Эль Сальвадорын ерөнхийлөгч АНУ-аас албадан гаргасан гэмт хэрэгтнүүдийг хот сууринаас зориудаар тусгаарласан, 40,000 хүртэлх хоригдол багтаах боломжтой Терроризмын хорих төвд хорих санал тавьжээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн хэлснээр Трампын засаг захиргаа гэмт хэрэг үйлдсэн АНУ-ын иргэдийг Эль Сальвадорын шоронд хорих тухай тус улсын саналыг судалж байгаа гэжээ. Гэхдээ уг санал хууль зүйн хувьд эргэлзээтэй алхам байж магадгүй аж.
Өнгөрсөн даваа гарагт Эль Сальвадорын ерөнхийлөгч Найиб Букеле АНУ-д “шоронгийн системийнхээ нэг хэсгийг гадагш шилжүүлэх боломж” олгож байна гэж X-д жиргэсэн байна. Харин Рубио Коста-Рикад болсон хэвлэлийн бага хурлын үеэр үүнийг "гайхалтай санал, урьд өмнө байгаагүй боломж" гэж онцолжээ. Тэрээр "Мэдээж бид энэ саналыг нухацтай судлах хэрэгтэй. Үүнд хууль эрх зүйн зохицуулалт байгаа нь ойлгомжтой. Бидэнд үндсэн хууль бий. Гэхдээ үнэхээр өгөөмөр санал байна" гэж хэлжээ.

АНУ-ын Үндсэн хууль иргэдийнхээ эрхийг хамгаалдаг. Шүүхүүд гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр америкуудын иргэний харьяаллыг хураах боломжгүй гэж тогтоосон тул тэднийг албадан гаргах хууль ёсны боломж хязгаарлагдмал юм. Дональд Трамп уг төлөвлөгөөг "хууль ёсных байсан бол шууд хэрэгжүүлэх байлаа" гэж мэдэгдэж, АНУ-ын хувийн шоронд байлгахаас хямд тусна гэж онцолжээ. Тэрээр "Бид энэ талаар судалж байгаа. Эдгээр араатнуудыг эх орноосоо гаргах тохиролцоонд хүрэх боломжтой" гэж Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд хэлжээ. Өнгөрсөн сард Трамп өөрөө АНУ-ын давтан гэмт хэрэгтнүүдийг гадаадын улсуудад хорьж, үүнийх нь төлөө "маш бага төлбөр" төлөх санал гаргаж байсан. Тэрээр үүнийгээ төсвийн зардлыг бууруулах арга гэж тайлбарлаж байв. Гэхдээ дан ганц хууль эрх зүйн асуудлаас гадна Эль Сальвадорын шоронгийн нөхцөл байдал энэ төлөвлөгөөг эсэргүүцэх томоохон шалтгаан болно гэж ажиглагчид үзэж байна.
АНУ-ын Төрийн департаментын цахим хуудсанд Эль Сальвадорын шоронгуудыг "хатуу ширүүн, аюултай" гэж тодорхойлж, хэт ачаалал, хүний эрхийн зөрчил ихсэх эрсдэлтэйг тэмдэглэсэн байдаг. Букеле 2022 оны гуравдугаар сараас хойш улсдаа аюулгүй байдлын эсрэг тэмцэл эхлүүлж, 84,000 гаруй хүнийг баривчилж, хүн амины хэргийн тоог эрс бууруулжээ. Гэсэн хэдий ч тэдний ихэнх нь ямар ч үндэслэлгүйгээр баривчлагдсан байв. Тэрээр АНУ-д Терроризмын хорих төвийн мега шоронг гадаадын болон АНУ-ын гэмт хэрэгтнүүдэд төлбөртэй ашиглах санал тавиад буй нь энэ юм.
Терроризмын хорих төв (CECOT) гэж юу вэ?
Эль Сальвадорын ерөнхийлөгч Найиб Букеле 2022 оны гуравдугаар сард бүлэглэлийн эсрэг кампанит ажлаа эхлүүлж байхдаа уг мега шоронг байгуулах тушаал гаргасан бөгөөд жилийн дараа тус улсын нийслэлээс зүүн тийш 72 километрийн зайд орших Теколука хотод ашиглалтад оржээ.
Терроризмын хорих төв нь 40,000 хоригдол хорих хүчин чадалтай, найман том павильоноос бүрддэг. Нэг камерт 65-70 хоригдол хоригддог аж. Тэднийг ял эдлээд нийгмийн орчинд эргэж ороход нь бэлтгэдэг хөтөлбөр, сургалт, хүмүүжлийн хөтөлбөр байхгүйгээс гадна гадагш гаргахыг ч зөвшөөрдөггүй байна.
Нэгэн онцгой тохиолдол байдаг нь шоронгийн удирдлагуудын итгэлийг хүлээсэн хоригдлуудыг үе үе урам зориг өгөх яриа хийхийг зөвшөөрдөг аж. Хоригдлууд хорих ангийнхаа гадаа коридорт эгнэн сууж ярилцах эсвэл харуулын хяналт дор дасгал хийдэг байна. Шоронгийн хоолны танхим, амралтын өрөө, биеийн тамирын заал, ширээний тоглоом зэрэг нь зөвхөн харуулуудад зориулагдсан байдаг ажээ.
Эль Сальвадор хэдэн хоригдолтой вэ?
2021 оны дөрөвдүгээр сард онц байдал эхлэхээс нэг жилийн өмнө тус улсыг 36,000 орчим хоригдолтой гэж мэдээлж байсан. Засгийн газар энэ тоог тогтмол шинэчилдэггүй боловч хүний эрхийн "Cristosal" байгууллага 2024 оны гуравдугаар сарын байдлаар 6.36 сая хүн амтай Эль Сальвадор улсад 110,000 хүн хоригдож байгаа тухай мэдээлсэн юм. Үүнд ял эдэлж буй болон шүүх хурлаа хүлээж байгаа хүмүүс багтжээ.
Хүний эрхийн тэмцэгчид юу гэж харж байна?
"Cristosal" байгууллага өнгөрсөн зун Эль Сальвадорт гэмт бүлэглэлийн эсрэг арга хэмжээ авснаас хойш шоронгуудад дор хаяж 261 хүн нас барсан гэж мэдээлжээ. Тус байгууллага, бусад хүний эрхийн тэмцэгчид хоригдлуудын хүчирхийлэл, эрүүдэн шүүлт, эмнэлгийн тусламж дутмаг байдал зэрэг асуудалд шүүмжлэлтэй ханддаг.