УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Ямар үндэслэлээр Ерөнхий сайдыг огцруулах ёстой гэж үзэж байгааг тодрууллаа. Тэрээр “Ч.Лодойсамбуу гишүүний бланкан дээр гарын үсэг зурна. Учир нь хамгийн сүүлийн жишээ гэхэд хэдхэн хоногийн өмнө бүхэл бүтэн нэг гэр бүл байхгүй болчихлоо. Сүүлийн үед амрах гэж хэвтээд амь насаа алддаг боллоо. Амиа алдсан хүмүүсийг архичин, үлдсэн хүмүүсийг хулгайч байсан гэж цоллож байна. Энэ бол бүгд Засагтай холбоотой. Сонсголын үеэр утаанд 10 их наяд, 5 их наяд, нэг их наяд төгрөг зарцуулсан гэж олон тоо ярьсан. Яг хэдэн төгрөгийг татвар төлөгчдийн халааснаас болон гаднын улсаас зээл тусламжаар аваад утаанд зарцуулсан бэ гэдэг тоогоо мэдэхгүй байна. Мөн энэ түлшнээс болоод хэдэн хүн нас барсан бэ гэдэг тоо нь ч тодорхойгүй байна. НҮБ-ын олон улсын судалгаан дээр агаарын бохирдлын дам нөлөөгөөр жилд 7159 хүн нас барьсан гэсэн дүн гарсан байна. Энэ бол аймшигтай тоо. Үүнээс харахад Засгийн газрын үйл ажиллагаа зөв үү, энэ их мөнгийг утаанд хийсгэх биш утаагаа арилгах ёстой байсан. Гэтэл үүний үр дүн гарсангүй. Иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна. Төр иргэдийнхээ эрхийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа л явуулах ёстой. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр би гишүүдийн гарын үсэг цуглуулж үзсэн. Яг үнэндээ амаргүй юм билээ. Үр ашиггүй төсөв байна гэдгийг дэмжиж 21 гишүүн л гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын оруулж ирсэн төсвийг эсэргүүцэж 21-хэн хүн гарын үсэг зурсан. Тэгэхээр өөрийг нь огцруулахыг дэмжиж хэдэн хүн гарын үсэг зурахыг үнэхээр таашгүй. Гэхдээ УИХ Засгийн газрын томилдог. Тэр утгаараа Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, дүгнэх ёстой. Улс төрийн зориг гаргаж, өргөсөн тангарагтаа үнэнч байх хэрэгтэй” гэлээ.