Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Өмнөд Солонгосын бүх нисэх буудалд шувуу илрүүлэх камер суурилуулна

Өмнөд Солонгосын бүх нисэх буудалд шувуу илрүүлэх камер суурилуулна
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 8
Өнгөрөгч оны онгоцны ослын улмаас Өмнөд Солонгосын эрх баригчид 2026 оноос эхлэн бүх нисэх онгоцны буудлууддаа шувуу илрүүлэх камер, дулааны дүрслэлийн радар суурилуулах тушаал гаргахаа мэдэгдлээ.
Өнгөрсөн долоо хоногт мэргэжилтнүүд Boeing 737-800 онгоцны хоёр хөдөлгүүрээс өд, цусны толбо илэрснийг мэдээлж, онгоц шувуу мөргөсөн байх магадлалтай гэсэн нотолгоотой болсноо зарласан. Одоогоор ослын мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд онгоц яаралтай буулт хийсний дараа мөргөсөн нисэх зурвасын төгсгөлд байрлах бетонон байгууламж болон шувуу мөргөсөн эсэх асуудалд гол анхаарлаа хандуулж байна.
Камер байрлуулах шинэ төлөвлөгөөг нисэх онгоцны буудлуудын аюулгүй байдлын тусгай шалгалтын нэг хэсэг болгон зарласнаас гадна шувуудыг татдаг байгууламжийн иж бүрэн судалгааг хийжээ. "Бүх нисэх онгоцны буудлууд дор хаяж нэг дулааны дүрсний камертай байна" гэж яамны мэдэгдэлд дурдаад ирэх онд ашиглалтад оруулахаар зорьж байгаагаа хэлжээ.
Түүнчлэн "Шувуу илрүүлэх радарыг бүх нисэх онгоцны буудалд суурилуулснаар хол зайд байгаа шувуудыг эрт илрүүлж, нислэгийн аюулгүй байдлын хяналтыг сайжруулах боломжтой болно" гэж Солонгосын Газрын яам пүрэв гарагт мэдэгдсэн юм.
Шувуу илрүүлэх радар нь шувуудын хэмжээ, нисэх замыг тодорхойлж, энэ мэдээллийг агаарын хөдөлгөөний удирдлагын цамхаг руу дамжуулдаг. Мөн бүх нисэх онгоцны буудал дор хаяж нэг дулааны дүрслэлийн камертай байх ёстой гэж тус яам нэмж онцолжээ. Одоогоор зөвхөн дөрвөн нисэх онгоцны буудал ийм камераар тоноглогдсон бөгөөд шувуу илрүүлэх радар байгаа эсэх нь тодорхойгүй байна. Хогийн цэг гэх мэт шувуудыг татдаг газруудыг нисэх онгоцны буудлуудаас холдуулах шаардлагатай гэж Засгийн газар мөн мэдэгдэв.
Өнгөрсөн сард Өмнөд Солонгос бүх нисэх онгоцны буудалд шалгалт хийсний дараа долоон нисэх онгоцны буудлын нислэгийн зурвасын аюулгүй байдлыг сайжруулах ажил хийхээр болсон юм. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч нисэхийн аюулгүй байдлын шинжээчид онгоц газардах үед мөргөсөн байгууламж байгаагүй бол амиа алдсан хүний тоо бага байх байсан гэж үзэж байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн