Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор мах болон цагаан идээний үнэ эрс нэмэгджээ. Энэ удаагийн сурвалжилгаа “Жаргалтай золгоё” Цагаан сарын үзэсгэлэн худалдааны гадна талбайгаас бэлтгэлээ. "Аса" циркийн гадна талбайд дэлгэсэн Цагаан сарын үзэсгэлэн худалдаа иргэдийн хөлд дарагджээ. Орон нутгаас ирсэн цагаан идээ, мах, үндэсний үйлдвэрлэгчдийн сар шинийн бэлэг зэргийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн байна. Үзэсгэлэн худалдаа олны хөл ихтэй ч худалдан авалт муу байгааг худалдаачид хэлж байна. Сүхбаатар аймгийн малчин ярихдаа “Сар шинийн үзэсгэлэн худалдаа циркийн гадна талбайд ойрын 7 хоног тасралтгүй үргэлжилж байна. Энэ долоо хоногоос ажиглахад энэ жил иргэдийн худалдан авах чадвар өнгөрсөн жилийнхээс муу байна. Манай Сүхбаатар аймаг өнгөрсөн жил зудтай байсан. Хонь мал их хорогдож, том мал л үлдсэн. Энэхүү үзэсгэлэнд сайхан эр хонь ууцалж авчирсан ч зарж чадахгүй л сууна даа. Долоо хоног зогсоод хоёр, гурвыг л зарж байна. Сар шинийн баяр дөхүүлээд ууц зарж багахан ч болов ашиг олчих санаатай өөрсдөө ирээд зогсож байна. Үнийн хувьд ч хилийн махтайгаа дүйцэх үнээр зарж байгаа. Махаа гадагшаа экспортлохыг хорьсон нь малчдад их хүнд тусаж байна” гэлээ.