Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

Канад дараагийн Ерөнхий сайдаа хайж байна

Канад дараагийн Ерөнхий сайдаа хайж байна
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 14
Канадын эрх баригч Либерал нам одоогийн Ерөнхий сайд Жастин Трюдогийн оронд шинэ удирдагч сонгох гэж байна. Трюдо энэ оны нэгдүгээр сард албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдсэн бөгөөд түүний ажлын үр дүнд олон нийт сэтгэл дундуур байгаагаас үүдэн ийнхүү огцорч байгаагаа мэдэгдсэн билээ. Үр дүнг гуравдугаар сарын 9-нд зарлах юм.
Яагаад өрсөлдөөн байх ёстой вэ?
Ерөнхий сайдыг хууль тогтоогчид нь сонгож, хурдан хугацаанд огцруулдаг Австрали, Их Британиас ялгаатай нь Канадын улс төрийн намуудын тэргүүнийг намын гишүүд тусгай сонгуулиар сонгодог. Трюдо огцорсон нь Либерал намын удирдагчийг сонгох өрсөлдөөнийг автоматаар эхлүүлснээс гадна Либерал намын дарга нь шууд шинэ Ерөнхий сайд болох юм.
Гол нэр дэвшигчид нь хэн бэ?
Санал асуулгаар Канадын Төв банкны ерөнхийлөгч асан Марк Карни хамгийн өндөр магадлалтай байгаа бөгөөд Сангийн сайд асан Кристя Фриланд удаалж байна. Фриланд өнгөрсөн арванхоёрдугаар сард огцорсноор улс төрийн хямралыг үүсгэж, Трюдог огцроход хүргэсэн. Мөн Засгийн газрын сайд асан Карина Гулд өрсөлдөж байгаа ч түүний ялах магадлал маш бага гэж үзэж байна.
Хэн санал өгөх боломжтой вэ?
Либерал намын гишүүнээр бүртгүүлсэн хүн бүр санал өгөх боломжтой. Намын гишүүн болоход ямар ч хураамж төлдөггүй бөгөөд Канадын иргэд болон байнгын оршин суугчид гишүүнчлэлийн эрхтэй байдаг аж. Либерал нам нэгдүгээр сарын 30-нд нийт 400,000 хүн санал өгөхөөр бүртгүүлсэн гэж мэдээлсэн. Канад улс 41 сая орчим хүн амтай.
Сонгуулийн үр дүнг хэрхэн тооцох вэ?
Уг сонгуулиар 343 парламентын тойрог бүрд саналын хуудас тооцогдох ба тус бүрд 100 оноо хуваарилна. Нэр дэвшигч тус бүр тухайн тойрогт авсан саналын хувиар оноогоо хуваарилан авах юм. Уг систем нь зөвхөн олон санал авсан хүнийг бус, улс орон даяар өргөн дэмжлэг хүлээсэн нэр дэвшигчийг ялалт байгуулах боломжтой болгодог.
Сонгогчид нэр дэвшигчдийг хүссэн дарааллаараа жагсаан эрэмбэлдэг байна. Жишээлбэл, хэрэв А нэр дэвшигч тойрогт 60 хувийн санал, харин B нэр дэвшигч 40 хувийн санал авбал 60, 40 оноо тус тус хүртэнэ. Уг үйл явцыг бүх тойрогт явуулж, дараа нь нийт оноог тооцно.
Хэрэв эхний тооллогоор хэн ч 50 хувиас дээш оноо авахгүй бол хамгийн бага оноо авсан нэр дэвшигчийг хасаж, түүнд саналаа өгсөн хүмүүсийн хоёрдугаар сонголтыг бусад нэр дэвшигчдэд хуваарилдаг байна. Тиймээс энд эрэмбэлэгдсэн саналын хуудас гол үүрэг гүйцэтгэдэг. Энэ үйл явцыг хэн нэгэн 50 хувиас дээш оноо авах хүртэл үргэлжлүүлнэ.
Үр дүнг хэрхэн зарлах вэ?
Либерал нам гуравдугаар сарын 9-нд Оттавад болох цуглаан дээр үр дүнгээ танилцуулна хэмээн мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Үндэсний сонгууль хэзээ болох вэ?
Канадын тогтсон сонгуулийн хуулийн дагуу дараагийн үндэсний сонгууль аравдугаар сарын 20-ноос өмнө явагдах ёстой ч шинэ Ерөнхий сайд гуравдугаар сарын 9-өөс хойш хэдийд ч сонгууль зарлах боломжтой. Мөн парламент гуравдугаар сарын сүүлээр Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураах үед сонгууль явуулах боломжтой ажээ. Хэрэв сөрөг хүчний бүх нам Либералуудын эсрэг санал өгвөл Засгийн газар унах юм.
Трюдо огцрохоо зарлаж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадаас импортлох бүх бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулна гэж сүрдүүлснээс хойш либералуудын саналын зөрүү багассан ч Пьер Пойлевре тэргүүтэй албан ёсны сөрөг хүчний Консерватив намын хүмүүс ихэнх санал асуулгаар тэргүүлсэн хэвээр байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн