Open iToim app
Анализ | 10 мин уншина

Ардчиллаа залгиж буй Монгол

iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 27
Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн iToim.mn сайт үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан “Нийтлэлч Отгонбаяр” сангаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг зарлаад байгаа билээ. Тэргүүн нийтлэлийн уралдаанд ирүүлсэн бүтээлээс хүргэж байна.
undefined
undefined
I.Ардчиллын амин сүнс эрх мэдлийн хуваарилалт
Ард түмний төлөөллийн дээд байгууллага болох УИХ-ын хууль тогтоох бүрэн эрхэд Засгийн газрын халдах, нөлөөлөх хандлага нэмэгдэх нь ардчилалд хортой. Учир нь Ардчиллын индекс нь хууль тогтоох байгууллагын бие даасан байдал, эрх мэдлийн хуваарилалт, төрийн эрх мэдэл хянагдах байдлыг харгалзан үнэлэгддэг. Гэтэл Засгийн газар өөрийн эрх мэдлээ нэмэгдүүлэх зорилгоор УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдээр дамжуулан шууд болон шууд бус нөлөөлөл үзүүлэх болсон нь парламентын хараат бус байдал,  ардчиллын чанарт шууд утгаараа муугаар нөлөөлөх боллоо. УИХ-ын хууль тогтоох эрх  мэдэлд хөндлөнгөөс Засгийн газар өргөн барьсан хуулийн төслүүдээр дамжуулан нөлөөлөхөөр оролддог тохиолдол ажиглагдах болсныг хоёр баримтаар  тайлбарлая.
Баримт I.  2024 оны наймдугаар сарын 26.
2024 оны Төсвийн тодотгол хийж буй тухайн үед Засгийн газраас дагалдуулан оруулж ирсэн Худалдан авах ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн заалт нь "тендергүй" болъё гэдэг агуулгатай байсан.  Тиймээс  төсвөөс санхүүжилттэй ажил, үйлчилгээг төр нь хувийн хэвшлүүдээсээ дээрэмдэж болохгүй гэж нэр бүхий гишүүд эсэргүүцэж, УИХ дахь МАН, АН-ын бүлгээс УИХ-ын улсын төсөв батлах онцгой бүрэн эрхэд халдсан байж болзошгүй зүйл заалт гэж үзээд эргэж харах ёстой гэсэн байр суурийг тухайн үед илэрхийлж байлаа. Үнэндээ, тухайн хуулийн төсөлд, чадавхад суурилсан хэрэгцээний аргаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтад багтсан төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг санхүүжилтийн эх үүсвэр батлагдахаас өмнө эхлүүлж болно гэж тусгасан нь онцгой бүрэн эрхэд халдсан байж болзошгүй гэж үзээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад дээрх зүйл заалтыг хасаж, баталсан байдаг. Энэ мэтээр УИХ-ыг үнэгүйдүүлэх, хүчгүйдүүлэх сонирхол Засгийн газраас үе, үе цухалзах болсон нь өргөн барьсан хуулийн төслүүдэд тусгагдсан зүйл заалтуудаас харж болно.  Уг нь УИХ нь хууль тогтоох бүрэн эрхээ эдэлдэг байх, Засгийн газар нь гүйцэтгэх засаглалаа хэрэгжүүлдэг байх буюу Үндсэн хуулиар хуульчилж өгсөн эрх мэдлийн хуваарилалтуудаа хил хязгаар дотроо байлгах нь ардчиллын амин сүнс нь.
Баримт II.  2015 оны зургаадугаар сар.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-ын мөрдөн шалгах эрхийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд шилжүүлэх хуулийн төсөл санаачилж, өргөн барьсныг УИХ дэмжиж, хэлэлцүүлгийн шат руу шилжүүлсэн байдаг. Энэ үед УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нь АТГ-д шалгуулж байсан тул өөрийг нь шалгаж эхэлсэн тул хууль санаачлах эрхээрээ эргүүлээд АТГ-ыг айлгаж байна гэх хардлага нийгэмд үүсэж байв. Гэхдээ энэ гол асуудал биш. Учир нь, хууль санаачлах бол УИХ-ын гишүүний хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрх, хийдэг гол ажил нь.  Тухайн үед хууль санаачлах эрхтэй 78  субъект Монголд байлаа. УИХ-ын 76 гишүүн, Ерөнхийлөгч, тэгээд Засгийн газар. Харин тэдний санаачилсан төслийг хууль болгож тогтоох, үгүйг шийддэг цор ганц газар нь УИХ. Тиймдээ ч,  Үндсэн хуульд “УИХ бол хууль тогтоох төрийн дээд байгууллага..., хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана” гэж заасан байдаг. Гэтэл Н.Алтанхуяг гишүүний энэ эрхээ эдэлж санаачилсан хуулийн төслийг хууль болгон тогтоох, үгүйгээ парламент хэлэлцэж явах процесс дундуур Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-өөс бичиг ирүүлж, УИХ-ын хэлэлцэх асуудлын дарааллаас хасуулсан тохиолдол гарч байлаа.  Энэ үйлдлээс шууд  ҮАБЗ УИХ-ын гишүүний хууль санаачлах эрх, УИХ-ын хууль тогтоох эрх мэдэлд халдсан гэж дүгнэж болохоор байсан юм.  УИХ-аас давсан эрх мэдэл ажлын хэсэгт ч, ҮАБЗ-д ч байх учиргүй. ҮАБЗ бол зөвлөмж өгдөг, гурван гишүүнийх нь хоёр нь УИХ-аас сонгогдож, томилогддог, бас парламентын шийдвэрээр чөлөөлөгддөг. Харин УИХ бол бүх ард түмнээс сонгогдсон иргэдийн төр дэх төлөөлөл. Гэтэл сүүлийн үед энэ мэт төрийн хууль дүрмийг хэлэлцдэг дэг жаяг тогтсон хуулиасаа өөрөөр явах тохиолдол гарах болсон нь  хууль тогтоох эрх мэдлийн хэрэгжилт дэх  “шүдний өвчин” боллоо.
Гэвч энэ буруу жишиг ужгирч үргэлжилбэл Монгол Улс “согогтой ардчилал”-аас ухарч бүр авторитар дэглэмтэй төрт улс болоход ойрхон. Үндсэндээ ардчиллын гол зарчим болох эрх мэдлийн хуваарилалт, хяналт, тэнцэл, шударга ёс, иргэний оролцоо алдагдсанаар ардчилал нэр төдий болж, бодит амьдрал дээр олигархийн эрх мэдэл бүхий, хяналтгүй тогтолцоо хаяанд ирээд хатавчинд суусныг анзаарч ардчиллаа тордож, услахад анхаарах цаг нь болжээ.
II.Ардчилал нь сааралтаж, дарангуйлал өнгө орох Монгол
Эрх чөлөө гэдэг ямар үнэ цэнтэй болохыг 35-хан жилийн өмнөөс монголчууд ардчилсан хувьсгалаар олж аван мэдэрч эхэлсэн. Гэвчиг үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх буюу ардчиллын амин сүнс болсон уг эрх чөлөө сүүлийн жилүүдэд хурдацтай хумигдах болов. Өнөөх хэлэх гэсэн үгээ хэнээс ч айхгүй хэлдэг, хүссэн зүгтээ хэнээс зөвшөөрөл авахгүйгээр зорчдог монголчуудын үндсэн эрх чөлөөг хязгаарлах оролдлого идэвхжив. Ялангуяа цахим орчны хяналтыг чангатгаж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг 30 хоног баривчлаад сулласан тохиолдол ч гарлаа.
Жагсаал цуглаан бол ард иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, эрх ашгаа хамгаалах, нийгмийн шударга бус байдлыг засах, бодит оролцоо, өөрчлөлтийг хүсэх тайван тэмцэл. 2020-2023 онд улсын хэмжээнд 736 жагсаал цуглаан болжээ. Нэг жагсаал хамгийн багадаа нэг хоног үргэлжилсэн гэж тооцвол 1095 хоногийн 736 өдөр нь жагсаал цуглаантай байж. Энэ тоо нь эрх ашгийнхаа төлөө тэмцэж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлсэн ч, үр дүнд хүрсэнгүй. Төр засаг ч жагсаал цуглааныг тоодог, айдаг цаг ард үлдэж. Цөхөрсөн олны гомдлын илэрхийлэл суулт, өлсгөлөн зэрэгт ингэж дүлий дүмбэ хандах нь төр үйл ажиллагааныхаа үндсэн зарчим болох шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах Үндсэн хуулийн үүргээ биелүүлж чадахгүйг илтгэх гол индикатор. Энэ чигээрээ уруудвал Ардчилсан фасадтай Авторитар дэглэмтэй саарал улс болоход ойртсоны нотолгоо. 
Жагсаал цуглааныг хэрхэн хийж, төрийнхөө бодлого шийдвэрт яаж нөлөөлдгийг саяхан БНСУ-ын иргэд үлгэрлэн харууллаа. Ерөнхийлөгчийнхөө гаргасан шийдвэрийг эсэргүүцэн хормын дотор хэдэн зуун мянгаараа цуглаж, 24 цаг хүрэхгүй хугацаанд шийдвэрийг нь цуцлуулсан юм. Гэвч манай иргэд жагсаж төв замаа хаагаад ч татвар, хураамж нэмэгдсэн шийдвэр өөрчлөгдсөнгүй. Ингэж иргэдийнхээ жагсаал цуглаан хийх, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг үнэгүйдүүлэх, саармагжуулах аргыг эрх баригчид хайдаг, хэрэгжүүлдэг болсон байна. Иргэний оролцоо сул, төрийн шийдвэр гаргалтад ард түмэн нөлөөлж чадахгүй, зөвхөн эрх баригчдын түвшинд шийдвэр гардаг болно гэдэг өнөөх дарангуйлал айсуйн шинж.
III. Авторитар дэглэм рүү “хөл алдах” Монгол
Монголд эрх баригчид нь ардчилсан сонгуулиар сонгогддог хэдий ч сонгуулийн бусад үед амьдрал тийм ч ардчилсан байхаа больсон. Ардчиллын индексийг тодорхойлдог олон улсын судалгаанууд ч үүнийг бодитоор илтгэж байгаа. "Varieties of Democracy" (V-Dem) институтийн 2023 оны тайланд Монгол Улс 179 орноос 77 дугаар байранд жагсаж, өмнөх оноосоо 16 байраар, 2024 онд дахин дөрвөн байраар ухарч, 81 дүгээр байрт жагсаад байна. Үндсэндээ авлигын индексээр ухрах болсон шигээ ардчиллынхаар бас сүүлийн хоёр жил шил дараалан буюу нийт 20 байраар ухарлаа. Ингэж, саарал жагсаалтад гацсан нь Монгол Улс аль хэдийн Авторитар дэглэм рүү “хөл алдаж” эхэлснийг илтгэнэ. Олон улсын ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Michael Dust “Монгол ардчиллын индексээр ухарсаар байвал  авторитар дэглэмд орох эрсдэлтэй” гэдгийг ч сануулж.
Тун удахгүй буюу ирэх дөрөвдүгээр сард 2025 оны ардчиллын индексийн  судалгааны дүн дэлхий дахинаа зарлагдана. Ардчилсан орны жагсаалтад арай хийн дэнжигнүүлэн барин тогтоож буй ганц торойх зүйл нь олон намын оролцоотой, чөлөөт сонгуулийн тогтолцоо. 2024 он УИХ-ын ээлжит сонгууль, орон нутгийн ИТХ-ын ээлжит сонгууль гээд иргэд нь төлөөллөө сонгодог сонгуулийн жил байлаа. Монгол Улсын ардчилал улам уруудах уу эсвэл ардчилал нь саарал хэвээр үлдэх үү гэдэг их сонин. Энэ судалгааны дүн муу гарвал Монголд дарангуйлал албан ёсоор ирсэн гэдгийг бататгах болно. Учир нь, сонгуулийн булхай их бага гэлтгүй гарч, санал худалдаж авах, сонгогчдын саналыг мөнгө, албан тушаалаар худалдан авах үзэгдэл түгээмэл болж, иргэд нь байдаг зүйл мэт хүлээж авдаг болоод эхэлсэн.   Улс төрчдийн популист амлалт буюу бодитой хэрэгжих боломжгүй, уриа лоозонгийн маягтай, мөрөөдлийн амлалтууд өгч, түүнийгээ хэрэгжүүлэх нэрийдлээр төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, авлигыг гааруулж,  улсын эдийн засагт хохирол учруулдаг. Гэхдээ саналаа өгсөн иргэд төр дэх өөрсдийн төлөөллөө буюу тэрхүү популист улс төрчдийг хянаж, шалгуулаад, хууль зөрчсөн бол эгүүлэн татах зохицуулалт нь тунхагийн маягтай. Энэ нь Монголын сонгуул ардчилсан бус өөрөөр хэлбэл бодит биш болсны баримт гэдгийг ойлгож харах цаг ирж.
Монголын ардчиллыг “хүн” гэж төсөөлбөл тэр хүндээр “өвджээ”. Өвдөх өвдөхдөө “үхлийн” халдвар авчээ. Монголын ардчиллын тухай, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Монголд ардчилал бүтэн ирээгүй, эрэмдэглэгдсэн. Ах нар дүрийг нь авчирч, гарчгийг нь тавьсан. Бусад нь ирээгүй байхад ардчиллыг дүгнэх эрх бидэнд байхгүй. Ардчиллыг бид нар үзээгүй” гэж тайлбарлаж байна.
Мөн монголын төр нэгэн үе “MCS групп”, “Худалдаа хөгжлийн банк”-ных байсан бол одоо цагт “Бодь групп”-ийнх болсон гэх хардлагаа ч нуусангүй. Энэ нь бизнес улс төр хоёрын хэт уялдаа буюу бизнесийн бүлэглэлүүд нь улс төрийг санхүүжүүлж, нөлөөгөө тогтоодог тогтолцоо Монголд амь бөх оршсоор буйг илтгэж байна. Үндсэндээ ардчиллаасаа ухардаг шалтгаануудын нэг нь ардчилсан сонгууль явуулдаг хэдий ч төрийн эрх мэдэл, улс төрийн тодорхой хүрээний хүмүүст төвлөрдөгтэй холбоотой. УИХ-ын гишүүд нь давхар дээл нөмөрч, Засгийн газрын гишүүнээр ажиллах нь парламентын хяналт, тэнцэл алдагдаж, эрх мэдэл нь цөөн хүний гарт ордог бичигдээгүй онол Монголын төрд бодитоор хэрэгжиж байна. Мөн олон намын системтэйг илтгэн Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 39 нам бий ч тэдний ихэнх нь ганц даргын цүнхэнд тамга, гарын үсэгтэйгээ багтдаг учраас улс төрийн гол тоглогчид нь МАН, АН гэсэн хоёрхон намын хүрээнд хязгаарлагдаж, бодит өрсөлдөөн бараг байхгүй байсан, байгаа нь монголчууд биднийг ардчиллаа мартахад хүргэлээ.
Ардчилал, авлига, шударга ёс хоорондоо салшгүй хэлхээтэй. Сайн байвал нэгнээ тэтгэж, саар бол нэгнээ сааралтуулан халдварлаж, татаж унагаадаг жишигтэй. Тиймдээ ч, монголын ардчилал угаартаж, сааралтсан тул авлигын индексээрээ ч дэлхийд доогуур үнэлгээтэй, жилээс жилд улам ухарсаар байна. Өнгөрсөн 2023 оны авлигын индексээр Монгол Улс таван байр ухарч, 180 орноос 121-т жагссан. Гэтэл 2024 оны авлигын индексээр долоон байраар урагшилсан нь геополитикийн хүнд үеэс шалтгаалж долоон орны индекс уруудсантай холбоотой. Энэ нь эргээд Монгол Улсад урагшлах боломж олгосон гэжээ. Уг чанартаа Монгол Улсын авлигын индекс өнгөрсөн жилүүдийн түвшиндээ байж, нэг их ахиц дэвшил гараагүй буюу бидний урд байсан улс орнууд хойшлосон нь биднийг урагшилсан мэт харагдуулсан хэрэг. Нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүй гэх бидний мэддэг дөрвөн аргын тооны жишээ шиг.
Арга ч үгүй биз. Эрх баригчдын холбогдсон авлигын хэрэг нь шийдэгдэхгүй замхардаг тогтолцоо бүдгэрэх нь бүү хэл улам тодрох боллоо. Ерөнхийлөгч нь, УИХ нь, Засаг нь шүүх, прокурорын байгууллагаа харцаараа удирдах нууцхан хүсэлтэй. Үүнийгээ бататгасан нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө зөвтгөж, шүүгчдээ буруутган хийсэн удаа дараагийн мэдэгдэл. Тэр  авлигатай тэмцэх гээд амаргүй их ажилласан бус захиргааны хэргийн шүүгчдийг өөрийнх нь харцаар хөдөлсөнгүй гэх буруутгал, хорслоо мэдэгдлээрээ дамжуулж үнэртүүлсэн төдий. Өөрийнх нь нам эрх барих он цагуудад Монгол Улс дахь авлигын түвшин буураагүй, улам л авлигажсаар буйг шүүхээр шийдсэн авлигын хэргийн тоо, авлигаас орж ирсэн мөнгөн дүн нэмэгдсэнтэй холбон тайлбарласан удаатай. Олигархуудын нөлөө улс төрөөс яваагүй цагт авлига Монголын төрөөс холдохгүй гэдэг энгийн логиктой. Авлигажих тусам ардчилал нь бүдгэрч буйг ойлгох оюуны потенциал төрийн өндөрлөгүүдэд баймаар.
IV.  Саарал Монгол 
Саяхандаа дөрвөн настай охиноо цэцэрлэгээс нь аваад алхаж явтал “Ээжээ тэнгэр цэнхэр байдаг байж ойрдоо яагаад саарал байна. Цэнхэр тэнгэрийг саарлаар будсан юм болов уу? Яагаад, яаж будсан юм бол?...” гэж ар араас нь залгуулсан асуулт тавих. Үндсэндээ өөрөө асуугаад өөрөө хариулчих нь тэр... Хорвоотой танилцаад дөрөвхөн жил болж буй охин минь утаа саарал, өнөөх саарал утаа нь тэнгэр бүрхээд хот нь саарал болсныг ойлгодог болчхож... Гэхдээ тэнгэрээ цэнхрээр нь л харах хүслээ хэлэх ээ мартсангүй. Энэ бол монгол хүүхэд бүрийн туйлын хүсэл.
Гэвчиг Монголын нийслэл Улаанбаатарын тэнгэрийг багачууд нь угаасаа л саарал гэж ойлгохоор утаандаа, агаарын бохирдолдоо хот нь “сааралтсаар”. Зөвхөн сүүлийн найман жилд 785 хүн угаар, утаанаас болж амиа алдсан. Байх л ёстой золгүй явдал мэт... Засгийн газар эмгэнэж, өршөөл эрсэнгүй. Бүр  утаа, агаарын бохирдлоос болж амиа алдсан иргэдийн статистик тоо төрийн байгууллага дунд замхарч, зөрж, бодит мэдээллийг ил гаргахгүй гэж “нам” дарсан болж  байна. Утаа, агаарын бохирдлоо бууруулахаар төр нь ажилласан нэр зүүх хооронд утаа, угаар нь үхэлтэй нийлээд хүнээ “идэж” дууслаа.
Төр, иргэн нь ч Үндсэн хуульдаа “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй”-гээ тунхагласан гэдгээ умартсан болохоор агаарын бохирдолтой тэмцэх нь мөнгө угаах, төсөв завших эрх мэдэлтнүүдийн арга болж хувирсан гэхэд хилсдэхгүй.
Монгол Улс 2008-2023 онд агаар орчны бохирдлыг бууруулахад 1.7 их наяд төгрөгийг зориулсан ч, 300 тэрбум төгрөгийг хууль бусаар буюу хуулийн 147 зөрчил гаргаж зарцуулсан гэх дүгнэлтийг УИХ-аас зохион байгуулсан утааны ерөнхий хяналтын сонсголын үеэр шинжээч танилцуулж зогссон.
Утаа, агаар, орчны бохирдол бол Монголын төр хүний эрхийг хангах, хамгаалах үндсэн үүргээ хэрэгжүүлж чаддаггүй гэх үнэнийг хагас хугас харуулсан үнэлгээ. Үндсэндээ агаар, орчны бохирдлын асуудал бол зөвхөн эрүүл мэндийн төдийгүй хүний эрх, засаглалын буюу Засгийн газрын хариуцлага, төрийн чадавхын асуудал юм. Үүнийг шийдвэрлэхгүй байх нь нөгөө талд Монгол Улсын ардчиллын индекс буурах, саарал жагсаалтад орших үндсэн шалтгаан болсон юм. 
Тиймдээ ч, ардчилал, авлига, хүний эрхийн индексийг тодорхойлж үнэлдэг олон улсын байгууллагууд Монгол Улс ардчиллын чанараа сайжруулахын тулд авлигын эсрэг тэмцлээ бодитой болгож, Үндсэн хуульдаа тунхагласан иргэний эрхээ хамгаалж, хариуцлагатай засаглалтай болоход онцгой анхаарах шаардлагатай гэж зөвлөсөөр байна.
undefined
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн