Дэлхий даяар эрчим хүчний шилжилт хурдацтай ядагдаж байгаа энэ цаг үед чухал ашигт малтмалын эрэлт олон улсын зах зээлд эрчимтэй өсөж байна. Тэгвэл сүүлийн жилүүдэд онцгойлон яригдах болсон чухал ашигт малтмал гэдэгт аж үйлдвэр, дэвшилтэт технологи, батлан хамгаалах, сэргээгдэх эрчим хүч зэрэг олон салбарт зайлшгүй шаардлагатай ч нийлүүлэлт нь хязгаарлагдмал байдаг стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялаг багтдаг аж. Зэс, лити, никель, кобальт, газрын ховор элемент, хөнгөн цагаан зэрэг чухал ашигт малтмал нь салхин турбин, нарны зайн хавтан, цахилгаан соронзон мотор, пуужингийн технологи, нисэх онгоц зэрэг олон үйлдвэрлэл, технологийн чухал бүрэлдэхүүн хэсэг болдог.
Ойрын жилүүдэд чухал ашигт малтмалын тогтвортой нийлүүлэлт эрчим хүчний тогтолцооны аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг шинжээчид олонта дурдах болсон. Гэвч уг салбар дахь өнөөгийн хангамж хангалттай байгаа мэт харагдавч, эрэлт өсөхийн хэрээр энэ байдал өөрчлөгдөж болзошгүй байна. Тэр ч байтугай чухал ашигт малтмалын зах зээл дэх төвлөрөл бусад томоохон түүхий эдийн зах зээлтэй харьцуулахад урьд өмнө байгаагүй хэмжээнд өснө гэсэн тооцоо гарчээ.
Цэвэр эрчим хүчний хэрэглээнд тулгуурласан чухал ашигт малтмалын эрэлт 2023 онд огцом өссөн. Жишээлбэл, тус онд литийн хэрэглээ 30 хувиар өссөн бол никель, кобальт, бал чулуу болон газрын ховор элементийн эрэлт 8-15 хувиар өссөн байна. Хэдийгээр эрэлт өссөн ч зах зээлд үнийн уналт ажиглагдсан бөгөөд литийн үнэ 75 хувиар буурч, никель, кобальт, манган, бал чулууны үнэ 30-45 хувийн уналттай байжээ. Үүнээс харахад зах зээлийн тогтворгүй байдал, нийлүүлэлтийн сүлжээг олон төрөл болгох шаардлага үүсэж байна. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний шилжилтийн чухал ашигт малтмалын нийт зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 325 тэрбум ам.долларт хүрч, төмрийн хүдрийн зах зээлтэй ойролцоо түвшинд хүрчээ.
Хэрэв улс орнууд өөрсдийн зарласан эрчим хүч, уур амьсгалын зорилтуудаа бүрэн хэрэгжүүлбэл чухал ашигт малтмалын эрэлт хэрэгцээ 2030 он гэхэд хоёр дахин, 2040 он гэхэд гурав дахин нэмэгдэж, жил бүр бараг 35 сая тоннд (мт) хүрнэ гэсэн судалгаа гарсан байна.
Дэлхийн чухал ашигт малтмалын тэргүүлэгч улсууд
Хятад улс чухал ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, нийлүүлэлтээрээ дэлхийн томоохон тоглогчдын нэг гэдгээрээ алдартай. Харин АНУ, Европ, Австрали, Канад зэрэг улсууд Хятадаас хараат бус нийлүүлэлт бий болгох стратеги хэрэгжүүлдэг. Түүнчлэн, Хятад улс газрын ховор элементүүдийн 70 хувийг олборлож, 90 хувийг боловсруулдаг бөгөөд АНУ, Австрали, Канад зэрэг орнууд Хятадаас хараат бус байхын тулд олборлолт, боловсруулалтаа нэмэгдүүлж байна.
Индонез улс дэлхийн хамгийн том никелийн нийлүүлэгч бөгөөд хөрөнгө оруулалт, боловсруулалтаа жил ирэх тусам нэмэгдүүлж байгаа билээ. Тэгвэл Өмнөд Америкийн Чили, Перу улсууд чухал ашигт малтмалын уурхайд гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр татдаг. Канадын компаниудын хувьд хамгийн чухал бай нь Чили, Их Британи, Австрали зэрэг улсууд юм. Харин АНУ-ын компаниудын эзэмшдэг уурхайнуудын гадаад дахь хамгийн том байршил Перу улсад бий.
АНУ, Европ, Япон зэрэг орнууд Хятадаас чухал ашигт малтмалын хувьд хараат байдлыг бууруулахын тулд түншлэл байгуулж байгаагаас гадна Австрали, Канад зэрэг орнууд түүхий эдийг экспортлохоос гадна боловсруулах үйлдвэр байгуулах бодлого барьж байна. Мөн олон улсад ашигласан батарейнаас лити, никель, кобальт гарган авах технологи эрчимтэй хөгжиж байгаа юм. Доор чухал ашигт малтмалын олборлолт, борлуулалт, нийлүүлэлтээрээ тэргүүлдэг 5 улсын жишээг орууллаа.
БНХАУ 2023 онд дэлхийн галийн 98 хувь, магнийн 88 хувь, вольфрамийн 80 хувийг дангаараа олборлосон. Түүнчлэн дэлхийн хэмжээнд хөнгөн цагаан, лити, кобальт зэрэг эрдэс баялгийн 50-иас дээш хувийг боловсруулдаг боловсруулалтын хүчирхэг сүлжээтэй улс юм. Мөн газрын ховор элемент, манганийн 90 хувь, бал чулууны 100 хувийг дангаараа боловсруулж байна.
Тус улс төрөөс дэмжсэн зээлүүдийн тусламжтайгаар чухал ашигт малтмалын салбарт давамгайллаа тогтоосон нь гайхах зүйл биш ажээ. Учир нь 2000-2021 онд БНХАУ-ын банкнууд 57 тэрбум ам.долларын зээл олгож, 19 орны уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан байдаг. Голчлон цахилгаан машины батарей, нарны хавтангийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулсан байгаа юм.
Чухал ашигт малтмалын зах зээлд Хятад улс газрын ховор элементийн дахин боловсруулалт, шинэ материалын технологи дээр анхаарч, импортыг бууруулах стратеги баримталж байна. Түүнчлэн Хятадын уул уурхайн компаниуд Африк, Латин Америк, Зүүн Өмнөд Ази, Австрали зэрэг газарт томоохон төслүүдэд хөрөнгө оруулж, хангамжийн тогтвортой байдлаа баталгаажуулж байна.
Канад улс ховор болон чухал ашигт малтмалын арвин нөөцтэй бөгөөд олборлолт, боловсруулалтын салбараа стратегийн түвшинд хөгжүүлж буй дэлхийн томоохон тоглогчдын нэг юм. Кобальт, бал чулуу, лити, никелийн арвин нөөцтэй барууны цөөхөн орны нэг болох Канад улс 2022 оны байдлаар гадаадад жилд 508 сая тонн, дотооддоо 118 сая тонн олборлолт хийж, чухал ашигт малтмалын уурхайнуудын жагсаалтыг тэргүүлж байв.
Төрийн бодлогоор литийн олборлолт, газрын ховор элементүүдийн үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлж байгаагаас гадна АНУ, Европ, Япон, Өмнөд Солонгосын компаниуд Канадын EV батарей, уул уурхайн салбарт хөрөнгө оруулж байна.
Чили улс дэлхийн зэсийн нийт олборлолтын 27 хувийг хангадаг. Эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машин, өндөр технологийн салбарт зэсийн эрэлт өсөж байгаа нь Чилийн дэлхийн зах зээл дэх байр суурийг улам бэхжүүлж байна. Тус улс 2030 он гэхэд жилд 250,000 тонн лити үйлдвэрлэх зорилготой бөгөөд уул уурхайн салбараа тогтвортой, байгальд ээлтэй хөгжүүлэхийг зорьж, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах, хөрөнгө оруулалтыг татах чиглэлд анхаарч байна.
Цахилгаан автомашины батарей болон бусад технологид чухал үүрэг гүйцэтгэдэг кобальтын дэлхийн гол эх үүсвэрийг Конго улс гэж үздэг. Учир нь тус улс дэлхийн зах зээлд кобальтын нийлүүлэлтээр тэргүүлдэг.
Лити, никель, газрын ховор элемент зэрэг олон төрлийн стратегийн эрдэс баялгаар дэлхийд тэргүүлдэг тус улсын хувьд хүчин чадал өндөр, найдвартай олборлолт, боловсруулалтын салбартай. Австрали улс эрчим хүчний шилжилтэд чухал ашигт малтмалын тэргүүлэх нийлүүлэгч бөгөөд барууны орнуудын Хятадаас хараат бус байдлыг нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байна. Лити, газрын ховор элемент, никель, кобальтын үйлдвэрлэл цаашид ч өсөх төлөвтээ байгаа юм.
GlobalData компанийн эрчим хүчний шинжээч Барбара Монтеррубио Energy Monitor-т өгсөн ярилцлагадаа:
"Яах аргагүй Хятад, АНУ, Австрали эдийн засгийн хувьд хүчирхэг төдийгүй ашигт малтмалын нөөц, уул уурхайн салбарт тэргүүлж байна. Эдгээр улс хэд хэдэн салбарын нэмүү өртгийн сүлжээг хянаад зогсохгүй эрчим хүчний шилжилтийн олон салбарын гол түүхий эд болсон ашигт малтмалын арвин нөөцтэй. Иймээс цаашид эдгээр ашигт малтмалын үнийг тодорхойлох гол тоглогч байх болно. Тэр ч байтугай томоохон нөөцтэй бусад улс орнууд хүртэл олборлолт явуулахын тулд эдгээр гурван гүрний хөрөнгө оруулалт, технологийн мэдлэг туршлагад түшиглэх шаардлагатай болно" гэжээ.
Дэлхийн хэд хэдэн томоохон компаниуд ойрын хэдэн жилд ашиглалтад орсон уурхайнхаа тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа талаар GlobalData компаниас мэдээллээ. Энэ дунд Канад улс төлөвлөсөн чухал уурхайнуудын нийт хүчин чадлаараа тэргүүлж байна. Харин Австрали, Чили зэрэг улс орнуудын компаниуд уурхайн өмчлөлөө өргөжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Эрэлт ба зах зээлийн чиг хандлага
Хөнгөн цагаан: Шинжээчид хөнгөн цагааныг 2025 онд хамгийн өндөр үзүүлэлттэй үндсэн металлаар тооцож, нэг тонн үнэ нь 6.3 хувиар нэмэгдэж 2573.50 ам.доллар болно гэж таамаглаж байна. Энэхүү өсөлт нь бүтцийн хангамжийн хязгаарлалт, ялангуяа Хятадын хайлуулах үйлдвэрийн хүчин чадлын дээд хязгаартай холбоотой аж.
Никель: Цахилгаан автомашины үйлдвэрлэлийн өсөлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор 2025 онд никелийн эрэлт өсөх төлөвтэй байна. Үнийн хувьд, 2024 оны бууралтын дараа 2025 онд сэргэж, тогтвортой өсөх хандлага ажиглагдаж байна.
Зэс: Америкийн хөрөнгө оруулалтын “UBS” банкны шинжээчид 2025 онд зэсийн үнэ тонн тутамд 10,500 ам.доллар, 2026 онд 11,000 ам.долларт хүрнэ гэж үзэж байна.
Экспортын хяналт: Хятад улс гянт болд зэрэг ашигт малтмалын экспортыг саяхан хязгаарласан нь Хятадын үйлдвэрлэгчдийн хувьцааны өсөлт зэрэг зах зээлийн шууд хариу үйлдэл үзүүлэхэд хүргэсэн. Үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн ийм арга хэмжээ авснаар нийлүүлэлтийн хязгаарлалт үүсэж, улмаар үнийн өсөлтөд хүргэдэг.
Худалдааны хурцадмал байдал: Дэлхий дахинд, ялангуяа томоохон эдийн засагтай орнуудын хооронд үргэлжилж буй худалдааны маргаан нь чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд нөлөөлөх төлөвтэй байна. Зах зээлийн оролцогчид нийлүүлэлтийг тасалдуулж, үнэд нөлөөлж болзошгүй бодлогын өөрчлөлтийг анхааралтай ажиглаж байна.
Технологийн болон бодлогын хөгжил
Цахилгаан тээврийн хэрэгсэл: АНУ-ын засаг захиргаа цахилгаан машины зорилтоо хүчингүй болгосон зэрэг бодлогын өөрчлөлтийг үл харгалзан дэлхийн хэмжээнд цахилгаан автомашины эрэлт нэмэгдсээр байна. Энэ ч утгаараа батарейны үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай лити, кобальт, никель зэрэг чухал ашигт малтмалын хэрэгцээ өссөөр байна гэж дүгнэж болно.
Стратегийн санаачилгууд: Улс орнууд импортын хараат байдлаа бууруулж, чухал ашигт малтмалын дотоодын хайгуул, олборлолт, боловсруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж байна.
Технологийн дэвшил, эрчим хүчний шилжилтээс үүдэлтэй эрэлт хэрэгцээ хүчтэй хэвээр байгаа ч нийлүүлэлтийн хязгаарлалт, геополитикийн хүчин зүйлүүд нь үнэ, хүртээмж зэрэгт нөлөөлж болзошгүй тодорхой бус байдлыг бий болгох нь бий. Сэргээгдэх эрчим хүчний өсөлтөөс хамаарч чухал ашигт малтмалын зах зээл хурдацтай хөгжиж байгаа боловч үнийн тогтворгүй байдал, нийлүүлэлтийн төвлөрөл, геополитикийн нөлөө зэрэг сорилтууд тулгарч байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх нь тогтвортой, найдвартай нийлүүлэлтийг бий болгоход чухал үүрэгтэй юм.
Дээр дурдсан улсууд дэлхийн чухал ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, нийлүүлэлтэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна. Цаашид энэ зах зээлд геополитикийн нөлөөлөл, хөрөнгө оруулалтын чиг хандлага, технологийн хөгжлийг дагаж өөрчлөлт гарах магадлалтай байгаа юм.