Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Орос-Украины дайны хэлэлцээнд зөвхөн Америк, Орос оролцох уу

Орос-Украины дайны хэлэлцээнд зөвхөн Америк, Орос оролцох уу
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 17
АНУ, ОХУ-ын албаны хүмүүс ойрын өдрүүдэд Саудын Арабд уулзалдаж, гурван жил үргэлжилсэн дайныг зогсоох зорилготой хэлэлцээг эхлүүлэх гэж байгаа талаар өнгөрсөн долоо хоногт албаныхан мэдээлсэн. Тэгвэл үүний дараа Украин, Европын орнуудыг Орос-Украины мөргөлдөөний энхийн хэлэлцээнд оролцуулахгүй байх тухай хэд хэдэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан. Тухайлбал, Трампын Украины асуудал хариуцсан элч төлөөлөгч Кит Келлог энхийн хэлэлцээний эхний шатанд Украин болон Европын удирдагчдыг оролцуулахгүй байж магадгүй гэж мэдэгдсэний улмаас энэхүү хардлага үүссэн юм.
Гэсэн хэдий ч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ням гарагт хийсэн мэдэгдэлдээ Орос-Украины дайныг дуусгах асуудлаар хийгдэх аливаа хэлэлцээнд Украин болон Европын орнууд зайлшгүй оролцоно гэдгийг онцолжээ.
Эрх баригчид энэ долоо хоногт АНУ-ын Оростой хийх яриа хэлэлцээг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины энх тайвны асуудалд хэр нухацтай хандаж байгааг харах боломж гэж үзэж байгаа аж. Мөн Украины талаас ямар ч хэлэлцээрийг тус улсын оролцоогүйгээр байгуулах ёсгүй, ялангуяа газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолтой холбоотой асуудлуудыг зөвхөн Украины оролцоотойгоор шийдвэрлэх ёстой гэж хатуу мэдэгдсэн юм. Володимир Зеленский Украиныг энхийн хэлэлцээнд оролцуулахгүй байх нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд өөр улс орнуудад халдан довтлох боломж олгох аюултай гэж анхааруулжээ. Тэрээр дайны асуудлаарх АНУ-ын дэмжлэг сулрах юм бол Орос зөвхөн Украинтай байлдаад зогсохгүй, НАТО-гийн гишүүн орнууд руу халдаж болзошгүй гэж мэдэгдсэн байна.
Ойрын өдрүүдэд Саудын Арабд болох уулзалтууд урьдчилсан шинж чанартай бөгөөд бодит яриа хэлэлцээ хараахан эхлээгүй байгаа аж. Хэрэв яриа хэлэлцээ урагшлах нөхцөл бүрдвэл Украин болон Европын бусад орнуудын төлөөллийг оролцуулах болно гэж Рубио ярилцлагадаа дурджээ. Түүнчлэн АНУ-ын албаны хүмүүс Европын орнуудын эрх баригчдад асуулгын хуудас хүргүүлж, Орос-Украины энхийн гэрээний хэрэгжилтийг хангахад хэр хэмжээний цэргийн хүчин гаргах боломжтойг нь тодруулаад байгаа юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио CBS телевизэд өгсөн ярилцлагадаа "Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Владимир Путинтай утсаар ярьсан. Тэр ярианы үеэр Путин энх тайвныг эрхэмлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн" талаар ярьжээ. Тэрээр "Гэхдээ үүнийг үгээр бус, үйлдлээр баталгаажуулах шаардлагатай. Ирэх хэдэн долоо хоногийн дотор нөхцөл байдал хэрхэн өрнөхөөс бүх зүйл шалтгаална. Нэг удаагийн утасны яриа энх тайвныг авчирна гэж байхгүй" хэмээн нэмж дурдсан байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн