Open iToim app
Дэлхий | 6 мин уншина

Америк-Хятадын худалдааны дайны Монголд үзүүлэх нөлөө

Америк-Хятадын худалдааны дайны Монголд үзүүлэх нөлөө
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 10
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын бүрэн эрхийн хугацаа эхлээд сар ч хүрээгүй байхад Америк-Хятадын худалдааны маргаан улам хурцдаж, харилцан татвар нэмэх, хариу арга хэмжээ авах үйл явц эрчимтэй өрнөж байна. Анх 2018 онд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулснаар тус хоёр улсын худалдааны дайн эхэлсэн билээ. Ийнхүү удаан хугацаанд үргэлжилсэн худалдааны дайн дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлснээс гадна АНУ, Хятадын компаниудын ашиг буурч, бусад улсуудад боломж, сорилтын аль аль нь бий болсон гэхэд хилсдэхгүй. Уг худалдааны дайн нь дан ганц хоёр улсын асуудал биш, харин дэлхий дахинд нөлөөлж буй эдийн засгийн томоохон үйл явдал юм.
АНУ-Хятадын худалдааны дайны үйл явц
2018-2019 он: Хоёр улс өндөр тарифууд (10-25%) тавьж, олон тэрбум долларын бараанд татвар ногдуулсан. АНУ 350 тэрбум ам.долларын импортод татвар ногдуулсан бол Хятад 100 тэрбум ам.долларын АНУ-ын экспортод хариу татвар тавьсан. Мөн хугацаанд АНУ дундаж тарифаа 3.7 хувиас 25.8 хувь хүртэл нэмсэн бол Хятад хариуд нь дундаж тарифаа 7.7 хувиас 20.8 хувь хүртэл өсгөсөн байна.
2020 он: АНУ, Хятад хоёр "Нэгдүгээр үе шатны" худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурав. Ингэхдээ Хятад АНУ-ын бараа, үйлчилгээний худалдан авалтыг хоёр жилийн дотор 200 тэрбум ам.долларын нэмэгдүүлэх үүрэг хүлээв. Мөн Хятад оюуны өмчийн хамгаалалтыг сайжруулах амлалт өгсөн юм. АНУ зарим тарифыг бууруулсан боловч 300 гаруй тэрбум ам.долларын Хятадын импортод тариф хэвээр үлдсэн.
2021-2024 он: АНУ, Хятадын харилцаа тодорхой хэмжээнд тогтворжсон боловч тарифууд хэвээр үлдсэн.
2025 он: Худалдааны дайн дахин эрчимжиж, шинэ татвар, эдийн засгийн хориг арга хэмжээнүүд тавигдаж эхэлсэн.
Худалдааны дайн, тарифын өсөлт нь хэдийгээр хоёр улсын ДНБ-д үзүүлсэн шууд нөлөө бага байсан ч хэрэглээний үнийн өсөлт, ажилгүйдэл, худалдааны өөрчлөлт, эдийн засгийн тодорхой бус байдлыг бий болсон. Вьетнам, Мексик зэрэг бусад улс орнууд Америк болон Хятад руу хийдэг экспортоо нэмэгдүүлсэн. Учир нь компаниуд тарифаас зугтаах шинэ худалдааны чиглэлүүдийг хайж тариф ногдохгүй гуравдагч орнуудыг сонгож байсан юм.
2025 онд өрнөж буй худалдааны дайны одоогийн байдал
2025 оны хоёрдугаар сарын 1-нд Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бүх импортын бараанд 10 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргасан. Тэрээр үүнийгээ худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах, дотоодын үйлдвэрүүдийг хамгаалах зорилготой гэж тайлбарласан. Харин Хятад улс АНУ-аас импортолж буй нүүрс болон шингэрүүлсэн байгалийн хийн татварыг 15 хувиар нэмэгдүүлж, түүхий нефть, хөдөө аж ахуйн техник, том оврын автомашинд 10 хувийн татвар ногдуулсан.
  • Хятад улс Google компанийн эсрэг ажиллагаа эхлүүлж, түүнд хамаарах зарим үйлчилгээг хязгаарлах арга хэмжээ авч байна. Мөн тус улс өндөр технологийн салбарт чухал нөлөө бүхий эрдэс баялгийн экспортоо хязгаарлах бодлого хэрэгжүүлж эхэлсэн.
  • Худалдааны маргаан технологийн салбарт хүндхэн цохилт өгч, АНУ, Хятадын хамтын ажиллагаанд тулгуурладаг олон үйлдвэрлэлийн салбар доголдолд орох эрсдэл үүсээд байна.
Шинжээчид энэхүү хурцадмал байдал удаан үргэлжилбэл дэлхийн зах зээлд тогтворгүй байдал үүсгэж, олон улсын худалдаанд сөрөг үр дагавар авчирна гэж анхааруулж байна.
АНУ-БНХАУ-ын худалдааны дайн Монгол Улсад хэрхэн нөлөөлсөн бэ?
Америк-Хятадын худалдааны дайн Монгол Улсад шууд бус боловч эдийн засгийн гол салбар болох уул уурхай, худалдааны салбарт ихээхэн нөлөө үзүүлсэн. Учир нь Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувь нь БНХАУ руу гардаг бөгөөд Хятадын эдийн засгийн уналт Монголын эдийн засагт шууд туссан юм.
Уул уурхай ба экспорт
Монгол Улсын гол түүхий эд болох нүүрс, зэс, төмрийн хүдрийн эрэлт буурсан. БНХАУ-ын аж үйлдвэрлэл буурснаар Монголын нүүрсний импортын хэмжээ буурах эрсдэлтэй тулгарсан. Гэсэн хэдий ч Хятад улс АНУ-аас нүүрс импортлохоос татгалзсан тул манай улс бага зэрэг ашиг хүртсэн тал бий. Худалдааны дайн дэлхийн зах зээл дээр зэсийн үнийг тогтворгүй болгосноос үүдэж Оюу толгой зэрэг томоохон уурхайнуудын орлого тодорхой хэмжээнд буурсан. Зэс нь Хятадын аж үйлдвэрийн гол түүхий эд тул Хятадын эдийн засгийн удаашрал Монголын экспортод сөргөөр нөлөөлсөн.
Валютын ханш ба инфляц
Түүнчлэн, дэлхий даяар эдийн засгийн тодорхойгүй байдал үүссэн нь төгрөгийн ханшийг сулруулах томоохон хүчин зүйл болов. Хятадаас импортолдог барааны үнэ өссөнөөс үүдэж Монголд инфляц нэмэгдсэн.
Монгол дахь хөрөнгө оруулалт
Хятадын эдийн засаг саармагжсан учраас Монголд оруулах хөрөнгө оруулалт багасаж, дэд бүтэц, уул уурхайн салбарт орох байсан Хятадын хөрөнгө оруулалтууд тодорхойгүй байдалд орсон. Гэвч зарим барууны хөрөнгө оруулагч Хятадаас илүү Монголыг тогтвортой бүс гэж үзсэнээр жижиг хэмжээний хөрөнгө оруулалт нэмэгдсэн.
Худалдааны логистик, тээврийн хүндрэл
Уг худалдааны дайн дэлхийн далайн тээвэр, логистикийн зардлыг нэмэгдүүлсэн нь манай улсад ч мөн адил тодорхой нөлөө үзүүлсэн. Монгол Улсын гадаад худалдаа Тяньжин боомтоор дамждаг учраас АНУ-Хятадын маргаан гадаад худалдааны зардлыг нэмэгдүүлэв.
Хөдөө аж ахуйн экспорт
Америк-Хятадын худалдааны дайн Хятадыг шинэ хүнсний нийлүүлэгч хайхад хүргэсэн бөгөөд тухайн үед Монголын мах, сүүний бүтээгдэхүүний экспортод боломж гарсан ч дэд бүтэц, үйлдвэрлэл хангалттай хөгжөөгүй гэх шалтгаанаар уг боломжоо бүрэн ашиглаж чадаагүй билээ.
Америк-Хятадын худалдааны дайн Монгол Улсад голчлон сөрөг нөлөө үзүүлсэн хэдий ч энэ үйл явдал Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, Хятадаас хэт хамааралтай байдлаа бууруулах хэрэгцээг улам тодотгож өгсөн. Ирээдүйд Монгол Улс экспортын зах зээлээ олон талт болгох, дэд бүтцээ хөгжүүлэх шаардлагатай гэдгийг энэхүү худалдааны дайн харуулсан гэж хэлж болно.
Худалдааны дайны Монголд үзүүлэх нөлөөллүүд
Дональд Трампыг ерөнхийлөгчийн бүрэн эрхээ эхлүүлснээс хойш эрчимжиж байгаа худалдааны дайн Монгол Улсад эрсдэл, боломж аль алиныг нь авчрах магадлалтай. Манай улсын эдийн засаг БНХАУ-аас хэт хамааралтай учраас Хятадын эдийн засгийн ямар ч доголдол Монголд шууд нөлөө үзүүлэх нь дамжиггүй.
  • Хятадын эдийн засаг удааширч, үйлдвэрлэл, барилгын салбар саармагжвал Монголын түүхий эдийн эрэлт буурахаас гадна нүүрс, зэс, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг бууруулах эрсдэлтэй. Түүнчлэн Оюу толгой, Эрдэнэс Тавантолгой зэрэг томоохон уурхайнуудын орлого буурч болзошгүй.
  • Хятад импортын эх үүсвэрээ төрөлжүүлснээр Монголд эерэг эсвэл сөрөг нөлөөтэй байж болно. Хэрэв Хятад Америк, Австрали зэрэг улсаас татдаг нүүрс, зэсийн импортоо багасгавал Монгол Улс уг түүхий эдүүдийг илүү их хэмжээгээр экспортлох боломж бүрдэх боломжтой. Гэхдээ дэлхийн зах зээлд эрэлт буурвал эсрэгээрээ энэ боломж Монголд ашиггүй байж болно.
  • Хэрэв худалдааны дайн урт хугацаанд үргэлжилбэл юанийн ханш сулрах таамаг бий. Цаашлаад төгрөгийн ханшийг сулруулж, манай улсын импортын барааны үнийг нэмэгдүүлэх магадлалтайгаас гадна үүний үр дүнд инфляц өсөж, амьдралын өртөг нэмэгдэж болзошгүй.
  • АНУ-ын худалдааны хатуу бодлого дэлхийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг хүндрүүлэх эрсдэл бий. Үүнээс үүдэн Монголын экспорт, импортын тээврийн зардал нэмэгдэж, бараа нийлүүлэлтийн хугацаа удаашрахаас гадна экспортын ашиг буурах эрсдэлтэй.
  • Хэрэв Хятадын эдийн засаг хүндэрвэл Монголд оруулах дэд бүтэц, уул уурхайн хөрөнгө оруулалт буурах магадлалтай бөгөөд төмөр зам, авто зам, уурхайн төслүүд удаашрах эрсдэл дагуулах юм.
  • Мөн Хятад улс АНУ-аас татдаг хүнсний бүтээгдэхүүний импортоо багасгавал Монгол улс махны экспортоо нэмэгдүүлэх боломж гарч ирнэ. Гэхдээ энэ нь Монголын махны үйлдвэрлэл Хятадын чанарын болон нийлүүлэлтийн стандартыг хангаж чадахаас хамаарна.
Богино хугацааны эрсдэл: Экспортын орлого буурах, төгрөгийн ханш суларч, инфляц өсөх, Хятадын хөрөнгө оруулалт багасах.
Урт хугацааны боломж: Хятад улс АНУ-аас хамаарлаа багасгахыг хүсвэл Монголын нүүрс, зэс, махны экспорт өсөх боломжтой.
Худалдааны дайны сөрөг нөлөөллөөс сэргийлэхийн тулд Монгол Улс дараах арга хэмжээг авах шаардлагатай. Үүнд:
  • Худалдаагаа төрөлжүүлэх (Энэтхэг, Япон, Европтой харилцаагаа өргөжүүлэх)
  • Дэд бүтцээ сайжруулах (Орос, Хятад руу төмөр замын холболтоо нэмэгдүүлэх)
  • Дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх (гадаадаас импортлох хамаарлаа бууруулах)
Америк-Хятадын худалдааны дайн улам ширүүсвэл Монгол Улс эдийн засгийн том сорилтуудтай тулгарах магадлалтай. Гэсэн хэдий ч зөв бодлого хэрэгжүүлбэл шинэ боломжуудыг ашиглаж, худалдааны шинэ зах зээлүүдтэй харилцаагаа өргөжүүлэх боломж ч бий.
Эх сурвалж:
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн