"Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-аас "Авлигын төсөөллийн индекс 2024" тайланг танилцуулж, Монгол Улсын авлигын индексийг мэдээллээ. Авлигын төсөөллийн индескт нийт 180 улс хамрагдсан бөгөөд Монгол Улс 2023 оны 33 оноогоо хадгалж, 7 байр урагшилсан байна. Монгол Улсын авлигын индексээр сүүлийн таван жилд:
2019 онд 35 оноо авч, 180 улсаас 106 дугаар байрт
2020 онд 35 оноо авч, 180 улсаас 111 дүгээр байрт
2021 онд 35 оноо авч, 180 улсаас 110 дугаар байрт
2022 онд 33 оноо авч, 180 улсаас 116 дугаар байрт
2023 онд 33 оноо авч, 180 улсаас 121 дүгээр байрт тус тус эрэмбэлэгдэж байжээ.
2024 онд “Авлига ба уур амьсгалын хямрал” онцлох сэдэв болсон байна. Энэ жил Дани улс 90 оноотойгоор долоо дахь жилдээ индексийг тэргүүлж байна. Харин Өмнөд Судан 8, Сомали 9 оноотойгоор хангалтгүй түвшинд сүүл мушгиж байна.
"Транспэрэнси интернэшнл" олон улсын байгууллагын хөндлөнгийн зөвлөх Д.Тэгшбаяр: Миний хэлж байгаа аливаа үг "Транспэрэнси интернэшнл" байгууллагыг төлөөлөхгүй гэдгийг албан ёсоор хэлье. "Транспэрэнси интернэшнл" байгууллага сүүлийн 5 жил хэд хэдэн зөвлөмж багцаар нь Монгол Улсад өгч байсан. Гэвч үүнтэй холбоотой дорвитой алхам төдийлөн сайн хийсэнгүй. Манай улс 2022 онд авлигын индексийн оноо нь эрчимтэй буурсан, авлига өсөж байгаа 10 улсын тоонд орж байсан. Харин 2023 онд ардчиллаас хамгийн их ухралттай орны тоонд багтаж, саарал бүсэд орсон. Энэ жил саарал бүсдээ хэвээрээ байна. Өөрөөр хэлбэл, авлигын төсөөллийн индексэд хамгийн их нөлөө үзүүлдэг ардчиллын болон хуулийн засаглалын индекс дээр шаардлагатай хэмжээнд хүрч ажилласангүй. Зөвлөмжийн хувьд:
Эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хангах асуудал дээр ямар ч алхам хийсэнгүй. Тухайлбал, тусгай зөвшөөрлийг эцсийн эзэмшигчийг ил болгоход анхаарах хэрэгтэй.
Улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, хянадаг механизм руу шилжих хэрэгтэй гэдгийг сануулж байна. Тодруулбал, хэсэг бүлэг хүмүүс завшиж байгаа асуудлыг таслан зогсоох, хуулийн хэрэгжилтийг ижил тэгш үйлчилдэг болгох шаардлагатай.
Мөн шүүхээс өмнөх хариуцлагын асуудал чухал байна. Монгол Улсын 800 гаруй хууль тогтоомжид төрөл бүрийн хариуцлагын механизмыг хуульдаа суулгасан байгаа юм. Гэхдээ хуульд суулгасан хариуцлагын механизм хэрэгжихгүй байгаа нь бид шүүхийг шүүмжлэх хэмжээнд хүрсэн байна.
Түүнээс гадна Монгол Улсад нам доторх фракц, бүлэглэл болон бусад жижиг бүлэглэлийн асуудлыг авлигатай холбож харах шаардлагатай гэж үзэж байна. Жишээлбэл, төгсөгчид, уяачид, бөхийн холбоо гэх мэтчилэн жижиг бүлгүүдийн авлигал Монгол Улсын авлигын нөхцөл байдалд намын бүлгээс илүү нөлөөлдөг.
Энэ жил авлигын индексийн 8 эх сурвалжаар үнэлэгдсэний гурван эх сурвалж нь бага зэрэг өссөн үзүүлэлттэй, бусад 5 эх сурвалжийн үнэлгээ унасан үзүүлэлттэй гарлаа. Тодруулбал, 8 үнэлгээний 3 нь эрсдэлийн үнэлгээ байгаа. Эдийн засаг тоон үзүүлэлтээр тодорхой хэмжээнд өссөн ч эрсдэлийн үнэлгээнүүдэд дорвитой өөрчлөлт гаргасангүй. Харин хоёр үзүүлэлт нь бизнес эрхлэгчдийн үнэлгээ юм. Үүнд тодорхой ахиц гаргаагүй нь бизнес эрхлэх дэд бүтэц хөгжөөгүй буюу дэмжлэг үзүүлэхгүй байна. Хоёрдугаарт, санхүүгийн олдоц тааруухан байна. Олдож байгаа санхүүгийн эх үүсвэрүүд нь зээлийн хүү өндөртэй байна. Энэ нь эргээд эрсдэлийн үнэлгээнүүдтэй холбогдож зээлийн хүү буурахгүй байна гэдгийг бизнес эрхлэгчид үнэлж гаргаж ирсэн байна.
Монгол Улс сонгуулийн ардчилал хэсэг дээр маш уналттай дүн авсан. Энэ нь 2023 оны ардчиллыг хамгаалах, бэхжүүлэх дээр тааруухан үнэлгээ авсантай холбоотой. Мөн иргэдийн зөвлөлдөх хэсэгт уналттай байлаа.
Сайн мэдээ гэвэл авлигатай хийж байгаа тэмцэл нь хуулийн засаглалын үзүүлэлтээр бага зэрэг өссөн.
Хамгийн чухал нь төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдрэмж дээр тодорхой ахиц гаргаагүй. Ардчиллын индекс дээр маш өндөр уналтыг үзүүлсэн нь хүний эрхийн хэрэгжилт, хүний эрхийн сургалт, хууль сахиулах байгууллагын хүний эрхийн мэдрэмжийг дээшлүүлэх чиг өөрчлөлт гаргаагүй байна.
“Транспэрэнси Интернэшнл Монгол” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал: Авлигын Төсөөллийн Индекс 2024 нь дэлхий дахинд авлигын түвшин түгшүүртэй өндөр хэвээр байгааг мөн түүнийг бууруулах хүчин чармайлт суларч байгааг харуулж байна. Нийт улс орнуудын гуравны хоёр нь 50-аас доош оноо авсан нь дэлхий даяар авлигын түвшин ноцтой буйг илчилж буй юм. Тус индексийн дундаж оноо өөрчлөлтгүй, 43 хэвээр байгаа нь авлигын эсрэг яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг харуулж байна.
Монгол Улсад хэрэгжих боломжтой уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой төслүүд авлигын индексээс болж хэрэгжихгүй байна. Авлигын эрсдэл өндөр байдаг улс оронд хүрээлэн буй орчны эрүүл байдал сул байдаг.