“Элдэв Эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр 13.00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
Тэгвэл 1963 оноос эхлэлтэй Сар шинийн барилдаанд 15 аварга түрүүлж байжээ. Тодруулбал, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Дамдин, С.Цэрэн, Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар, О.Балжинням, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Д.Сумъяабазар, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, О.Хангай нар юм. Тэднээс:
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 13,
Дархан аварга Х.Баянмөнх 9,
Дархан аварга Ж.Мөнхбат 6,
Дархан аварга Д.Цэрэнтогтох, Г.Өсөхбаяр, улсын аварга Д.Хадбаатар, Ч.Санжаадамба нар 3,
Дархан аварга Д.Дамдин, А.Сүхбат, улсын аварга Д.Сумъяабазар нар 2,
Даян аварга С.Цэрэн, улсын аварга О.Балжинням, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Хангай нар 1 түрүүлсэн байна.
Түүнчлэн, Дархан аварга Г.Өсөхбаяр 2004, 2005 онд түрүүлснээс хойш 20 жилийн хугацаанд Цагаан сарын барилдаанд дараалан түрүүлсэн бөх байхгүй. Сар шинийн барилдаанд түрүүлж үзээгүй аварга цолтой гурван бөх бий. Үүнд дархан аварга Н.Батсуурь, улсын аварга Ч.Бээжин, П.Бүрэнтөгс нар багтаж байна.
Тэгвэл могой жилд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийг нэрлэвэл:
1965 оны могой жилийн барилдаанд улсын арслан Л.Сосорбарам түрүүлж, дархан аварга Д.Дамдин үзүүрлэсэн.
1977 оны могой жилийн барилдаанд дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, улсын арслан П.Дагвасүрэн үзүүрлэсэн.
1989 оны могой жилийн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэсэн.
2001 оны төмөр могой жилийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүлж, Д.Сумъяабазар аварга үзүүрлэсэн.
2013 оны усан могой жилийн барилдаанд Г.Эрхэмбаяр аварга түрүүлж, С.Мөнхбат аварга үзүүрлэсэн.
Энэ жилийн барилдааны нэг, хоёрын даваа өнөөдөр буюу хоёрдугаар сарын 27-нд явагдана. Харин 3-8-ын даваа битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 28-ны 13 цагт эхэлж, түрүү үзүүрийг тодруулах юм.