Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Жүжигчин Ж.Оюундарийг Ардын жүжигчин, М.Түвшинхүү, О.Гэрэлсүх нарыг МУГЖ цолоор шагнахаар болжээ

Жүжигчин Ж.Оюундарийг Ардын жүжигчин, М.Түвшинхүү, О.Гэрэлсүх нарыг МУГЖ цолоор шагнахаар болжээ
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 24
XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан УДЭТ-ын жүжигчин Ж.Оюундарийг театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Монгол Улсын төрийн дээд шагнал “Ардын жүжигчин” цолоор шагнахаар болжээ. Түүнчлэн, УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү, О.Гэрэлсүх нарыг театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Монгол Улсын төрийн дээд шагнал “Гавьяат жүжигчин” цолоор шагнахаар болжээ.
Жүжигчин Ж.Оюундарь нь 1992 онд СУИС-д Л.Лхасүрэнгийн удирдлагад жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн байдаг. Өдгөө тайз дэлгэцийн 200 гаруй уран бүтээлд дүрээ мөнхөлсөн чадварлаг жүжигчин юм. Түүний аав Ардын жүжигчин Л.Жамсранжав бөгөөд удам дамжсан жүжигчин гэдгээр нь хүмүүс андахгүй.
М.Түвшинхүү нь 1997-2000 онд Монгол телевизэд "Хар энтертайнмент" студид найруулагч, 2001 оноос одоог хүртэл УДЭТ-т жүжигчнээр ажиллаж байна. Тэрээр "Өрлөг жанжны өчил" жүжгийн Баяр гүн, "Цусан тахилга"-ын Масс "Цуст хурим", "Үгүйлэгдсэн хайр", "Хайрын виз", "Диваажингийн хаалга", "Хаан түүх" зэрэг олон сайхан тайзны бүтээлүүдэд, "Ханддорж Чин ван", "Сарлаг тоших цагаар", "Нэгэн шөнийн явдал", "Хохирогч", "Хүннү шаньюй", "Сайхан бүсгүй жаргадаггүй" , "Нулимс амталсан хайр",  "Удам" зэрэг дэлгэцийн олон бүтээлд тогложээ.
О.Гэрэлсүх нь 37 дахь жилдээ соёл урлагийн салбарт зүтгэж буй жүжигчин. Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангаас жүжигчин болох гараагаа эхэлж, С.Жаргалсайханы “Хаан түүх” жүжиг, У.Шекспирийн “Ромео Жульетта”, О.Нилийн “Тамын дурлал” болон “Энхтуул” хошин жүжиг, Дариа Фогийн “Чөлөөт хос” жүжиг,  Э.Оюуны “Би эндээс явахгүй” жүжиг зэрэг 20 гаруй тайзны бүтээлийн гол ба туслах дүрийг бүтээж, “Замын хүн” жүжгийн найруулагчаар ажилласан. Мөн “Ларьдма”, “ТюТю”, “Амьдралын нахиа”, “Модон могой” уран сайхны кино, “Мамма Миа” музыкл кино гэх мэт 40 гаран дэлгэцийн уран бүтээлийн гол ба туслах дүр бүтээсэн.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн