Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан мэдээлэл хийлээ.Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар стратегийн болон үүсмэл орд газруудыг эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдтэй хэлцэл хийх ЗГ-ын БЭТ-өөр Ж.Батзанданг томилсон билээ. Тэрээр стратегийн болон үүсмэл ордыг хууль бусаар авсан бол хэлцэл хийхгүй, шууд Монголын баялгийг хулгайлж, баяжсан. Үүнийг таслан зогсоох ёстой гэсэн юм. Тэрээр “Хоёрдугаар сарын 5-нд Засгийн газар уул уурхайн салбарт ялангуяа стратегийн ордуудад үүрлэсэн бузар булайтай тэмц гэж намайг Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Монгол Улс Үндэсний баялгийн санг байгуулсан. Би ажил гардаж авсан бол тултал нь хийдэг хүн.Монгол Улсад Стратегийн нийт 55 орд байгаа. 2007 онд УИХ-ын 27 дугаар тогтоолоор стратегийн ордын жагсаалтыг баталсан. 16 ордыг стратегийн ордод бүртгэж, 38 ордыг УИХ-аар стратегийн ордод оруул гэдэг шийдвэр гаргасан. Гэсэн ч өнөөдөр стратегийн ордуудыг хулгайлаад, идэж уугаад дуусаж байна. 16 ордын хамгийн сор болсон ордууд дуусаж байна. "Цайрт минерал", "Бороо Гоулд", "Оюу толгой" нөөц нь дуусаж байна. Монголын ард түмнийг 34 жил зальдсан уул уурхайн луйврыг ил зарлаж хэлэхгүй бол ЗГ-ын БЭТ гэж байх хэрэггүй. ЗГ-ын БЭТ бол онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд томилогддог. Одоо онцгой нөхцөл байдал үүссэн байна.