Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар өнөөдөр Ардчилсан намын Удирдах зөвлөлөөс гаргасан мэдэгдлийг танилцуулж, хэвлэлийн бага хурал хийсэн. Тус зөвлөлөөс АН-ын одоогийн дарга Л.Гантөмөрийг өнөөдөрөөс эхлэн АН-ын гишүүнээс хөөх шийдвэр гаргасан талаараа ярьсан юм. Тэгвэл Т.Хасбаатарын хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор Ардчилсан намаас мэдэгдэл гаргажээ.
Сошиал орчинд өөрийгөө "Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбоо" гэх ТББ-ыг төлөөлж байна хэмээн хэвлэлийн хурал хийж буй иргэн Т.Хасбаатар нь Ардчилсан намын гишүүний бүртгэлд бүртгэлгүй тул Ардчилсан намын ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох боломжгүй юм.
Тэрээр 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт бие даан нэр дэвшсэн гэх мэдээллийг холбогдох газраас бидэнд мэдэгдсэн. Үүнээс хойш иргэн Т.Хасбаатар нь Ардчилсан намд гишүүнээр элсэх хүсэлтээ өнөөдрийг хүртэл ирүүлээгүй болно.
Иймд түүний хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан хийсэн дээрх мэдэгдэл нь олон нийтийг төөрөгдөлд оруулсан үндэслэлгүй, хууль бус үйл ажиллагаа болохыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.