийтэй тоглоомоос болж хохирсон, хорих ёстой гэх хүн олон гэдэгт сэтгүүлч миний бие итгэлтэй байна. 
Тэгвэл энэ нийтлэлээр gambling буюу мөрийтэй тоглоом, бооцоот таавар ямар эерэг болон сөрөг нөлөөтэйг өгүүлэхийг хичээе.
Юун түрүүнд Монгол Улсад энэ төрлийн бизнес хориотой. Тодруулбал, Эрүүгийн тухай хуулийн 20.17 дугаар зүйлд зааснаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол 3-5 жилээр хорих ялтай. Мөн мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон орлогыг аливаа хэлбэрээр хувиргасан, нуун далдалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” зүйлээр хариуцлага хүлээлгэнэ.
Харин мөрийтэй тоглоом тоглосон этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйл /Мөрийтэй тоглоом тоглох/-д зааснаар “Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх хариуцлагыг хүлээлгэнэ.
2024 онд цагдаагийн байгууллагаас мөрийтэй тоглоомтой холбоотой нийт 60 орчим гэмт хэргийг мөрдөн шалгажээ. 
Эдгээр хуульд мөрийтэй тоглоомын талаар тодорхойлж заасан ч бооцоот тааврын тухай мэдээлэл хомс. Уг нь олон улсад хонжворт сугалааны хамт эдгээрийг нэг малгай дор авч үздэг. Улмаар энэхүү хуулийн цоорхой буюу зохицуулалтгүй байдлыг ашиглан 1XBET, MELBET зэрэг нэр бүхий гадаадын бооцоот тааврын сайтууд Монголд үйл ажиллагаа явуулсаар байна. Монголд үйл ажиллагаа явуулсан гэхээс илүү монголчууд гадаадын бооцоот тоглоомын сайтуудад их хандаж байна гэсэн нь зохилтой биз.
Уг нь Зөвшөөрлийн тухай хуулийн 11-т "Хууль зүйн болон нийтлэг бусад асуудлаар доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно" гэсний 11.4-т "төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх" гэж тусгасан. Уг зөвшөөрлийг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгодог. Өөр ямар нэгэн хуульд бооцоот тааврыг дурдаагүй.
Гэхдээ Монголд энэ төрлийн тусгай зөвшөөрлийг авсан аж ахуй нэгжийн мэдээлэл бараг үгүй. Бараг гэдэг нь Score Bet хэмээх сайт үйл ажиллагаа явуулж байсан ч 2023 оны арванхоёрдугаар сараас хойш үйл ажиллагаа нь идэвхгүй болжээ.
Монгол дахь хувь хүмүүсийг данс цэнэглэх агент болгон хөлсөлж төлбөрийн харилцаагаа зохицуулдаг эсвэл олон улсын карт ашигладаг дээрх гадаадын байгууллагууд түлхүү электрон спортын баг, streamer-үүдийг ашиглан сурталчилгаа явуулдаг.
Гэвч Зар сурталчилгааны тухай хуулийн 6.5 /Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд дараах зүйлийг хориглонодугаар зүйлийн 6.5.1-д "зөвшөөрөл аваагүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны талаар аливаа зар сурталчилгаа явуулах", 6.5.8-д "хуулиар сурталчлахыг хориглосон бараа, ажил, үйлчилгээг сурталчлах" үйлдлүүд хориотой.
Гэтэл ихэвчлэн зар сурталчилгаа түгээж буй Facebook, Youtube зэрэг сувгууд нь зар сурталчилгааны тухай хуулийн хамрах хүрээнд багтах эсэх нь эргэлзээтэй бөгөөд энэ талбарт ч мөн ямар нэг зохицуулалтгүй, хяналтгүй мөнгө эргэлдсээр байна.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал 2025 оны хоёрдугаар сарын 21-д “1XBET-ээр дамжин 1 орчим их наяд төгрөг ямар нэгэн татвар, шалгалтгүй гадагшаа урсжээ. Олон айлын амьдралыг үрэн таран хийж буй зөвшөөрөлгүй цахим мөрийтэй тоглоомыг шалгах ажлын хэсэг байгууллаахэмээн мэдээлсэн. Тэгээд зогсоогүй 1xbet-тэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг 25 домэйн хаягийг хаагаад байна. (Domain name буюу домэйн хаяг/нэр нь интернэт сүлжээн дэх серверийн тоон хаяг (IP хаяг)-ийг жирийн хэрэглэгч нарт ойлгомжтой, уншиж тогтооход хялбар болгож, ихэвчлэн англи цагаан толгойн A-Z болон 0-9 тоон тэмдэгтүүдээр бүтээсэн үгийн бүрдэл юм)
Тэгэхээр төрийн зохицуулалтгүй энэ салбарт бидний мэдэхгүй маш их мөнгө эргэлдэж ихэнх нь гадаад валют болон урсаж байгаа нь ажиглалтаар, сайдын бүртгэлээр ч ил байна.
Энэ талаар эрх баригчдын ярьж буй шийдэл нь зөвхөн хориглох, таслан зогсоох, мөрдөн шалгах. Гэтэл хүний хэрэглээ, ялангуяа зугаа цэнгэлийг хорьж цагдаад зогсоох амаргүй.
Монголд хар тамхи, биеэ үнэлэлт хориотой ч энэ төрлийн гэмт хэрэг байнга илэрдэг. Архидалтыг бууруулна гээд өндөр градустай архи зарахыг хориглохтой л ижил үйлдэл хийж байгаа юм.
БҮРТГЭЖ ЧАДВАЛ УДИРДАЖ ЧАДНА
Хэмжиж/бүртгэж чадвал удирдаж чадна гэдэг хэлц менежмент, санхүүгийн салбарт бий. Тэгвэл энэ төрлийн салбарыг олон улсад хэрхэн зохицуулдаг вэ?
Жишээ нь Их Британи улс Gambling Commission буюу Мөрийтэй тоглоомын хороотой бөгөөд бүх төрлийн мөрийтэй тоглоомыг хянах, тусгай зөвшөөрөл олгох үүрэгтэй. Ингэснээр энэ төрлийн бизнес, мөнгөний урсгалыг хянах боломжтой болдог гэж үздэг. 
Харин АНУ, Канадын хувьд тухайд муж бүр өөр өөрийн гэсэн зохицуулалттай бөгөөд зарим нь чөлөөтэй зөвшөөрдөг бол зарим нь эрс хориглодог. Улмаар иргэд аль мужид амьдарч байгаагаас шалтгаалан сонголтоо хийх, мөрийтэй тоглоом хориглосон мужийн иргэд чөлөөтэй муж руу аялж тоглох байдлаар хэрэглээгээ зохицуулдаг.
Их Британи улсын Gambling Commission-ий албан ёсны мэдээллээр 2023 оны дөрөвдүгээр сараас 2024 оны гуравдугаар сарыг дуустал хугацаанд энэ салбарын орлого 15 тэрбум (68 их наяд төгрөг) фунт байжээ. Энэ нь өмнөх жилийнхээс 3.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүний 27 хувийг онлайн Казино, 21 хувийг Үндэсний лоттерэй буюу сугалаа, 16 хувийг бооцоот таавар, 15 хувийг онлайн бооцоот таавар эзэлсэн байна.
undefined
Харин Сингапур улсад энэ салбарыг зохицуулсан гурван хууль бий. Уг хуулиудаар хууль ёсны мөрийтэй тоглоом болон хууль бус мөрийтэй тоглоомыг тодорхойлсон ба мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдийг тодорхойлж түүнд тусгай зөвшөөрөл олгох харилцаа болон хариуцлага, шийтгэлийн төрлүүдийг нарийвчлан тодорхойлсон байна.
Мөрийтэй тоглоомыг зохицуулах газрын тухай хуулиар Сингапурын Хууль зүйн яамны харьяа Мөрийтэй тоглоомыг зохицуулах газрыг байгуулсан бөгөөд тус байгууллага нь Сингапур дахь мөрийтэй тоглоомын үйл ажиллагаанд зохицуулалт хийх, мөрийтэй тоглоомыг шударга бөгөөд гэмт хэргийн нөлөөллөөс ангид байлгах, хор хөнөөлийг багасгах замаар Сингапурын ард түмнийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллага юм гэж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2023 оны 12-р сард хийсэн “Бооцоот таавар, хонцворт сугалааны талаарх гадаад орны эрх зүйн зохицуулалт, туршлага: харьцуулсан лавлагаа” судалгаанд дурджээ.
Ихэнх улс орны мөрийтэй тоглоомын зохицуулалт нь нийгмийн сөрөг үр дагаврыг бууруулах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, орлого бий болгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг зорилготой байдаг аж.
Иргэдийн хувьд ч энэ төрлийн тоглоом шинэ бөгөөд шинэ, мэдэхгүй зүйлээс айж хориглохыг хүсэх нь хүний байгалийн хариу үйлдэл билээ. Иймд тусгай зөвшөөрөл олгож, үйл ажиллагааг нь хууль ёсны дагуу зохицуулснаар дээр дурдсан иргэдийн хохирол багасаж, татварын хэмжээгээр хянаж, гадагш урсах валютын урсгалыг багасгахад чиглүүлэх нь зүйтэй гэж үзэх үндэслэл байгаа юм. Гэсэн хэдий ч эсрэгээрээ иргэд их хэмжээний мөнгө, сэтгэл зүйгээр хохирч буй жишээ ч бий.
Энэ төрлийн зах зээлээс хүүхдийг хол байлгах нь олон улсад нэгдүгээр шалгуур аж. Тухайлбал Сингапурын дээр дурдсан хуульд насанд хүрээгүй хүнийг оролцуулсан аль ч тохиолдолд гэмт хэрэг гэж үздэг байна. Харин Хонконгийн хуульд энэ мэт зөрчлүүд нь маш өндөр торгуультай бөгөөд доод тал нь 500 мянган ам.доллараас эхэлдэг. Түүнчлэн Япон болон Өмнөд Солонгосын хуулиудад бооцоот тааварт оролцох тоглогчдыг хамгаалах дэлгэрэнгүй заалтуудыг тусгасан байдаг аж.
Бооцоот таавар, хонжворт сугалааг тодорхой түвшинд хүлээн зөвшөөрч эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулдаг боловч хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага нь хатуу байгааг дээрх судалгаанд мөн дурджээ.
ЗӨВХӨН ХОРИОД ЗОГСОХ НЬ ШИЙДЭЛ БИШ
Монгол Улсын хувьд 2022 болон 2024 онд Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Казиногийн тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн ч дэмжигдээгүй.
Манай улс шинэ зүйлсийг зохицуулахдаа удаан гэдгийг vape-ны жишээнээс, хамгийн түрүүнд хориглох тухай боддогийг архи, түгжрэлийг багасгах машины дугаарын хязгаарлалтын жишээнээс харж болно.
Аливаа асуудалд үргэлж хоёр тал бий. Эрсдэл нь боломжийг дагуулж боломж нь эрсдэлээ үүрдэг. Тэгвэл дээр дурдсан мэдээлэл болон ChatGBT, DeepSeek Ai-ын мэдээллээр мөрийтэй тоглоом, бооцоот тааврыг хуулиар зөвшөөрч зохицуулахын давуу болон сул талуудыг авч үзье.
Мөрийтэй тоглоом, бооцоот тааврыг хуулиар зөвшөөрч зохицуулахын давуу тал, боломж:
  1. Бүртгэлтэй бизнес эрхлэгчдийн орлого зарлагын тайланг хянах боломжтой. Улмаар татвараар дамжуулан далд эргэлддэг байсан мөнгийг төвлөрүүлж эргүүлээд олон нийтийг энэ чиглэлд төлөвшүүлэхэд ашиглах
  2. Дотоодын аж ахуй нэгжүүд зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулснаар гадагш урсаж буй валют багасна.
  3. Зарим улсад мөрийтэй тоглоомын салбар аялал жуулчлалыг дагуулж бүс нутгийн төсөвт томоохон байр суурийг эзэлдэг. Мөрийтэй тоглоомын бүсийг дагасан аялал жуулчлалын томоохон жишээ нь АНУ-ын Лаг Вегас, Хятадын Макао юм.
  4. Бизнес эрхлэгчид нь ил тод болсноор иргэд залилуулах, хохирох тохиолдолд хариуцах эзэнтэй болно
  5. Зах зээл нь нээлттэй болсноор далд зэх зээлийн хэрэгцээ иргэдэд байхгүй болж зөвшөөрөлгүй, хууль бус үйл ажиллагаа зогсоно
Мөрийтэй тоглоом, бооцоот тааврыг хуулиар зөвшөөрч зохицуулахын сул тал, эрсдэл:
  1. Мөрийтэй тоглоомын донтолт, сэтгэцийн эмгэгт хүргэж болзошгүй. New York Times сонины 2025 оны хоёрдугаар сарын 8-ы “The Price We Pay Betting on Sports” нийтлэлд сэтгэцийн өвчин, донтолтод хүргэж буйг хөндсөн бөгөөд АНУ-ын бооцоот тоглоомд донтогсдод зориулж буй санхүүжилт бага байгааг хөнджээ.
  2. Спортууд болон тамирчдад сөргөөр нөлөөлнө. The Guardian сонины 2025 оны нэгдүгээр сарын 31-ий “How the quick high of ‘fast-food gambling’ ensnared young men” нийтлэлд спортын тамирчид болон үзэгчдийн соёлд сөргөөр нөлөөлж буйг тайлбарласан байна.
  3. Гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлж, салалтын шалтгаан болох эрсдэлтэй.
  4. Хэрэв хяналт сул байвал луйвар, мөнгө угаах гэмт хэрэг нэмэгдэх, согтууруулах ундаа, мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдэх эрсдэлтэй. Энэ талаар дэлхий дахинд урьдчилан сэргийлэхийг хичээж санаа зовнидог бөгөөд Япон, Өмнөд Солонгосын хуулиуд маш хатуу хариуцлагын тогтолцоо суулгасан.
  5. Хүмүүс хэт их мөнгөө алдаж, зээл өрийн дарамтад орох эрсдэлтэй.
Эцэст нь дүгнэхэд одоогийн манай нөхцөл байдлаар зохицуулахгүй байх нь шийдэл биш. Харин хэрхэн зохицуулах вэ гэдэг нь чухал юм.
Жишгээс харахад энэ салбараас ашиг ологч байгууллагуудын татварын хэмжээг өндөр тавьж, бүсчлэн журамлаж, хариуцлагын тогтолцоо хатуу чанга байх зэрэг зохицуулалт нийтлэг байгааг дурдах нь зүйтэй.
Хориглосон ч далд хэлбэрээр оршсоор буй мөрийтэй тоглоом, бооцоот тааврыг хориглосон хэвээр нь үлдээж хариуцлагаас зугтах уу эсвэл хуулийн дагуу зохицуулж ил гаргаад хянах уу гэдгийг иргэн та өөрийн оюундаа тунгаах биз.
undefined

iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн