Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль"-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж байсан. Харин өнгөрсөн долоон хоногт Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2025 оны анхны хуралдаан боллоо.
Тус хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудалд онцгойлон анхаарч, томоохон шийдвэрүүдийг гаргаж, шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт тусгажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр байгуулахад шаардлагатай 24 тэрбум төгрөгийг баталсан бөгөөд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг 30 хувиар нэмсэн байна. Боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийг хөгжүүлэх Дэмжих төвийг байгуулан 1000 орчим хүүхдийг хамруулахаар болж 8.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан юм.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2025 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон ажиллах аж. Засгийн газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх зөв ойлголт, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж, нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах эрх зүйн орчныг сайжруулахаар болж саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийг батлуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэгш, хүртээмжтэй дэд бүтцийн стандартыг бүх төрлийн орон сууц, худалдаа, үйлчилгээний байгууллагуудад мөрдүүлэхээр болжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулах хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилтыг дэвшүүлээд байна.
Нэмж дурдахад Үндэсний Статистикийн хорооны 2023 онд гаргасан судалгаанд Монгол Улсад 111,228 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий гэх судалгаа байдаг.