Жил бүрийн Цагаан сарын баярын өмнө зүй ёсоор хөндөгддөг сэдэв бол сар шинийн бөхийн барилдааны таавар юм. Энэ жилийн хувьд ч иргэд бөхийн тааварт таамаг дэвшүүлээд эхэлжээ. Учир нь, сар шинийн барилдаан нь чансаагаараа үндэсний баяр наадмын дараа орох том барилдаан билээ. “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн барилдаан улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох бөгөөд түрүүлэх магадлалтай бөхчүүдийг таамаг байдлаар нэр дэвшүүлж байна.
Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангай сар шинийн барилдааны тааварт жил бүр нэрлэгддэг билээ. Тэрээр 2024 оны сар шинийн барилдаанд найм даван түрүүлж, үзэгч олноо баясгасан. Энэ жил ч мөн адил түрүүлнэ гэж бөх сонирхогчид таамаглаад байна. Учир нь тэрээр заалны барилдаанд жигд сайн барилдаж байгаа бөгөөд хамгийн сүүлд Таван аваргын нэрэмжит барилдаанд хоёр дахиа түрүүлсэн. О.Хангай заалны барилдаанд хамгийн олон буюу 34 удаа түрүүлсэн амжилттай яваа. Бөх сонирхогчид түүнийг даян цаашлаад бүр дархан аварга болно хэмээн өндөр хүлээлттэй байдаг. О.Хангай аварга бяр тэнхээ, мэхний гүйцэтгэл, өрсөлдөгч бөхөө судалсан байдал бүх зүйл нь тэгширсэн сайхан бөх. Иймд сар шинийн барилдаанд амжилтаа бататгаж, хаалтгүй түрүүлэх магадлалтай гэж таамаглаж байна.
Улсын арслан Б.Орхонбаяр 2024 оны сар шинийн барилдаанд бэртлийн улмаас барилдаагүй тул энэ жил бөх сонирхогчдын дунд түүнийг түрүүлэх болов уу гэсэн хүлээлт өндөртэй байна. Хүнд бэртлээс эргэн ирээд удаагүй байгаа Б.Орхонбаяр Зэвсэгт хүчний аварга шалгаруулах барилдаанд түрүүлсэн билээ. Тэрээр 20 настайдаа аймгийн арслан, 21 насандаа аймгийн арслан цолоо баталж хурц чимэг, мөн тэр жилээ тунаж барилдаад улсын начин болсон. Мөн 23 настайдаа улсын харцага, 24 насандаа Улсын арслан цолонд хүрсэн төдийгүй 26 насандаа Үндэсний Их баяр наадамд хоёр дахиа үзүүрлэсэн амжилттай байна. Тиймээс ид барилдах насандаа яваа Б.Орхонбаяр арслан сар шинийн барилдаанд тунаж үлдэх хүчтэнүүдийн таамагт нэрлэгдэж байна.
Улсын харцага Б.Зоригтбаатар
Бөхийн сонирхогчдын дунд “Цахилгаа Зоригоо” нэрээрээ алдаршсан Б.Зоригтбаатар харцага энэ жил өнгөтэй сайхан барилдаж байгаа. Тэр нэг л тэсэрвэл зогсолтгүй дайрч түргэн шуурхай, мэхний олон хувилбар хийж барилддаг. Иймд энэ жилийн сар шинийн барилдаанд ч тунаж үлдэх хүчтэн гэдэгтэй маргахгүй байх. Тэрээр 2020 оны Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Бадамсүрэнгээр дөрөв, цэргийн арслан Г.Жамбалдоржоор тав, аймгийн арслан Д.Хүдэрбулгатай тунан зургаа давж "Улсын харцага" цол хүртсэн. 2022 онд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Д.Аззаяагаар дөрөв, аймгийн арслан Т.Сайханжаргалаар тав, аймгийн хурц арслан Б.Лхагвадоржоор зургаа давж чимэг нэмсэн билээ. Түүнчлэн, Даншиг наадмын арслан цолтой.
2024 оны Ерөнхийлөгчийн цомын эзэн Улсын начин Э.Батмагнай олны анхаарлыг татаж байна. Тэрээр 2022 онд Улсын баяр наадамд анх удаа зодоглосон бөгөөд дөрвийн даваанд улсын гарьд М.Бадарчийг унагаж, улмаар тавын даваанд аймгийн хурц арслан О.Наранбаатартай тунан барилдаад улсын начин цол хүртсэн билээ. 21 нас 6 сар 0 хоногтойдоо Улсын начин цол хүртэж тухайн наадмын хамгийн залуу начин болж залуу начны даага хөтөлсөн. Түүнийг бөхийн “хорхойтнууд” чөлөөт болон үндэсний бөхийн аль алинаар нь чамгүй амжилт гаргана гэсэн хүлээлттэй байдаг. Шинэ мянганаас тодорч буй хүчтэн тул энэ сар шинийн барилдаанд амжилт гаргах магадлалтай хэмээн бөх сонирхогчид таамаглаж байгаа юм.
Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр
Тэрээр 2024 оны сар шинийн барилдаанд урамтай сайхан барилдаж шөвгийн дөрөвт шалгарсан. Энэ жил амжилтаа ахиулж барилдах болов уу гэж сар шинийн барилдааны түрүү, үзүүрт нэрлэгдээд байна. Н.Өсөхбаяр нь хэдийгээр аймгийн цолтой ч улсын цолтой бөхчүүдийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байгаа юм. Тэрээр цагаа тулбал хэнийг ч давж мэдэх ямар ч өндөр цолонд хүрч мэдэх хүчтэн юм. Заалны барилдааны амжилтууд нь үүнийг нотолно. Хамгийн сүүлд гэхэд 2025 оны эхний барилдаан буюу Шинэ Үндсэн хуулийн ойн барилдаанд Н.Өсөхбаяр дархан аварга Н.Батсуурьтай түрүү, үзүүр булаалдсан.
Сонирхуулахад, сар шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ 13, дархан аварга Х.Баянмөнх найм, дархан аварга Ж.Мөнхбат зургаан удаа түрүүлж байснаас харвал Цагаан сарын бөхийн барилдаанд улсын аварга цолтой бөхчүүд давамгай түрүүлдэг гэдгийг харж болох юм. Гэхдээ улсын цолгүй бөх ч түрүүлэх тохиолдол өнгөрсөн жилүүдэд гарч байжээ. Үүний хамгийн том бас тод жишээ бол Улсын аварга Ч.Санжаадамба 2010 оны сар шинийн барилдаанд Цэргийн хурц арслан байхдаа түрүүлж байв.