Онцгой байдлын ерөнхий газраас цаг үеийн байдал, хаврын улирал эхэлж байгаатай холбоотойгоор ой хээрийн түймэр, объектын гал түймрийн нөхцөл байдал, цаашид эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр: Сүүлийн 5 жилийн хугацаанд онцгой байдлын байгууллагад нийтдээ 15300 орчим объектын гал түймрийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Эдгээр гал түймэрт 247 иргэн түлэгдэж, 310 иргэн өртөж нас барсан мэдээлэлтэй байна. Жилийн дунджаар авч үзвэл онцгой байдлын байгууллагад жилдээ 3000 орчим гал түймрийн дуудлага бүртгэгдэж, эдгээрт дунджаар 1200 орчим гэр байшин өртөж байна гэсэн үг.
Нийт дуудлагыг нутаг дэвсгэрээр нь аваад үзвэл объектын гал түймрийн 60 гаруй хувь нь аймаг орон нутагт, 40 орчим хувь нь нийслэл Улаанбаатар хотод гарчээ. Өмчийн хэлбэрээр нь ангилж үзвэл 80 орчим хувь нь иргэдийн хувийн өмч, хашаа, орон сууц, гэр гал түймэрт өртжээ. Гал түймрийн шалтгааны 53 орчим хувь нь санамсар болгоомжгүй байдлаас, 36 орчим хувь нь цахилгаантай холбоотойгоор гарсан байна.
Харин он гарснаас хойш нийт 490 удаагийн объектын гал түймрийн дуудлагаар онцгой байдлын анги, байгууллагууд ажилласан. Эндээс 57,8 хувь нь нийслэл Улаанбаатар хотод гарсан байгаа юм. Улаанбаатар хотод гарч байгаа нийт объектын гал түймрийн 70 гаруй хувь нь гэр хорооллын амины сууцанд гарсан бол орон сууцны хороололд гарч байгаа гал түймрийн 50 орчим хувь нь хог зайлуулах, хогийн бункер, сувагт гарсан гал түймэр эзэлж байна. Тиймээс орон сууц нийтийн аж ахуй чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад энэ чиглэлээр анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна.
2024 онд нийт 137 удаагийн ой хээрийн түймэр гарсан. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс тохиолдлын тоогоор 22 орчим хувь өссөн боловч түймэрт өртсөн талбай 50 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан.
Холбогдох байгууллагуудаас ирүүлсэн мэдээллээр 2025 оны цаг агаарын нөхцөл байдал эрт хуурайших төлөвтэй байна. Сүүлийн 4 жилд гарсан 480 орчим удаагийн түймрийн 240 нь түймрийн эрсдэл өндөртэй Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт гарсан. Үндэсний хэмжээнд тэмдэглэдэг Цагаан сарын баярын үеэр иргэд объектын гал түймрээс урьдчилан сэргийлж, цахилгаан хэрэгслийн аюулгүй байдалд анхаарал хандуулах шаардлагатай байна.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг: МУ-ын Засгийн газраас 2015 онд Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн. Тус хөтөлбөрийн заалтад “Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээлэл, сургалт сурталчилгааг сар бүрийн сүүлийн пүрэв гарагт олон нийтэд түгээнэ” гэсэн заалтыг 2023 онд нэмсэн.
Энэ арга хэмжээний хүрээнд 2023-2024 онд БЭЛЭН БАЙ сайтыг бий болгосон. Уг сайт дээр гамшгийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа мэдээ мэдээллүүдийг байршуулсан байгаа. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 2024 онд давхардсан тоогоор 261 сая иргэн энэ сайт руу орсон байна. Уг сайт руу орж мэдээ мэдээлэл авснаар гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд дээр ахиц гарсан. Үер усны осолтой холбоотой иргэний дуудлагын тохиолдол 20 хувиар буурсан бол гал түймрийн аюулын тохиолдол, түүнд учирсан хор хохирол 22,5 хувиар буурсан. Мөн ой хээрийн түймрийн тохиолдол 13 хувиар буурсан. Үүнээс мэдээллийг олон нийтэд түгээж, ойлголт өгснөөр энэ эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэж харж байна. Онцгой байдлын ерөнхий газрын сайтад байршуулсан асуулт хяналтын хуудсыг бөглөснөөр аж ахуй болон өрхийн хэмжээнд, иргэний хэмжээнд эрсдэлийн үнэлгээ хийх боломжтой болсон. Уг асуумжид хариулж өөрсдийн аюулын эрсдэлийг үнэлж гаргах боломжтой болоод байна. Мөн Онцгой байдлын ерөнхий газраас хийсэн мэдээлэлд зудын нөхцөл байдлын үнэлгээгээр 7 аймгийн 6 сум цагаан зудтай байгааг мэдээлсэн бөгөөд малын зүй бус хорогдлын тоо мэдээгээр 12 аймагт 8000 орчим толгой мал хорогдсон байна.