Спортын тэмцээний үр дүнг таамаглан, бооцоо хэлбэрээр мөрий тавих үйл ажиллагаа явуулдаг 1xBet нь манай улсад удаан хугацаанд хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү платформ нь 2015 оноос хойш Монгол Улсад ямар нэгэн албан ёсны зөвшөөрөлгүйгээр ажиллаж байгаа бөгөөд иргэдэд санхүүгийн хохирол учруулах гол шалтгааны нэг болоод байна.
1xBet-ийн үйл ажиллагаанд агентууд гэж нэрлэгдэх бүлэг хүмүүс чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд бооцоот тоглолтод оролцож буй хүмүүсийн мөнгийг хүлээн авч, тухайн платформ руу цэнэглэлт хийх, бооцоо тавих үүрэгтэй байдаг. Түүнчлэн агентууд криптовалют ашиглан төлбөр тооцоо хийдэг гэх мэдээлэл бий. Энэ нь улсдаа татвар төлөхгүй, бүх орлого нь хууль бусаар гадагш урсаж байгааг харуулж байгаа юм.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал цахим хуудсаараа дамжуулан:"1xBet-ээр дамжин 1 орчим их наяд төгрөг ямар нэгэн татвар, шалгалтгүй гадагшаа урсжээ. Олон айлын амьдралыг үрэн таран хийж буй “зөвшөөрөлгүй” цахим мөрийтэй тоглоомыг шалгах ажлын хэсэг байгууллаа" гэж мэдэгдсэн.
Энэ он гарснаас хойш 1xBet-ээр дамжуулан цахим залилан үйлдсэн байж болзошгүй 100 гаруй холбогдогчийг Цагдаагийн ерөнхий газраас шалгаж байгаа талаар мэдээлсэн. Цахим мөрийтэй тоглоомд донтсон иргэд:
-Эд хөрөнгө, орон сууц, автомашин, хадгаламжаа алдах
-Өрөнд орох, сэтгэл санаагаар хямрах
-Гэр бүл салалт, нийгмийн хэвийн амьдралаа алдах зэрэг эрсдэлтэй тулгарч байна.
Иймд Цагдаагийн байгууллагаас иргэдэд хандаж, хууль бус цахим мөрийтэй тоглоомоос татгалзах, санхүү, гэр бүл, амьдралаа хамгаалахыг анхааруулсаар байна.