Монгол Улс энэ онд Хятад руу экспортлох нүүрсний хэмжээгээ бараг тавны нэгээр нэмэгдүүлэхээр зорьж байгаа бөгөөд байгалийн баялаг ихтэй тус улс хөрштэйгөө эрчим хүчний хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байна. Энэ хүрээнд 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурлаа. Төмөр замын барилгын ажлыг 2025 оны дөрөвдүгээр сард эхлүүлж, хоёр жил хагасын дотор дуусгахаар төлөвлөж байгаа юм.Шинэ төмөр зам Монгол Улсын нүүрсний экспортын хүчин чадлыг нэмэгдүүлж, хамгийн том худалдааны түнш болох Хятадтай эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн уг хэлэлцээр Монгол Улс дэд бүтцээ сайжруулж, хөрш орнуудтайгаа эдийн засгийн уялдаа холбоогоо нэмэгдүүлэхийг зорьж байгаагийн нэг илрэл юм. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг төмөр замын холболтын төслийг Монгол Улсын эдийн засгийг өсгөх, Хятадтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх стратегийн чухал алхам гэж үзэж байна.