УИХ-ын хаврын чуулганаар Татварын багц хуулийн төслүүдийг өргөн барьж хэлэлцүүлнэ гэдгээ Засгийн газраас мэдээлсэн. Энэ хүрээнд татвартай холбоотой асуудлаар иргэн, аж ахуйн нэгжийн саналыг авч, эхний байдлаар татварын хуулийн төслүүдийг боловсруулаад байгаа аж. Сангийн яамны сайтад боловсруулсан төслүүд дээр олон нийтээс нээлттэй санал авч байгаа аж. ААН, иргэдээс нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ-ын хувь хэмжээг багасгах, НӨАТ төлөгч болох босгыг нэмэгдүүлэх зэрэг саналыг хамгийн илэрхийлж байсан.
Одоогийн дагаж мөрдөж буй хуулиар иргэн, хуулийн этгээдийн жилийн үйл ажиллагааны борлуулалтын орлого нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн бол НӨАТ төлөгч болох, жилийн борлуулалтын орлого нь 10 сая ба түүнээс дээш төгрөг бол сайн дураараа НӨАТ төлөгч болох зохицуулалттай билээ. Тэгвэл Сангийн яамнаас боловсруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад иргэн, хуулийн этгээдийн НӨАТ төлөгч болох босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгажээ. Тодруулбал, “үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь үргэлжилсэн 12 сарын хугацаанд 400 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн этгээд нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч (цаашид “татвар суутган төлөгч”) байна” гэж заасан байна.
Мөн үйл ажиллагааны борлуулалтын жилийн орлого 80 сая ба түүнээс дээш бол НӨАТ төлөгчөөр сайн дураараа бүртгүүлж болохоор тусгасан байна.
Татварын хөнгөлөлтийн тухайд:
Татвар төлөгчийн тухайн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн татварыг 100 хувь,
500,001-800,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн татварыг 50 хувь,
800,001 төгрөгөөс дээш худалдан авалтад төлсөн татварыг 20 хувиар хөнгөлж, буцаан олгоно.
Татвар төлөгч нь татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээг худалдан авч, холбогдох төлбөрийн баримтыг цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлж, баталгаажуулснаар татварын хөнгөлөлтийг эдлэхээр тус тус заажээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад татварын хувь хэмжээг өөрчлөөгүй бөгөөд бараа ажил, үйлчилгээний дотоодын борлуулалт, импортод 10 хувиар татвар ногдуулах бол экспортод 0 хувийн татвар ногдуулахаар заажээ.
Энэхүү төсөл нь УИХ-д өргөн баригдаагүй байгаа бөгөөд иргэн хуулийн этгээдээс боловсруулсан төсөл дээр санал авах ажил нээлттэй үргэлжилж байгааг дахин сануулъя. Та ЭНД дарж саналаа өгөөрэй.