Open iToim app
Ярилцлага | 5 мин уншина

Г.Чинтогтохын гэр бүлийн хайрын түүх

Г.Чинтогтохын гэр бүлийн хайрын түүх
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 14
Өнөөдөр гэгээн хайрын валентины баярын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан зураглаач Г.Чинтогтох болон түүний эхнэр жүжигчин С.Номин-Эрдэнэ нартай ярилцлаа. С.Номин-Эрдэнийг “Favway” уран бүтээлийн нэгдлийн Томоо гэдгээр нь хүмүүс андахгүй байх. Мөн тэд хамтдаа контент бүтээдэг билээ.
-Юуны өмнө та хоёртоо Валентины баярын мэнд хүргэе. Баяраа сайхан тэмдэглэж байна уу. Ер нь та хоёр Валентины баярт хэр ач холбогдол өгдөг вэ?
-С.Номин-Эрдэнэ \С.Н\: Баярлалаа, миний төрсөн өдөр болон дараалсан олон баярууд байдаг болохоор  манай нөхөр Валентины баярт нээх их ач холбогдол өгдөггүй. Харин би Валентинд ач холбогдол өгдөг. Тийм болохоор жил бүр жижиг, жижиг гэнэтийн бэлэг барихыг хичээдэг. 
-Г.Чинтогтох \Г.Ч\: Энэ жилийн хувьд арай илүү ач холбогдол өгч сайхан тэмдэглэх гэж байна. Хайртдаа гоё бэлэг өгнө.
-Та хоёр анх хэрхэн танилцсан бэ. Бусдаас нэгнээ онцгойлон харж, үерхэж эхэлсэн дурсамжаасаа хуваалахгүй юу?
-Г.Ч: Бид 2019 онд танилцаж дөрвөн жил найзууд байж байгаад үерхсэн. Томоо найзуудтайгаа манай студи дээр “Хөөе ахаа” нэвтрүүлгээ бэлтгэдэг байсан юм. Тэр үед “Favway” уран бүтээлийн нэгдлийн “Дурлахад хоёр секунд” киног үзээд Томоог арай өөрөөр харж, дурласан. Дараа нь “Урлагийн сургууль” кинонд хамт ажилласан. Намайг манай хүн долоон удаа үерхэх санал тавьсан гэдэг \инээв\.
-С.Н: Манай нөхөр бид хоёр хамаг нууцаа л ярилцдаг дотно найзууд байлаа. Дөрвөн жилийн дараа дурлаж болдог юм байх даа гээд гайхсан. Гэнэт  надад сайн болчихлоо гэдгээ илэрхийлэхэд нь хүлээж авахад бага зэрэг эвгүй байсан. Ер нь олон удаа татгалзсан. Гэхдээ найзын харилцаагаа ерөөсөө болимооргүй байсан. Хайртай гэдгээ илэрхийлээд байхаар эмэгтэй хүн цаанаасаа дасчихдаг юм билээ. Тэгээд байхгүй болохоор үгүйлээд, ерөнхийдөө дасаж дурласан. Манай нөхөр дасгаж байгаад алга болдог тактик ашигласан чинь би бүдэрсэн юм билээ \инээв\.
-Бие биеийнхээ хамгийн хайр татам зүйлсийг хэлбэл?
-С.Н: Манай нөхөр хүнлэг хүн. Хүний тусыг мартдаггүй. Авахаасаа илүү өгөх нь гоё гэж хэлдэг. Энэ зан чанар нь надад маш их таалагддаг. Түүнээс нь суралцаж явдаг. Мөн манай нөхөр үнэхээр хөгжилтэй, хамт байхад зугаатай хүн. Найзууд байж байгаад гэр бүл болсон болохоор чөлөөтэй байдаг. Үерхсэнээсээ хойш биеэ цэгнэж байсан удаа байгаагүй. Хамт байхад хажууд нь дандаа тухтай байдаг. Тэгээд маш сайн нөхөр, аав. Хүмүүс ээжийнхээ ачаар ээж боллоо гэдэг дээ. Харин би нөхөр, ээж хоёрынхоо ачаар ээж болж байгаа. Бага зэрэг хүндрэлтэй төрөөд босож чадахгүй байхад намайг амрааж, хүүхдээ асарсан. Би ямар нэгэн ажилтай болоод гарахдаа хүүхэд яаж байгаа бол гэж санаа зовдоггүй. Маш сайн аав, хүүхдээ бараг надаас илүү халамжилдаг. 
-Г.Ч: Маш зөөлөн хүн. Би хурдан уурладаг жаахан ширүүн талдаа ааштай бол Томоо яг миний эсрэг. Дөлгөөн, тайван болохоор татагдсан. Мөн бүх хоолыг маш гоё иддэг. Би харшилтай болохоор янз бүрийн хоол идэж болдоггүй. Харин манай эхнэр хоол гоё иддэг болохоор түүнийг нь харах дуртай. Манай эхнэр маш сайн найз. Найзуудынхаа ар талыг бат даадаг. Найзууд нь кино нээлтээ орон нутгуудаар хийгээд явахад өөрөө очих боломжгүй байгаа ч зохицуулах боломжтой ажлуудаа зохицуулаад явдаг.
-Хосууд хамт удаан байгаад ирэхээр нэгэндээ уусдаг гээд байдаг. Та хоёр хэр нэгэндээ уусаж байгаа вэ?
-Г.Ч: Бие биеийнхээ сайн чанаруудаас суралцаж байгаа. Хоёулаа хөгжилтэй хүмүүс болохоор уусаж байгаагаа анзаардаггүй. Бид хоорондоо маш сайн ярилцдаг. Жижиг асуудал байдаггүй гэдэг дээ. Бид ямар ч асуудал гарсан ярилцаж шийддэг. 
-С.Н: Уусаж байгаа байх аа. Би найзуудтайгаа уулзаад ярьж байхад Ундрал  “Чамтай ярьсан чинь сонин Можухтай ярьж байгаа юм шиг санагдаад байх юм” гэсэн. Тэгэхээр ярианы хэлбэр талдаа уусаж байгаа байх. Угаасаа 24\7 хамт байгаа.
-Үл ойлголцсон, ам мурийсан үедээ хэрхэн шийддэг вэ?
-Г.Ч: Жижиг асуудал гарах бүрд ярилцаад шийддэг болохоор дараа дараагийн том зүйл гардаггүй. Заримдаа өөрсдийнхөө бурууг ойлгох хугацаа өгдөг. Ер нь бие биедээ буулт сайн хийдэг.
-Ямар үед хайрлагдсан мэдрэмжийг хамгийн их авдаг вэ?
-С.Н: Хайрлагдсан мэдрэмжийг өдөр болгон авдаг. Жишээлбэл, хүүхдээ тэврээд нуруу өвдөж байхад зөрж хүүхдээ аваад, нуруу дарж өгдөг. Хийж өгсөн хоолыг маш гоё урамтай иддэг. Ийм жижигхэн үйлдлүүдээс ч хайрлагдсан мэдрэмжийг авдаг.
-Г.Ч: Тийм шүү. Намайг ямар ч эрт ажилтай байсан надад заавал өглөөний цай хийж өгдөг. Өглөө болгон тийм их хайрыг мэдэрчихээр тухайн өдөр ч гоё өнгөрдөг. 
-Та хоёрын хувьд хайрын үнэ цэн юун дээр тогтдог гэж боддог вэ?
-Г.Ч: Ойлголцол дээр тогтдог юм болов уу. Бие биетэйгээ маш сайн ярилцаж, ойлгох, дэмжих гэж бодож байна.
-С.Н: Итгэлцэл юм болов уу. Анх үерхэж эхэлж байхдаа би бага зэрэг хартай байсан. Эмэгтэй хүний утсыг нь үзэх гээд байдаг зан байдаг даа. Одоо бол утсыг нь тоодоггүй. Үүнийг нөхрөөсөө суралцсан гэх юм уу. Нөхөр “Чи миний утсыг байнга үзэх гээд байх юм бол дараа нь яагаад ч юм үзүүлмээргүй санагдаад хаалт үүснэ. Тийм болохоор чи зүгээр надад итгэ” гээд хэлж байсан. Тэрнээс хойш би утсыг нь үзэхээ ч больсон. Тэгэхээр цаанаасаа л итгэл төрсөн.
-Өдөр тутам байнга ярилцдаг ч энэхүү ярилцлагаар дамжуулаад хайртай хүндээ чин сэтгэлийнхээ үгийг хэлбэл?
-Г.Ч: Намайг дандаа ойлгож, дэмждэгт, миний ард бат зогсдогт баярлалаа. Сайн ээж байдагт чинь баярлалаа. Хайртай шүү.
-С.Н: Би байнга хайртайгаа хэлдэг, эрхэлж байдаг. Үргэлж хамгаалагдсан юм шиг мэдрэмж өгч байдаг. Ноён нуруутай гэдэг үг зохимоор гэх юм уу. Маш тайван, сайхан хайрыг бэлгэлдэгт баярлалаа. Мундаг аав, хүргэн хүү байдагт баярлалаа. Ер нь манай нөхөр мундаг даа. Чамаас амьдралын сайн сайхан зүйлүүдийг сурдаг шүү. Хайртай шүү. 
-Бүх сайхан хосууддаа хайрын баярын мэнд хүргэхгүй юү. Саяхан танай уран бүтээлийн нэгдлийн хайрын сэдэвтэй кино нээлтээ хийсэн. Тэр талаараа дэлгэрэнгүй яривал?
-С.Н: Бидний ярилцлагыг уншсан  та бүхэндээ маш их баярлалаа. Можухын гэр бүл байлаа. Хайртай хүнтэйгээ валентины баярыг мартагдахааргүй тэмдэглээрэй. Заавал үнэтэй биш сэтгэл гарган бэлдсэн бэлэг маш гоё дурсамж бүтээдэг шүү. Тэгээд хэрвээ та бүхэнд валентины баяраа тэмдэглэх төлөвлөгөө байхгүй байгаа бол “Хүлээх өрөө” гээд манай кино бүх кино театруудаар гарч байна. Хайртай хүнтэйгээ үзээрэй. Хэрвээ VIP  танхимд хосоороо үзвэл манай Favway-ийн зүгээс бяцхан бэлэгтэй байгаа. Мөн синглээрээ үзэж байгаа хүмүүсээ ч мартаагүй. Манай киноноос олон төрлийн хайрыг харах болно.
-Г.Ч: Бүх хосууддаа валентины баярын мэнд хүргэе. Ганц бие хүмүүстээ ч баярын мэнд хүргэе. Валентины баярыг битгий үзэн ядаарай. Удахгүй чи хостой болоод тэмдэглэнэ. Тийм болохоор найзтайгаа гоё Валентины баяр тэмдэглээд “Хүлээх өрөө” киног үзээрэй.
-Ярилцсанд баярлалаа, танай гэр бүлд аз жаргал хүсье.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн