Open iToim app
Зочин | 5 мин уншина

Б.Жавхлан: Нийслэлээс гадна хэд хэдэн аймаг бонд гаргах хүсэлтээ ирүүлсэн

Б.Жавхлан: Нийслэлээс гадна хэд хэдэн аймаг бонд гаргах хүсэлтээ ирүүлсэн
Нийтэлсэн 7 минутын өмнө
Сангийн сайд Б.Жавхлантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Нийслэлийн төсөв дээр Сангийн яам хяналт тавих уу. Х.Нямбаатар Засаг даргын төсөв 500 сая ам.долларын бондтойгоо нийлээд дөрвөн их наяд орчим байна. Энэ их төсөвт Сангийн яам болон УИХ хяналт тавих уу?
-Орон нутгуудын орлогын 40 хувийг эргээд орон нутгууд руу хуваарилдаг болсон. Орон нутаг гэхээр нийслэл ч орно. Томоохон татвар төлөгчдийн 80 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байдаг. Тэгэхээр нийслэлд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн төсөвт төвлөрүүлдэг орлогын 40 хувийг буцаад нийслэл рүү өгч байгаа. Хуулийн энэ өөрчлөлтөөр орон нутгуудын төсөв жигд томорсон. Тэр дундаа нийслэлийн төсөв ч огцом нэмэгдэж байгаа гэсэн үг. Үүнтэй уялдуулаад нийслэл, аймгуудын суурь зардал дагаад өснө.
Сүүлийн жилүүдэд орон нутгуудад төсвийн захиран зарцуулах эрх, ялангуяа хөрөнгө оруулалт тал дээр үнэт цаас, бонд гаргах эрхийг хуулиар олгосон. Нийслэл болон аймгууд бонд гаргах бол Засгийн газарт танилцуулж зөвшөөрөл авч байж бонд гаргана. Энэ зарчмаар нийслэл Улаанбаатар хот бонд гаргах зөвшөөрлөө Засгийн газраас аваад бонд гаргасан. Засгийн газарт танилцуулахаас өмнө Сангийн яамтай хамтарч ажиллана. Сангийн яам өмнө нь бонд гаргах эсэхийг нь судлаад зөвшөөрлийг нь Засгийн газарт танилцуулж, батлуулдаг. Одоо нийслэлээс гадна хэд хэдэн аймаг бонд гаргах хүсэлтээ ирүүлчихсэн байна. Бонд гаргах боломжтой аймгууд бий. Тухайлбал, Өмнөговь аймаг байна. Өмнөговь аймаг аж ахуйн нэгжийн татварын буцаан хуваарилалтаараа 1.7 их наядын төсөвтэй болсон. Энэ утгаараа Өмнөговь аймаг бүс нутгийнхаа эрчим хүчний дутагдлыг нөхөх, эрчим хүчний эх үүсвэр цахилгаан станц барьж байгуулах бүрэн боломжтой. Тиймээс Эрчим хүчний яам, Сангийн яам, Өмнөговь аймаг энэ асуудал дээр хамтран ажиллаж байна.
Орон нутгууд бие даах бодлого дээрээ өөрөө ч хяналт тавих, Засгийн газар ч хяналт тавих ёстой. Нийслэл эхний бондоо гаргалаа. Энэ бондыг нийслэлийн орон сууцжуулалт, газар чөлөөлөлтөд хөрөнгө оруулна.
-Нийслэл, ер нь орон нутгууд босгосон бондоо эргэн төлж чадахгүй бол Засгийн газар төлнө биз дээ?
-Бонд босгох сайхан. Гэхдээ бондоо эргүүлэн төлөх нэг өдөр л ирнэ. Тэр болтол жил жилийнхээ төсөв, хуримтлалаа зөв тооцож явах хэрэгтэй. Нийслэлд бондоо төлөх таван жилийн хугацаа байна. Энэ хугацаанд нийслэл санхүүгийн сахилга бат, ялангуяа Улаанбаатар хот гэдэг анхны бонд гарч байгаа учраас олон улсын санхүүгийн зах зээл дээр бондынхоо капиталыг маш сайн хамгаалах хэрэгтэй. Маш өндөр хариуцлага ирж байна гэсэн үг. Орон нутгууд бондоо төлж чадахгүй бол Засгийн газар төлнө. Олон улсын санхүүгийн зах зээл дээр бонд гаргаж байгаа учраас Засгийн газрын баталгаатай байж бага хүүтэй гарна. Нэгэнт олон улсын зах зээл дээр бонд гарсан л бол Улаанбаатарын бонд, Өмнөговийн бонд гэж ярихгүй. Монгол Улсын бонд гэж яригддаг учраас үүн дээр Засгийн газар маш хариуцлагатай хяналттай байна.
-Нийслэлийн төсвийн зарцуулалт, хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн үр дүнг УИХ дээр улирал тутам сонсох боломжтой юу. Нийслэлийн төсөв ямар ч хяналтгүй байгаа учраас ингэж асуугаад байна л даа?
-Хяналт тавихад илүүдэх юм байхгүй, шат шатандаа хяналт тавьж болно. Гэхдээ санхүүгийн зах зээлийг хамаагүй донсолгож, улстөржүүлж болохгүй. Үүнийг их зөв балансалж харах хэрэгтэй. УИХ дээр авчраад улстөржүүлээд байх уу эсвэл эрсдэлийг нь үүрүүлээд хяналтаа тавиад явах уу. Шат шатны хяналт тавих үүрэг бүхий төрийн байгууллагууд байгаа шүү дээ.
-Тэтгэврийн зээлийг тэглэхдээ нэг их наяд гаруй төгрөгийн зээлийг авсан. Үүнийг төлж чадаагүй учраас Засгийн газар баталгаа гаргасан гэсэн. Та энэ талаар мэдээлэл өгөөч?
-Энэ өр явсаар байгаад Хөгжлийн банкин дээр очсон. “Эрдэнэс Монгол” компанийн охин компани нэг ч төгрөгийн өр төлөөгүй учраас баталгаа гаргасан Хөгжлийн банкин дээрээ очсон. Хөгжлийн банкийг хүндрүүлэх нэг том шалтгааны нэг бол энэ зээл. Харсаар байгаад Хөгжлийн банкаа дампууруулалтай биш. Гадаад зах зээл дээр бол тухайн улсын Хөгжлийн банкийг Засгийн газраас нь салгаж хардаггүй. Ерөөсөө л Засгийн газар гэж хардаг. Тийм ч учраас Засгийн газар Хөгжлийн банкин дээр байгаа чанаргүй зээлүүдийг төлүүлж, хэвийн үйл ажиллагаанд нь оруулах үүрэгтэй.
“Эрдэнэс Монгол” компанийн охин компани хариуцлагаа хүлээж, өрөө төлөөгүй. Хөгжлийн банк ч төлж чадахгүй. Үүнийг Засгийн газрын баталгаагаар солино гэдэг саналыг Засгийн газрын хуралдаанд оруулж ирсэн. Гэхдээ Засгийн газар шууд баталгаагаар биш анх гэрээ хийхдээ хариуцсан компаниудыг яаралтай арга хэмжээ ав гэдэг шийдвэр гаргасан.
-Гол нь тэтгэврийн зээл тэглэхдээ барьцаалсан Асгатын мөнгөний орд нь нөөцгүй юм байна лээ ш дээ. Тэгэхээр нэг их наядын өрийг төлөх боломжгүй болсон юм биш үү?
-Энэ талаар би мэдээлэлгүй байна. Ямар ч байсан “Эрдэнэс Монгол”-ын охин компани төлөх ёстой. Үүнийг татвар төлөгчдийн мөнгөөр төлж хэрхэвч болохгүй.
-Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унаж байна. Цаашдаа ч унах учраас манай улс төсөвтөө тодотгол хийх нөхцөл үүснэ гэдгийг эдийн засагчид хэлж байна. Төсөвт тодотгол хийх үү?
-Манай гол түүхий эдүүдийн үнэ унах нь мэдээж таатай зүйл биш. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд бид зээлжих зэрэглэлээ сайжруулж чадлаа, Хөгжлийн банк хэвийн байдалд орж байна. Мөн бондын зах зээл дээр өрийн зохицуулалтаа маш сайн хийсэн. Ингээд 2024, 2025, 2026 онуудад бид бондын өргүй болж байгаа учраас төсөв зохицуулалтын тал дээр маш сайн орон зайнууд гарч ирж байгаа гэсэн үг. Тиймээс бид мөчлөг сөрсөн бодлогоо үргэлжлүүлэх боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, төсөв өсөлттэй байх үед энэ зохицуулалтуудаа маш сайн хийж чадсан. Тиймээс батлагдсан төсвийнхөө хэмжээнд хөрөнгө оруулалт болон Засгийн газрын үйл ажиллагааны бүх зардал, нийгмийн суурь зардлууд, халамж, тэтгэвэр тэтгэмжээ бүгдийг нь бүрэн санхүүжүүлэх боломжтой. Ямар ч түүхий эдүүдийн зохилт авсан ч бид даах чадамжтай.
Нэг өдөр босоод төсөвт тодотгол хийчихдэггүй. Тодотгол хийх хуулийн нөхцөлүүд байдаг. Энэ нөхцөлүүд бүрдсэн тохиолдолд тодотгол хийдэг. Одоогоор ийм нөхцөл үүсээгүй байна. Нэгдүгээр улирлын гүйцэтгэлээс харахад төсвийн орлого талаас төсвийн тодотгол хийх шаардлага байхгүй. Харин бүтээн байгуулалтуудтай холбоотой буюу тухайлбал, газрын тосны үйлдвэрийн зээлийг УИХ соёрхон баталж өгсөн. Бид өмнө нь авч байгаагүй өндөр зээл авч санхүүжүүлж байгаа учраас жилийн төсвөөс гарах бүтээн байгуулалтын санхүүжилтээ нэмж байж хугацаандаа ашиглалтад оруулна. Энэ мэт шаардлагууд бол байна. Үүнийг зохицуулалт хийх хэд хэдэн боломж байна. Бас хугацаа байна. Судалгаа хийнэ.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Odnoo Odnoo-facebookОдончимэг itoim-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн