Даатгуулагчдад эрүүл мэндийн үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй, ойлгомжтой мэдээлэл авах боломжийг олгож байна. Тухайлбал, та өөрт хэрэгтэй тусламж үйлчилгээг төрлөөр нь болон оношийн хамааралтай бүлгээр шүүж, ойролцоох гэрээтэй эрүүл мэндийн байгууллагуудыг харах боломжтой. Жишээ нь, та зүрх судасны өвчнөөр үзүүлэх бол холбогдох ангиллыг сонгоход таны байршилд хамгийн ойр байгаа гэрээт эмнэлгүүдийн мэдээлэл харагдана. Зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээ төдийгүй эмийн сангуудын мэдээлэл ч нэмэгдсэн. Өрхийн эрүүл мэндийн төв дээр эм бичүүлсний дараа, тухайн эмийг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой ойролцоох эмийн сангуудын мэдээллийг харж болно. Аппликэйшнд Эрүүл мэндийн даатгалын сангаас баталсан бүх эмийн жагсаалт орсон тул хэрэглэгчид эмийн үнийг харьцуулан, өөрийн санхүүгийн нөхцөл байдалд тохируулан худалдан авах боломжтой. Хэрэв та тодорхой нэр төрлийн эмийг олон ширхгээр авах бол даатгалаас хэдэн төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх, өөрөө хэдийг төлөхөө урьдчилан харах боломжтой. Энэ нь эмийн үнийг ойлгомжтой болгож, хэрэглэгчдийг хэт өндөр үнээр эм худалдан авахаас сэргийлэх ач холбогдолтой юм. Даатгуулагчид өөрсдийн эрүүл мэндийн үйлчилгээний түүхийг хянах боломжтой болсон. Жишээлбэл, 2021 оноос хойш ямар төрлийн тусламж үйлчилгээ авсан, даатгалаас хэдэн төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн, өөрөө хэдэн төгрөг төлсөн зэрэг мэдээллийг аппликэйшнаас харах боломжтой. Үүнээс гадна, тухайн авсан үйлчилгээний талаар сэтгэл ханамжийн судалгаа бөглөж, санал хүсэлтээ илгээх боломжтой болжээ. Тухайлбал, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн үед гаднаас эм тариа авах шаардлагатай байсан эсэх зэрэг үйлчилгээний чанартай холбоотой судалгаанд оролцох боломж бүрдсэн. Энэ нь эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэглэгчийн санал хүсэлтийг илүү үр дүнтэй хүлээн авах нөхцөлийг бүрдүүлж байна. Шинэчилсэн аппликэйшний бас нэгэн давуу тал нь "Эх, хүүхдийн ягаан дэвтэр"-ийг цахимжуулсан явдал юм. Энэ нь хүүхдийн вакцины товлол болон бусад чухал мэдээллийг хэрэглэгчийн утсанд санамж хэлбэрээр илгээх боломжийг бүрдүүлсэн. Тухайлбал, хэрэв таны хүүхэд товлолт вакцинд хамрагдах хугацаа өнгөрсөн бол аппликэйшнаас танд сануулга өгнө. Үүнээс гадна, хувь хүний эрүүл мэндийн боловсролыг дэмжих мэдээллийг нэгтгэсэн бөгөөд Монгол Улсын хэмжээнд үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээний чиг хандлагыг харах, хэрхэн сайжруулах талаар мэдээлэл авах боломжтой болсон. Хэрэглэгчид өөрсдийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх мэдээллийг авах боломжтой. Хэрэв та шимтгэлээ төлөх шаардлагатай бол хэдэн сарын хугацаатай, ямар дүнгээр төлөхийг харан, төлбөрөө хурдан хугацаанд хийх боломжтой болсон. Мөн та аль эмнэлэг, байгууллагаас ямар төрлийн тусламж үйлчилгээ авч болох талаарх мэдээллийг нэг дор төвлөрүүлэн харах боломжтой.