Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр тэргүүтэй албаны хүмүүс “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Сор кашемир”, “Сноу Филдс”, “Улаанбаатар хивс” компанид ажиллалаа.
Ерөнхийлөгч малын гаралтай түүхий эдийн үнэ цэнтэй болгох зорилгоор “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн дүнд олон улсын стандартад нийцсэн өрсөлдөх чадвартай, гарал үүсэл, чанарын баталгаатай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт нэмэгдэж, малын гаралтай түүхий эдийн үнэ цэн өсөх юм. Тус хөтөлбөр хэрэгжсэнээр малчдын орлого, амьжиргаа сайжирч, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбар шинэ шатанд гарахаар төлөвлөөд байгаа билээ.
“Сор кашемир” ХХК 13 аймгаас жилд 800 тн ноолуур бэлтгэхийн зэрэгцээ 200 орчим тн тэмээний ноос, 30 гаруй тн сарлагийн хөөвөр, 200 гаруй тн хонины ноосыг боловсруулж, цэвэр утас, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Бүтээгдэхүүнээ дэлхийн 17 оронд экспортолж, дотоодын 150 гаруй сүлжих цехийг ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврөн ээрмэл утсаар хангадаг юм байна. Өдгөө тус компанид ноос ноолуур ангилан ялгах цех, угаах үйлдвэр, ноолуур самнах үйлдвэр, будах үйлдвэр, ноос ноолууран утас ээрэх үйлдвэр, сүлжмэл бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр ажиллаж анхан шатны түүхий эдийг эцсийн бэлэн бүтээгдэхүүн болгох бүх шатны боловсруулалтыг гүйцэтгэж байгаа талаар Гүйцэтгэх захирал Б.Очгарьд онцолж байлаа. Төрийн тэргүүний санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь цаг үеэ олсон, үйлдвэрлэгчдийг дэмжих хамгийн том боломжийг нээж өгсөн талаар хэлж байсан юм.