Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас “Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө бүсчилсэн хөгжлийн бодлого, хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого гэсэн үндсэн дөрвөн бодлогын хүрээнд 16 чиглэлийн 620 зорилтыг тусган хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэв.
Тухайлбал, эрчим хүчний салбарын шинэчлэлийг эхлүүлэх, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил зэрэг 14 мега төслийг хэрэгжүүлж, хүний хөгжлийн үзүүлэлтийг 10 байраар, засаглалын үзүүлэлтийн дунджийг 10 байраар ахиулах, ядуурлын түвшнийг хоёр дахин бууруулж, 14 хувьд хүргэх, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 мянган ам.долларт хүргэх зэрэг томоохон зорилтуудыг хангахад төрийн бодлого үйл ажиллагаа чиглэгдэж байгааг дурдав.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн эдгээр бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны байгууллага, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хууль ёсыг сахиулж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, хяналт тавих хариуцлагатай үүргийг Хяналт, үнэлгээний Үндэсний хороо, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар хариуцан ажиллаж байгааг онцлов.