Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат улсын начин Дугарын Нэмэхбаяртай ярилцлаа. Тэрээр 1981 оны Сар шинийн барилдаанд аймгийн арслан цолтойдоо их шөвөгт шалгарч байсан хүчтэн юм. Ингэхдээ Мөнхбат, Баянмөнх, Цэрэнтогтох гээд гурван дархан аваргатай шөвгийн дөрөвт шалгарсан.
-1981 оны Сар шинийн барилдааны талаар хоёулаа ярилцлагаа эхлэх үү?
-Тухайн үед улсын аварга шалгаруулах тэмцээнд аймаг дамжиж барилдаж зургаан аймгаас шалгарсан зургаан бөх хотод ирдэг байлаа. Би 1981 онд Баян-Өлгий аймагт очиж барилдаад тухайн үед хотод ирэх, Сар шинийн барилдаанд оролцох боломжтой болсон. Тэгээд л сар шинийн барилдаанд барилдаж тав даван гурван дархан аваргатай шөвгийн дөрөвт үлдсэн. Дараа нь үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд барилдаж аравдугаар байрт шалгарсан. Түүнчлэн, уран барилдааны шагнал авч байсан.
-Орон нутгаас ирсэн залууд бага наадмын оноолт эхнээсээ л хатуу таарсан уу?
-Нэгийн даваанд улсын арслан Б.Ганбаатартай оноолт таарч байлаа. Арслан тухайн үед цэрэг байсан юм. Тухайн үед засуул Б.Ганбаатар арсланг“цол аваагүй зааланд түрүүлээд байгаа цэрэг энэ шүү” гэсэн. Би ч залуу бөхтэй нэг их бэргэлгүй барилдаад давсан. Б.Ганбаатар тэр жилийнхээ наадмаар улсын начин болсон байдаг. Хоёрын даваанд Жамц начныг даваад туг тойртол Ж.Хайдав арслан намайг амладаг юм байна. Арслантай нэг их удаан барилдалгүй давсан.
-Дөрвийн даваанд манлай заан Д.Долгорсүрэнтэй хүч үзсэн гэдэг бил үү?
-Тэгэлгүй яах вэ. Д.Долгорсүрэн заан намайг дөрвийн даваанд амласан. Бид хоёрын тал тарахгүй байсан. Д.Долгорсүрэн заан зүүн сугадах гээд би баруун зөрөх гээд л хэцүү барилдаан болсон шүү. Эцэстээ баруун барилдаад хонгодоод, давсан. Заан ч тухайн үед ид сайн байсан шүү дээ. Заантай хүнд барилдаан хийж даваад их ч баярласан.
-Тавын даваанд Булганы Д.Галдандагва начинтай тунаж барилдсан шүү дээ?
-Д.Галдандагва начин түрүү бөхийн тааварт ч орж байсан байх. Бид хоёрын барилдаан бужигнаад л өнгөрсөн. Тухайн үедээ яаж давсан аа ч мэдээгүй. Сүүлд асуухад босоо өрдөг хүнийг баруун талд нь хонгодоод давсан байна лээ. Ид барилдаж байсан болохоор аваргууд их л сайн байсан. Хөдөө амьдардаг, дөнгөж л барилдаж эхэлж байсан аймгийн цолтой бөх байсан болохоор тэгээд л би унасан даа. Тухайн үед бэлтгэл ч нээх хийж үзээгүй байсан. Аймагтаа болон аймагтаа улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бөхчүүдтэй барилдсан нь надад тухайн үедээ л бэлтгэл болсон. Тэгээд л Сар шинийн барилдаанд барилдсан. Ингээд хотод үлдэж бэлтгэл сургуулилт хийгээгүй, хөдөө сум руугаа буцсан. Сумынхан радиогоор сар шинийн барилдааны мэдээ сонсчихсон байгаа юм. Нутаг орны нэр дурсгалаа гэж бүгд баяр хүргээд л сайхан л байсан. Сар шинийн барилдаанд дахин зодоглоогүй.
-Улсын баяр наадамд хэр олон оролцож байсан бэ?
-Ер нь улсын наадамд таван удаа л ирж барилдсан. Ингэхдээ нэг удаа дөрвийн даваанд, гурван удаа тавын даваанд унаж байсан. Тодруулбал, Хадбаатар аварга, Амгаа заанд, Мөнгөн арсланд унаж байлаа. Түүнчлэн, нэг удаа тав давж, зургаагийн даваанд унасан.
-1986 оны улсын начин болсон наадмынхаа талаар яривал?
-Нэг, хоёрын даваагаа сайн санадаггүй юм. Гурвын даваанд Батсүх начинтай, дөрвийн даваанд Даваадалай начинтай барилдсан. Тэр жил Пүрэвийн Дагвасүрэн арслангаар тав давж улсын начин болсон. Дараагийн даваанд нь Д.Цэрэнтогтох аваргын аманд гараад унасан. Аварга ч хурдтай, олон угсраа мэхтэй тэсрэлттэй ховор заяах өгөгдөлтэй хүчтэн байсан даа. Би ч Д.Цэрэнтогтох аваргын барилдааныг үзэх их дуртай байсан.
-Та Говь-Алтай аймгийн наадамд хамгийн олон удаа түрүүлсэн бөх гэдэг шүү дээ?
-Тэгэлгүй яах вэ. Говь-Алтай аймгийн наадамд тав түрүүлж, хоёр үзүүрлэсэн. Үзүүрлэхдээ Цэрэндаш начинтай барилдсан. Түрүүлэхдээ Амартүвшин заан, Буянт болон аймгийн заан болсон залуустай хүч үзэн барилдаж байлаа. Би нэрэмжит барилдаанаа зохион байгуулаад 30 гаруй жил болж байна.
-Таныг ид барилдаж байх үед бөхчүүд их жудагтай байсан гэх юм билээ?
-Дээр үеийн бөхчүүд гүндүүгүй, элдэв булхай хийдэггүй байлаа. Сайхан барилддаг байсан. Унасан, давснаа нээх тоодоггүй л байлаа.
-Танай удамд бөх хүн бий юү?
-Манай аав сумын заан цолтой хүн байсан. Тухайн үедээ тодорч цол аваагүй барилддаг хүн манай удамд олон бий. Манай хоёр дүү аймаг, сумын цолтой барилдаж л байсан.
-Та ямар мэх хамгийн олон хийдэг байв?
-Би элэг бүснээс татаж хавирах мэх, баруун хонгодох, баруун, зүүн тонгорох мэх хийдэг байлаа. Хав барьцаас, элэг бүснээс ч хавирдаг байсан.
-Одоо ид барилдаж байгаа бөхчүүдэд та юу гэж хэлэх вэ?
-Бэлтгэлээ сайн хийж шударга сайхан барилдаж, амжилт гаргаарай. Допинг хэрэглэж болохгүй шүү гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа. Та сайхан шинэлээрэй.
-Баярлалаа. Монголынхоо нийт ард түмэндээ эрүүл энх, байхыг ерөөе. Бүдээрээ сайхан шинэлээрэй.