Open iToim app
Засгийн газар | 2 мин уншина

“Монголросцветмет” критикал минералын чиглэлээр ажиллаж, PDAC-ын чуулгаас өмнө хайгуулын талбайгаа зарлана

“Монголросцветмет” критикал минералын чиглэлээр ажиллаж, PDAC-ын чуулгаас өмнө хайгуулын талбайгаа зарлана
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 19
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас гурван асуудал хэлэлцүүлж, шийдвэрлүүлжээ. Энэ талаар салбарын сайд Ц.Туваан мэдээлэл өглөө.
Тэрээр "Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс Монгол нэгдлийн харьяанд байдаг “Монголросцветмет” ТӨҮГ-ын нэр болон үйл ажиллагааны чиглэлийг өөрчиллөө. Чиглэлийг нь орчин үеийн уул уурхай, тэр дундаа критикал минерал буюу чухал ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах болгож өөрчилж, нэрийг нь "Эрдэнэс критикал минералс" болгох шийдвэрийг гаргалаа.
Сүүлийн үед уурхайн салбарын хөрөнгө оруулалт, чуулга уулзалтын үеэр яригдаж байгаа асуудлын 60 гаруй хувь нь критикал минерал сэдвээр яригддаг болсон. Энэ хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэх үндсэн дээр уг шийдвэрийг гаргаж байна. Манай яам мөн критикал минералын хэлтэстэй, миний бие газрын ховор элементийн чиглэлд зөвлөх ажиллуулж, төрийн бодлогын хүрээнд энэ асуудлыг ярина. Мөн ойрын үед критикал минерал, түүний дотор газрын ховор элементтэй холбоотой асуудлыг дахин Засгийн газарт танилцуулга хийнэ.
Хоёрт, Монгол Улсын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтын асуудлыг оруулсан. 2024 оны дөрөвдүгээр сараас хойш Монгол Улс хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй. Энэ өөрөө хөрөнгө оруулалтыг хааж, дотоодын аж ахуйн нэгжүүдэд ч саад болж байгааг байнга ярих болсон. Өнөөдрийн байдлаар 2700 орчим лиценз олгосноос 900 орчим нь хайгуулын лиценз байна. Олон улсад хайгуулын лиценз нь ашиглалтын лицензээсээ 5-6 дахин их байж шинэ ордууд үүсдэг. Манайд энэ харьцаа урвуу хамааралтай болсон. Мөн улс төрийн болон янз бүрийн шалтгаантай хайгуулын ажил зогсонги байж ирсэн. Манай яам хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг баталж, Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Нийтээр дагаж мөрдөх журамд бүртгүүлснээр хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэлнэ. Дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулалтын PDAC-ын чуулга уулзалтаас өмнө хайгуулаа нээж байгаагаа зарлана.
Гуравт, алтны худалдан авалтын нэмэгдүүлэх, эрчимжүүлэх ажлыг танилцууллаа" гэлээ.

Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн