Хувь хүний орлогын албан татвар нь улс орнуудын татварын тогтолцооны гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд улсын төсвийн орлогыг бүрдүүлэх, эдийн засгийн бодлогод нөлөөлөх чухал үүрэгтэй. Дэлхийн улс орнууд ХХОАТ-ыг өөр өөр байдлаар хэрэгжүүлдгээс гадна татварын бүтэц, хувь хэмжээ, хөнгөлөлт нь тухайн улсын эдийн засаг, нийгмийн бодлого, засаглалын загвараас шалтгаалдаг.
Дэлхий даяар ХХОАТ-ыг дараах гол гурван ангилалд хуваадаг.
Шаталсан татвар – Орлогын хэмжээ их байх тусам татварын хувь өсдөг. (Жишээ нь АНУ, Герман, Франц)
Жигд татвар – Орлогын хэмжээнээс үл хамааран бүх иргэд ижил хувьтай татвар төлдөг. (Жишээ нь ОХУ, Казахстан – 10-20 хувь)
Нутаг дэвсгэрийн татвар – Зөвхөн тухайн улсын нутаг дэвсгэрт олсон орлогоос татвар ногдуулдаг. (Жишээ нь Хонг Конг, Сингапур)
Зарим улс ХХОАТ-ын онцгой бодлого баримталж, гадаадын хөрөнгө оруулагчид болон цагаачдыг татах стратеги ашигладаг. Жишээлбэл, АНУ дэлхий даяарх орлогоос татвар авдаг цөөн орны нэг бөгөөд иргэд нь гадаадад амьдарч байсан ч орлогоо тайлагнах үүрэгтэй байдаг аж. Харин Португал, Итали зэрэг улс гадаадаас ирж суурьшсан иргэдэд тодорхой хугацаанд татварын хөнгөлөлт олгодог. Мөн Монако, Багамын арлууд, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсад ХХОАТ огт байхгүй байдаг нь баян чинээлэг хүмүүсийг татах зорилготой холбоотой байдаг.