Монгол Улсын 25 дахь аварга О.Хангай улс, аймгийн цолтой бөхчүүдийн заалны барилдааны 38 дахь түрүүгээ хүртлээ. Тэрээр заалны барилдаанд хамгийн олон удаа түрүү хүртсэн бөх юм. Түүнийг бөх сонирхогчид “Хаалтгүй” бөх хэмээн хүндэтгэн, хайрладаг. Бөх тайлбарлагчид ч О.Хангай аварга нэг удаа унасан хүндээ дахин унах нь ховор хэмээн түүний ур чадвар, барилдааны техникийг магтан ярьдаг. Тэрээр өнгөрсөн жил заалны 14 барилдаанд зодоглож, найм түрүүлсэн бол өнөө жилийг ч мөн өнгөтэй эхлүүлж байна. Оргихын Хангай нь өдгөө 35 настай, Ховд аймгийн Буянт суманд төрсөн. Түүний аав Оргих улсын аварга тариаланч, ээж Баярлах нь нярав хийдэг аж. Ээж, аав нь аль аль нь бөхийн удамтай. Түүний ээжийг Засагт ханы хөх харчуудын нэг, алдарт Шаравын Батсуурь аваргын удмын хүн гэдэг. О.Хангай нь айлын ганц хүү. Ингээд түүний бөхийн карьерын замналыг дурдъя.
Залуу бөхөөс улсын аварга хүртэлх замнал
О.Хангайгийн бөхийн карьер 2010 онд эхэлжээ. Тухайн жил ХААИС-ийн төгсөх ангийн оюутан байсан тэрээр сумынхаа наадамд ямар ч бэлтгэлгүйгээр барилдаж, сумын начин цолыг хүртсэн байна. Тухайн үед аавынх нь төрсөн дүү Алтанбагана “Миний дүү сайн бөх болж магадгүй. Сайн бөх болоорой” гээд зодог, шуудаг авч өгсөн гэдэг. Тэр өвлөө Улсын заан Ц.Мягмарсүрэнд шавь орж, Ховд бөхийн дэвжээнд бэлтгэл хийх болсон аж. Ингээд дараа жил нь сумынхаа наадамд дахин хүч үзэж, түрүүлээд сумын заан цол хүртсэн байна.
Үүний дараа 2012 онд аймгийнхаа наадамд барилдахдаа үзүүр түрүүнд аймгийн арслан Н.Батсайхантай барилдаж, үзүүрлэн Аймгийн заан цол хүртсэн. Дараа жилийнх нь наадам буюу 2013 оны Ховд аймгийн наадамд тэрээр түрүүлсэн билээ. Харин 2014 оны Цагаан сарын барилдаанд үзүүрлэж бөх сонирхогчдын хараанд өртөж эхэлсэн байдаг.2014 оноос л улсын наадамд цол хүртэнэ гэх таамагт багтаж байсан О.Хангай 2017 онд шууд л Улсын харцага цол хүртэв. Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадамд улсын заан Б.Пүрэвсайханаар дөрөв, улсын арслан Э.Оюунболдоор тав, аймгийн арслан Б.Сериктэй тунан барилдаж, зургаа даван шөвгөрч "Улсын харцага" цолыг хүртсэн түүхтэй. Түүнчлэн, 2022 онд харцага цолоос харайж улсын аварга болсон. О. Хангай нь Ховд нутгаас 82 жилийн дараа төрсөн төрийн наадмын түрүү бөх, анхны Улсын аварга цолтон гэдгээрээ онцлогтой. Түүний амжилт үүгээр зогсохгүй хаа хүрэхийг түүний хичээл зүтгэл, хөдөлмөр харуулах биз ээ.