Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Малайзын шүүхээс Ш.Алтантуяа агсны гэр бүлд 1.1 сая доллар олгох шийдвэр гаргалаа

Малайзын шүүхээс Ш.Алтантуяа агсны гэр бүлд 1.1 сая доллар олгох шийдвэр гаргалаа
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 12
2006 онд Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак болон түүний зөвлөх Абдул Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа онц хэрцгийгээр бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. 2022 оны арванхоёрдугаар сард Малайзын Шах Аламын Дээд шүүхээс Алтантуяагийн гэр бүлд 5 сая ринггитийн нөхөн төлбөр олгох шийдвэр гаргаж байв. Энэ шийдвэрээр Малайзын цагдаагийн алба хаагчид болох Азила Хадри, Сирул Азхар Умар, тус улсын Ерөнхий сайд асан Нажиб Разакын зөвлөх Абдул Разак Багинда болон Малайзын Засгийн газар хамтран хариуцлага хүлээхээр болсон.
Тус шийдвэрийн дараа Малайзын Засгийн газар болон Абдул Разак Багинда уг шийдвэрийг давж заалдаж, нөхөн төлбөрийг цуцлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Үүний дараа Алтантуяагийн гэр бүл нөхөн төлбөрийг нэмэгдүүлэх хүсэлт гаргасан. Ийнхүү нөхөн төлбөрийн хэрэг эцэслэн дуусаагүй бөгөөд давж заалдах шатны ажиллагаа үргэлжилж байгаа билээ.
Тэгвэл Малайзын шүүхээс тус улсын Засгийн газрыг Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн гэр бүлд учирсан хохирлыг яаралтай барагдуулах ёстой гэсэн шийдвэрийг өнөөдөр гаргалаа. Тодруулбал, шүүгч Сумати Муругиа энэ лхагва гарагт Малайзын засгийн газрыг 4.7 сая ринггит буюу 1.1 сая ам.долларыг 30 хоногийн дотор Алтантуяагийн гэр бүлийг төлөөлж буй өмгөөлөгчийн дансанд байршуулах ёстой гэсэн тушаал гаргасан байна. Мөн тавдугаар сарын 19-нд болох давж заалдах шатны шүүх хуралдаанд засгийн газар ялагдвал уг мөнгийг Алтантуяа агсны гэр бүлд гаргаж өгөх аж.
Ерөнхий сайд асан Нажиб Разакийн зөвлөх асан Абдул Разак Багиндад мөн 4.7 сая ринггит байршуулж, төлбөр төлөхийг шүүхээс үүрэг болгожээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн