Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийг 1949 онд байгуулж байсан бөгөөд өнөөдөр Монгол Улс 50, ОХУ 50 хувийг эзэмшиж байна. Уг нийгэмлэг нь 1520 мм өргөн цагираг бүхий, 1815 км урт (гол замын урт нь 1111, дэлгэмэл уртаараа 1815 км) төмөр замтай бөгөөд Монгол Улсын төмөр замын сүлжээний 90 гаруй хувь нь УБТЗ-ын эзэмшилд байдаг. 76 жилийн өмнө барьж, ашиглалтад оруулсан төмөр зам болон хөдлөх бүрэлдэхүүн, зорчигч тээврийг манай улс одоо ч ашиглаж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд нэг ч удаа томоохон шинэчлэл хийгээгүй байгаа бөгөөд ихэнх техникүүд нь хоцрогдоод байгаа юм.
Тэгвэл Засгийн газар Улаанбаатар төмөр зам ХНН-ийг шинэчлэхээр БНХАУ, ОХУ-тай эхний байдлаар ярилцаж байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сард гурван улсын төмөр замын зөвлөгөөн Улаанбаатар хотод болох юм байна. Энэ зөвлөгөөнөөр Улаанбаатар төмөр зам ХНН-ийн шинэчлэл болон шинэ төмөр зам барих асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр ярьж байгаа аж.
Энэ талаар Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ "Улаанбаатар төмөр замд хамгийн түрүүнд шинэчлэл хийнэ. Гурван улсаараа хамтраад аль өнөөдрийн байгаа төмөр замаа шинэчлэн барихаар шийдэж байгаа. Одоогийн байгаа төмөр замыг муулах юм байхгүй. 76 жилийн тэртээ уулын бэл, усны хаялга дагаж байгаа технологийнхоо хэмжээнд барьсан төмөр зам. Эхлээд замаа сайжруулах ёстой.
Орчин үед уулыг нүхлээд юм уу, ухаад усан дээгүүр гүүр бариуд төмөр замаа шулуухан тавьдаг технологи хөгжсөн цагт төмөр замаа шинэчилье гэж байгаа. Төмөр замаа барьсны дараа бүх галт тэргээ шинэчилнэ. Тэгээд хурдан явдаг болно. Одоо хоёр хөрштэйгөө ярьж байна. Ирэх дөрөвдүгээр сард гурван улсын төмөр замын зөвлөгөөн Улаанбаатар хотод болно. Энэ зөвлөгөөнөөр эцэслэж ярилцана гэдэг шийдвэртэй байгаа” гэлээ.