Манай улсад өнгөрсөн оны нэгдүгээр сард 28 мянган гадаад жуулчин ирж байсан бол 2025 оны нэгдүгээр сарын байдлаар 33 мянган гадаад жуулчин зочилжээ. Гадаад жуулчдын хувьд БНСУ 3424, Япон 617, Казахстан 873, Беларус 506, АНУ 467, Турк 440, Герман 386 гэх мэт улсуудаас ирсэн байна.
Манай улс аялал жуулчлалын салбараа дэмжих зорилгоор "Монголд зочлох жил"-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд өвлийн аялал жуулчлалыг сурталчлах ажлыг олон улсад эрчимтэй хийж байгаа юм. Тухайлбал, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр "Хөх сувд" мөсний баярыг 2025 оны хоёрдугаар сарын 13-23-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн юм.
2024 онд “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” нэгдсэн брэндинг дор гадаад сурталчилгаа хийсний үр дүнд Монгол Улсын талаарх эерэг сэтгэгдэл 82 хувиар өсжээ. 2024 оны аравдугаар сарын байдлаар манай улс 680 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлого олсон нь 70 жилийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болсон. Энэ нь цар тахлын өмнөх үеэс 40 хувиар өссөн үзүүлэлттэй байжээ. Тиймээс өнгөрсөн онд “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, дотоодын эдийн засгийг дэмжих томоохон алхам болсон.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас манай улсыг аялал жуулчлалын нөөцөөр “үнэ цэнтэйд орох газар” хэмээн дүгнэж, Монгол орныг жуулчдад аюулгүй, найдвартай орны тоонд оруулсан байдаг.
Гадаадын зорчигчид 32 хувиар нэмэгджээ
Улсын хилээр орсон зорчигчдын 76 хувь нь Монгол Улсын иргэд, 23 хувь нь гадаад улсын иргэд байна. Улсын хилээр орсон Монгол Улсын иргэд өмнөх оноос 35.5 хувь, гадаад улсын иргэд 32.6 хувь тус тус нэмэгджээ.
2024 онд Монгол Улсын хилээр нэвтэрсэн нийт зорчигчдын тоо:
• Хилээр орж ирсэн зорчигчдын тоо 3.5 сая
• Хилээр гарсан зорчигчдын тоо 3.6 сая аж. Монгол Улсын хилээр нэвтэрсэн гадаад зорчигчдын дийлэнх хувийг Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийнхан эзэлж байгаа юм.
Мөн улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 29.6 хувийг БНХАУ-ын иргэд, 26.2 хувийг ОХУ-ын иргэд, 22.6 хувийг БНСУ-ын улсын иргэд, 3.1 хувийг Япон улсын иргэд, 2.9 хувийг Казахстан улсын иргэд 2.1 хувийг АНУ-ын иргэд, 13.5 хувийг бусад улсын иргэд эзэлж байгаа юм.
Монгол Улсын хилээр 2024 онд орсон гадаадын зорчигчдын 89.5 хувь нь 30 хүртэл хоног, 0.3 хувь нь 60-аас дээш хоног, 1 хувь нь 90 хүртэл хоног, 9 хувь нь 90-ээс дээш хоногоор зорчжээ.
Манай улсаас гадаад улс руу зорчсон иргэд 2024 онд 34.7 хувиар өсөхөд БНХАУ руу зорчсон иргэдийн тоо 42.9 хувь, ОХУ руу 17 хувь, БНСУ руу 15 хувь, Япон руу 20.9 хувиар тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж нэг сая жуулчин хүлээн авах, салбарын орлогыг нэг тэрбум 200 сая ам.доллар буюу ДНБ-ий 11.5 хувьд хүргэх томоохон зорилтыг тавьсан.