Үндэсний баялгийн сангийн тухай хуульд стратегийн болон үүсмэл ордын 34, 50 хувийг төрийн мэдэлд авч, ногдол ашгаас иргэн бүрийн дансанд хуримтлуулна гэж заасан. Тиймээс Засгийн газар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, үүсмэл ордын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээдтэй хэлэлцээ хийх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Батзанданг томилоод байгаа. Тус хуулиар хууль хэрэгжиж эхлээд жилийн дотор стратегийн болон үүсмэл орд эзэмшигч аж ахуйн нэгжүүд Засгийн газартай хэлцэл хийж 34, 50 хувиа төрд шийжлүүлэх, энэ хугацаанд амжихгүй бол Засгийн газар БЭТ томилно гэж заасан. Төрийн мөнгөөр хайгуул хийсэн бол 50, өөрийн зардаар хайгуул хийсэн бол 34 хувийг төр авна гэсэн үг.
Тэгвэл стратегийн болон үүсмэл ордыг одоогийн 126 гишүүнээс цөөнгүй нь эзэмшиж байгаагаас гадна хамаарал бүхий байгаа юм. Тодруулбал, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангийн хамаарал бүхий MCS компани Тавантолгой компанийн Ухаахудаг, Баруун наран ордыг эзэмшиж байгаа бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хамаарал бүхий МАК компани Цагаан суварга, Нарийн сухайт, УИХ-ын гишүүн Д.Ганбат "Цайрт минерал", УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан "Зэс эрдэнэ" Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл ордыг эзэмигч болон хамаарал бүхий байгаа юм. Харин эрхэм гишүүд хуульд заасан хугацаанд төртэй хэлцэл хийж, эзэмшиж байгаа ордынхоо хуульд заасан хувийг шилжүүлж өгөх үү гэдэг анхаарал татаж байгаа юм.
Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөг Ж.Батзандан хэлэхдээ "Стратегийн орд газрыг эзэмшиж байгаа аж ахуйн нэгж газруудтай хэлцэл хийх эрхийг Бүрэн эрхт төлөөлөгчид өгсөн. ЗГ-ын дэргэд том ажлын хэсгүүд байгуулж байна. Энэ ажлын хэсгүүд судалгааныхаа ажлыг нарийвчлан хийгээд мэргэжлийн байгууллагууд, судлаачид, зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай хамтраад судалгааны ажил хийнэ. Аж ахуйн нэгж болгон дээр, орд болгон дээр өөрийн гэсэн онцлог байгаа. Тиймээс орд бүрийн онцлогийг судалж, мэргэжлийн дүгнэлт дээр тулгуурлаж стратеги бодлогоо удахгүй тодорхойлж гаргана. Хэлэлцээр өөрийн дэг жаягтай, ил тод, нээлттэй, талуудын эрх ашгийг харилцан хангаж явагдана" гэсэн юм.
Ирэх өдрүүдэд стратегийн болон үүсмэл орд эзэмшигч төрийн хоорондох хэлэлцээ эхэх бололтой.