УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал бэлтгэж байгаа талаараа мэдэгдлээ.
Тэрээр угаарын хийд хордож амь насаа алдсан иргэдийн асуудалд хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байгаа. Өчигдөр угаарын хийд хордож, ар гэрийнхнээ бүгдийг алдаж, орь ганцаараа үлдсэн хүү мэдээлэл хийсний дараа нийгмээрээ сайжруулсан шахмал түлшинд угаартаж нас барсан иргэдийн асуудлыг хөндөж, хариуцлага нэхэж байна. Үүнтэй зэрэгцэн нэр бүхий хаягнаас хүүгийн ээжийг архины хамааралтай байсан, хүүг өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан тухай цагдаагийн байгууллагын мэдээллийг цацсан нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байна.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах тухай албан бичгээ боловсруулж байна. Албажуулахаас өмнө Ерөнхий сайдыг өөрөө улсын Ерөнхий сайд хүн шиг мэдэгдэл хийхийг хүлээж байна" гэлээ.
Хэрвээ УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулах санал гаргавал хамгийн багадаа 32 гишүүн дэмжиж гарын үсэг зурснаар уг асуудлыг хэлэлцэх боломжтой болно.