АН-аас УИХ-д гишүүнээр сонгогдсон нэр бүхий гишүүд эрх барьж буй Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Хамтарсан Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргаж байгаагаа мэдэгдэж, УИХ-ын гишүүдийг өөрийнх нь бланкан дээр гарын үсэг зурахыг уриалсан. Үүний дараа УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсгээ зурсан билээ.
Амралтын өдрүүдэд МАН-аас нэр дэвшсэн, тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Харвардад сурч байхдаа танилцсан О.Батнайрамдал, Б.Уянга тэргүүтэй хүмүүс Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахыг дэмжихгүй, гарын үсэг зурахгүй гэдгээ мэдэгдэв.
Мөн АН-ын дарга Л.Гантөмөр энэ Засгийн эсрэг байгаа намынхаа гишүүдэд хариуцлагын асуудал яригдана гэдгийг анхаарууллаа.
АН-ын дарга Л.Гантөмөр: УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу асуудал хэтэрхий сэтгэл хөдлөлөөр хандаж байна. Яг үнэндээ Ардчилсан нам засаг төр, их ажлаас зугтах сонирхол нам дотор байхгүй. Өнгөрсөн долоо хоногт манай намы Улс төрийн зөвлөл хурлаа хийж, энэ жилийн улс төрийн зураглалаа гаргасан. АН-ын байр суурь бол энэ засгийн бат бөх байдлыг хадгалах ёстой. Ер нь иймэрхүү байдлаар сэтгэл хөдлөлөөр Засгийн газрыг огцруулахаар хөдөлдөг л дөө. Үүний үр дүнд Засгийн газарт янз бүрийн хөдөлгөөн бий болдог. Энэ тогтворгүй байдлын үр дагавар бол өнөөдрийн утаа, түгжрэл юм.
Ч.Лодойсамбуу гишүүн намын дүрэм, бүлгийн дүрмээ дагах ёстой. Дээр нь Хамтарсан Засгийн газрын гэрээ гэдэг зүйл байна. АН дотор ч, намын дарга тойрсон ямар нэгэн бүлэг байхгүй. Ч.Лодойсамбуугийн сэтгэлийн хөөрлөөр үүсгэсэн асуудал улс орны хөгжлийг боомилох вий гэсэн зовинол байна.
Ер нь Улс төрийн зөвлөлийн хурлаа хийж, Засгийн газрын бодлогын эсрэг байгаа гишүүдэд ямар хариуцлага тооцохоо ярина. Ялангуяа Ж.Баярмаа гишүүн Засгийн газрын бодлогыг олон удаа эсэргүүцэж байгаа. хамтарч байгаа нь буруу гэж үзэж байна. Нэгэнт олонхоороо шийдсэн асуудлыг бусад нь хүндэтгэх нь өөрөө улс төрийн намын соёл ш дээ. Зай гарах болгонд бодлого унагаж, миний зөв гэж ханддаг хандлага буруу.
АН-ын даргын энэхүү байр суурийг хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарласан, мөн УИХ-ын гишүүний бүрэн эрхэт халдсан бүдүүлэг үйлдэл гэж шүүмжлэх нэгэн цөөнгүй байна.
Тухайлбал, АН-ын гишүүн, Нийслэлийн АН-ын дарга асан Э.Бат-Үүл: Нам ардчилсан байхын утга учрыг ойлгохгүй мунхаглаж буй коммунист Гантөмөрийг намаас хөөх ёстой. Ардчиллыг, Ардчилсан намаар арга хэмжээ авахуулж, намыг маань шившиглэх гэж байна, тэр! Лодойсамбуу, Баярмаа нараа хамгаалан тэмцээрэй гэжээ.