Монголын бизнесүүдийн эрх ашгийг хамгаалж ажилладаг байгууллагын төлөөллүүд Засгийн газраас санаачилсан "Бизнест ээлтэй монгол" хөтөлбөрийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Уг хөтөлбөрийн хүрээнд бизнесийн байгууллагууд татвар болон бизнесийн орчныг сайжруулах талаар саналаа өгч, Засгийн газартай хамтран ажиллах юм байна. Энэ талаар бизнесийн байгууллагын төлөөллүүд мэдээлэл хийлээ. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Л.Төр-Од: Засгийн газраас санаачилж хэрэгжүүлж байгаа "Бизнест ээлтэй монгол" хөтөлбөрийг дэмжиж ажиллана. Энэ хөтөлбөрөөр бизнес хийхэд тулгардаг чөдөр тушааг байхгүй болгоно гэж ойлгож байгаа учраас хамтран ажиллаж эхлэх гэж байна. Нэгд, татварын орчныг нэн даруй цогцоор нь шийдэхийн төлөө явна. Татварын хувь хэмжээг бууруулаад орхих бус цогцоор нь шинэчлэл хийж, бизнест учирч байгаа хүндрэлүүдийг шийдэх ёстой. Ялангуяа, жижиг дунд, гарааны бизнес, залуучууд, эмэгтэйчүүдийн эрхэлж байгаа бизнесийг төр татвараас 100 хувь чөлөөлж, тодорхой хугацаанд бойжих боломжийг олгох ёстой. Татвар ярихаар нийгмийн даатгалын шимтгэлийн асуудал хүчтэй яригддаг. Ажилтан, ажил олгогчийн энэ дарамтыг багасгах ёстой. Хоёрт, зөвшөөрлийн асуудал байна. Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхлээд гурван жил болж байна. Нийт 372 зөвшөөрөл байгаагаас 251 нь тусгай, 121 нь энгийн зөвшөөрөл байна. Зөвшөөрлийн тоог нэмсэн боловч эргээд зөвшөөрлийн шинж чанартай хураамжийн төлбөр зэрэг хуулиасаа давсан журмууд бизнест дарамт болж байна. Эдгээрийг халж, бизнесийг төлөөлдөг байгууллагуудад зөвшөөрлийн эрхийг шилжүүлж, талыг нь бүрмөсөн халах боломжтой гэж МҮХАҮТ-аас үзэж байна.