Open iToim app
Засгийн газар | 2 мин уншина

Ерөнхий сайдын дэргэдэх "Эдийн засгийн бодлогын зөвлөл"-ийг Д.Зоригт удирдана

Ерөнхий сайдын дэргэдэх "Эдийн засгийн бодлогын зөвлөл"-ийг Д.Зоригт удирдана
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 19
Ерөнхий сайдын дэргэдэх "Эдийн засгийн хөгжлийн зөвлөл"-ийн ээлжит хуралдаан өчигдөр болжээ. Уг зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж байгаа бөгөөд хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн түншлэл, бизнесийн хөгжлийг дэмжихэд анхаарч ажиллах юм байна.
Уг зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, гүйцэтгэх захирлаар Д.Зоригтыг, дэд даргаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг томилсон байна. Д.Зоригтын хувьд өмнө нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Оюу толгойн гэрээнд Монголын талыг төлөөлж гарын үсэг зурж байсан билээ. Түүнийг эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалт татах талдаа мэргэшсэн нэгэн гэдэг. Тэгвэл Ерөнхий сайдын дэргэдэх "Эдийн засгийн хөгжлийн зөвлөл"-ийг Д.Зоригт удирдан чиглүүлж ажиллахаар болж байна.
Монголын Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн чиг үүрэг, цар хүрээг дэлхий дахинд жишиг болсон Сингапур, Бахрейн улсын Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн жишигт хүргэх зорилт тавьж, хэрэгжүүлэх ажлын 51 хувь нь гадагшаа чиглэж, гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллах ёстой. Business Friendly Mongolia буюу Монгол Улс бизнес эрхлэхэд таатай улс болох стратегийг хэрэгжүүлж, хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа олон улсын бизнесийн орчин руу Монгол Улсыг “хөтлөх”  зорилготой гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолжээ.
Түүнчлэн, "Эдийн засгийн хөгжлийн зөвлөл"-ийн гишүүнд Монголын хамгийн том бизнесмэнүүд багтжээ. Тухайлбал, Шунхлай группийн ерөнхийлөгч П.Батсайхан, MCS группийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал, МАК-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн, Таванбогд группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, "Ньюком" группын Ерөнхий захирал Б.Баатармөнх зэрэг томчууд багтсан байна. Харин өчигдрийн хуралд MCS группийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал оролцоогүй аж.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн