Улаанбаатар хотын 9 дүүргийн худалдаа, үйлчилгээний эрх олгодог эрх бүхий 15 дарга CU сүлжээ дэлгүүрийн санхүүжилтээр аяллаар яваад ирсэн талаар "ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо"-ныхон мэдээлэл хийлээ.
Тэд "Монгол хүн 8 болон 6 нэрийн дэлгүүрийг ая тухтай болгоод худалдаа эрхэлье гэхээр 80-100 саяар зөвшөөр авдаг гэлээ. Харин НЗДТГ болон холбогдох төрийн байгууллагууд нийслэлийн ашигтай байрлал болгон дээр CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрийн зөвшөөрлийг олгож байна. Ашигтай байрлалд гаднын сүлжээ дэлгүүрүүд байршиж, бид ажиллах нөхцөлгүй болж байна гэдгийг хэлсэн юм.
CU сүлжээ дэлгүүрийн санхүүжилтээр БНСУ руу явсан 9 дүүргийн 15 даргын нэр:
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Дуламсүрэн,
Багануур дүүргийн менежер Бямбацэцэг,
Нийслэлийн хүнс, хөдөө аж, ахуйн газрын хяналтын хэлтсийн дарга, ахлах байцаагч Цэрмаа,
Нийслэлийн хүнс, хөдөө аж, ахуйн газрын хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын ахлах байцаагч Чимгээ,
Нийслэлийн эрүүл мэндийн газрын эрүүл мэндийн хэлтсийн орчны эрүүл ахуйн хяналтын ахлах байцаагч Дэлгэрбаяр,
Баянгол дүүргийн засаг даргын тамгын газрын хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Батсүрэн,
Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Цэнд-Очир,
Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газрын хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Цэдэнсүрэн,
Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газрын хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн Хүнс, худалдааны ахлах мэргэжилтэн Жаргал
Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газрын хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Саруултуяа,
Нийслэлийн тамгын газрын хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга байсан Эрдэнэчимэг,
Засаг даргын тамгын газрын хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Тунгалаг
Багануур дүүргийн засаг даргын тамгын газрын хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Хүрэлбаатар,
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа, үйлчилгээний газрын худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Бумцэнд,
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа, үйлчилгээний газрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Өлзиймаа нар энэ сарын 11-нд БНСУ руу CU сүлжээ дэлгүүрийн санхүүжилтээр яваад ирсэн гэлээ. Тиймээс энэ 15 албан тушаалтныг АТГ-т өгч шалгуулна гэсэн юм.
ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны төлөөлөл "Төрийн эрх бүхий албан хаагчид гадаадын сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран иргэдийнхээ амьдралын эх үүсвэрийг устгах гэж байгааг эсэргүүцэж, тэмцэнэ. Мөн CU компанийн урилга, зардлаар Солонгос улсад аялаад ирсэн төрийн албаны дарга нарт гомдол гаргана. Авлигатай тэмцэх газарт албан ёсоор шалгуулна.
Монголын 8 болон 6 нэр, түргэн үйлчилгээний цэг буюу гар дээрээс худалдаа, наймаа эрхэлж байгаа хүмүүсийн амьдрал өдрөөс өдөрт дордож байна. Ашигтай байрлал болгон дээр гаднын сүлжээ дэлгүүрийг нээсэн. Үүнийг дагаад 24 цагаас хойш ахуйн гэмт хэргийн гаралт нэмэгдсэн. Үүнд хяналт тавьдаг албан тушаалтан яагаад хяналт тавихгүй байна вэ. Хэдий өөрсдөө сургалтад яваад ирсэн гэсэн ч богц дүүрэн ирсэн. Хүнс, худалдаа хэлтсийн дарга нарыг хаашаа явсныг асууж дүүргүүд дээр нь очсон. Гэтэл даргыгаа хаашаа явсныг мэдэх албан тушаалтан байгаагүй. Харин хүнс, худалдаа хэлтсийн бүх дарга нар Улаанбаатар хотын хэмжээнд хяналт, шалгалтын ажлын журмаар явж байгаа гэсэн тайлбар өгсөн. Энэ бол авлигын гэмт хэргийн том жишээ.
2016 оноос хойш ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо, Монголын худалдаачдын холбоо түргэн үйлчилгээ, хүнсний худалдаа эрхлэгчдийн зөвшөөрлийн талаар нийслэлийн үе үеийн дарга нартай ярилцсан. Бид түргэн үйлчилгээний цэгийг стандартын шаардлагаа хангаад ажиллуулъя гэхээр Хүнс, худалдаа хэлтсийн дарга нар зөвшөөрөл өгдөггүй. Учир нь авлигал авахыг хүсээд байдаг юм шиг байна. Бидэнд та нарт өгөх мөнгө байхгүй. Зөвшөөрөл олгодог дунд шатны дарга нар авлигал, хээл хахуульд маш ихээр холбогдож байна. Үүнийг шалгах хэрэгтэй. Бид хууль, дүрэм, стандартынхаа дагуу ажиллах нөхцөлийг хүсэж байна" гэлээ.