Дэлхийн 195 улсаас 80 гаруй нь уул уурхайн салбарт төрийн шууд оролцоотой байдаг бөгөөд үүнийг өмчлөл, хамтарсан хөрөнгө оруулалт, лицензийн систем зэргээр хэрэгжүүлдэг байна. Мөн улс орнууд хууль тогтоомж, татвар, стратегийн бодлогоор дамжуулан уул уурхайн салбарт шууд бус хяналт тавих нь элбэг.
Төрийн оролцоо уул уурхайн салбарт түгээмэл байх агаад зэс, ховор металл, лити, алт зэрэг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал ихтэй улсууд илүү өндөр хяналт тавьдаг аж. Зарим улсын Засгийн газар салбараа бүрэн хянадаг бол зарим нь хамтарсан хөрөнгө оруулалт, зохицуулалтын механизмаар улсынхаа ашиг хүртэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Тиймээс Засгийн газрууд улсынхаа уул уурхайн салбарт ямар оролцоотой байдаг жишээнүүдийг тоймлон хүргэж байна.
Улсын бүрэн эзэмшилтэй уул уурхайн компаниуд
Уул уурхайн орд газрыг бүрэн хяналтдаа байлгаж, төрийн өмчит компаниудаар дамжуулан олборлодог хэд хэдэн улс бий. Гэсэн хэдий ч төр бүх ашгийг хянаснаар менежментийн үр ашиггүй байдал, авлига, гадаад хөрөнгө оруулалтын хомсдол үүсэх эрсдэл бий.
Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч уг компани Чилийн Засгийн газрын бүрэн эзэмшилд байдаг. Тус улсын Засгийн газар Chuquicamata, El Teniente зэрэг томоохон уурхайнуудыг хяналтдаа авсан.
Хятад – Төрийн өмчит ховор металлын уурхайнууд
БНХАУ-д ховор металл, нүүрс, лити зэрэг уул уурхайн салбарыг төрийн өмчит компаниуд хянадаг. Газрын ховор элементийн салбарт тэргүүлэгч "China Northern Rare Earth Group" зэрэг компаниуд удирдан ажилладаг байна. Тус улсын Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын олборлолтод хатуу хяналт, квот тогтоодог.
Саудын Араб – Ma’aden (Алт, фосфат, хөнгөн цагаан, зэс)
Ma’aden компанийн дийлэнх хувийг тус улсын Засгийн газар эзэмшдэг. Ras Al Khair (фосфат), Jabal Sayid (зэс) зэрэг томоохон төслүүдийг ч мөн адил төрөөс хянадаг аж.
Венесуэл – Засгийн газар алтны уурхайн салбарыг бүрэн хянадаг.
Казахстан – "Kazatomprom" гэх ураны төрийн өмчит компанитай.
Төр, хувийн хэвшлийн хамтарсан компаниуд
Ийм төрлийн компаниуд үндэсний ашиг сонирхол, эдийн засгийн тогтвортой байдал, технологи, санхүүгийн эх үүсвэрийг хослуулж чаддаг ч улстөржилт, ашиг хуваарилалт, авлига, тогтворгүй байдал зэрэг эрсдэлийг байнгын дагуулж байдаг. Засгийн газар оновчтой бодлого хэрэгжүүлж, ил тод байдлыг ханган, хувийн хэвшилтэй зөв түншилбэл хамтарсан уул уурхайн төслүүд амжилттай хэрэгжих боломжтой болдог. Засгийн газар уул уурхайн компанийн тодорхой хувийг эзэмшиж, хувийн хөрөнгө оруулагчдад боломж олгодог энэ төрлийн жишээнүүдээс дурдвал:
Ботсвана – Debswana (Алмаз)
Debswana нь Ботсванын засгийн газар ба De Beers-ийн 50/50 хувьтай хамтарсан компани юм.
Индонез – Freeport Grasberg дахь засгийн газрын хувь (Зэс, алт)
Индонезийн Засгийн газар Grasberg уурхайн 51 хувийг хувийн компаниас эргүүлэн авсан.
Монгол – Оюу толгой дахь төрийн эзэмшил
Монголын Засгийн газар 34 хувийг, Рио Тинто 66 хувийг эзэмшиж, уурхайн үйл ажиллагааг Рио Тинто удирдан ажилладаг.
Стратегийн хяналт, нөөц бүрдүүлэлт, экспортын хязгаарлалт
Тухайн улс уул уурхайн ордыг эзэмшдэггүй ч худалдааны хяналт, нөөц бүрдүүлэх бодлогоор уул уурхайн салбарт оролцдог хэд хэдэн тохиолдол бий.
Хятад – Ховор металлын экспортод хязгаарлалт тогтоож, дэлхийн нийлүүлэлтийг хянадаг.
АНУ – Үндэсний Батлан Хамгаалахын Нөөцийн Сан
АНУ өөрийн гэсэн уурхай эзэмшдэггүй боловч ховор металл, литий, кобальт зэрэг стратегийн ашигт малтмалыг худалдан авч, нөөцөлдөг. Тийнхүү ховор металлын импортыг хянадаг байна.
Австрали – Стратегийн ашигт малтмалын бодлого
Ихэнх уурхайнууд хувийн хэвшилд байдаг ч Австралийн Засгийн газар литий, никель, ховор металлын ашигт малтмалын төсөлд хөрөнгө оруулалт, санхүүжилт олгодог.
Норвегийн баялгийн сан нь газрын тос, байгалийн баялаг ихтэй орнуудын ашиг орлогоо ирээдүйд зориулан хуримтлуулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах шилдэг загварын нэгд тооцогддог. Тус сан бүрэн төрийн өмчит баялгийн сан бөгөөд Норвегийн Сангийн Яам стратеги, бодлогыг боловсруулж, Норвегийн Төв Банкны Хөрөнгө Оруулалтын Менежмент (NBIM) өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагааг нь хариуцдаг.
Орлогын эх үүсвэрийн хувьд татвар, төрийн өмчит компаниудын ашиг, гадаад хөрөнгө оруулалтын өгөөж, валютын ханшийн өсөлт зэргээс бүрддэг аж. Засгийн газар орлогын 3-4 хувийг улсын төсөвт зарцуулж, нийгмийн халамж, боловсрол, эрүүл мэндийн салбарт хуваарилдаг. Мөн тус сан ёс зүйн хяналттай ажиллаж, хүний эрх зөрчдөг, байгаль орчинд сөрөг нөлөөтэй компаниудад хөрөнгө оруулдаггүй гэдгээрээ онцлог ажээ.
Ямар орнууд Норвегийн загварыг жишиг болгодог вэ?
Чили – Зэсийн экспортоос олсон орлогоос баялгийн сан бүрдүүлдэг.
Арабын Нэгдсэн Эмират (Абу Даби, Дубай) – Газрын тосны орлогыг баялгийн санд төвлөрүүлж, олон улсад хөрөнгө оруулалт хийдэг.
Катар, Кувейт, Саудын Араб – Нефтийн орлогоос хуримтлал үүсгэж, хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан эдийн засгаа төрөлжүүлэхийг зорьдог.
Сингапур (GIC, Temasek Holdings) – Улсын сангийн хөрөнгийг гадаад зах зээлд оруулж, ашиг хүртэх менежментийн загварыг ашигладаг.
Дэлхийн 195 улсаас 80 гаруй нь уул уурхайн орд газарт төрийн ямар нэг хэлбэрийн оролцоотой байна. Үүнээс 30 гаруй улс уул уурхайн салбарыг төрийн бүрэн хяналттай ажиллуулж байгаа бол, 40 гаруй улс төрийн хэсэгчилсэн өмчлөлтэй буюу хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна. Тэгвэл бусад улс уул уурхайн ордыг хувийн хэвшилд олгодог ч лиценз, татвар, зохицуулалтаар хяналт тавьдаг аж.